Monday, November 23, 2009

Санхүүгийн тайланд тодруулга хийх заавар

Тайланд тохируулга хийх арга
                       

                                                                                        Сангийн сайдын 2004 оны
        248 тоот тушаалын
          1 дүгээр хавсралт



АЖ АХУЙН НЭГЖ, байгууллагын Санхүүгийн тайлан,
тодруулгыг бэлтгэх заавар

Нэгдүгээр бүлэг: НИЙТЛЭГ ЗҮЙЛ

1.   Санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэх зааврын зорилго нь өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагууд нийтлэг зориулалттай санхүүгийн тайланг бэлтгэх аргыг тодорхойлоход оршино.

2.  Энэ заавар нь Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад нийцүүлэн, аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан гаргах, тодруулга бэлтгэх зарчим, зохион байгуулалт, бүтэц, хөрөнгийн үнэлгээ зэрэг асуудлыг тусгана. Мөн аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн мэдээллийг цуглуулах, бүртгэх, тайлагнах ажлын зохион байгуулалт, арга зүйн үндэс болно.

3.    Энэ зааврыг бүх аж ахуйн нэгжүүд мөрдөнө. Харин даатгал, банк болон түүнтэй адилтгах санхүүгийн байгууллагын санхүүгийн тайлан бэлтгэх зааврыг НББОУС 30-д заасан шаардлагууд ба энэ заавартай нийцүүлэн эрх бүхий байгууллагаас тусгайлан баталж мөрдүүлнэ.

4.    Энэ зааварт Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт (СТОУС), Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт (НББОУС) гэсэн хоёр үгийг адил чанартайгаар ойлгоно.

5.    Аж ахуйн нэгж, байгууллагууд жилийн санхүүгийн тайланг “А” маягтаар, улирлын санхүүгийн тайланг “Б” маягтаар гаргана. Дөрөвдүгээр улирлын тайланг жилийн тайлантай нэгтгэн гаргана.

6.    Санхүүгийн тайланг “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуульд заасан хугацаанд гаргаж, холбогдох бүртгэл санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв буюу орон нутгийн байгуулагад тушаана.

1. Санхүүгийн тайлангийн зорилт

1.1    Санхүүгийн тайлангийн зорилго нь гадны болон дотоодын хэрэглэгчдийг эдийн засгийн шийдвэр гаргахад нь шаардагдах, тухайн байгууллагын санхүүгийн байдал (хөрөнгө, өр төлбөр, эздийн өмч), санхүүгийн үр дүн (орлого, үр дүн), санхүүгийн байдалд гарсан өөрчлөлт (мөнгөн гүйлгээний) -ийн талаарх мэдээллээр хангахад чиглэгдэнэ.
1.2    Санхүүгийн тайланг хугацаанд нь үнэн зөв гаргах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгжийн удирдлага хүлээнэ.


2. Санхүүгийн тайланг бэлтгэх зарчим

2.1    Санхүүгийн тайлан бэлтгэхдээ дараах ерөнхий зарчмыг баримтлана. Үүнд:
 
2.1.1      Санхүүгийн тайланг энэ заавар болон Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартын бүх шаардлагад нийцүүлэн гаргахын тулд аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нягтлан бодох бүртгэлийн бодлогыг боловсруулан мөрдвөл зохино.
2.1.2      Аж ахуйн нэгжийг татан буулгах, үйл ажиллагааг зогсоох нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд санхүүгийн тайланг тасралтгүй байх зарчмаар гаргана.
2.1.3      Аж ахуйн нэгж, байгууллага нь санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь дээр үндэслэн бэлдэнэ.
2.1.4      Санхүүгийн тайлан дахь зүйлүүдийн толилуулга ба ангиллыг нэг үеэс дараагийн үед тогтвортой хадгална.
2.1.5 Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь өмнөх үеийн болон бусад байгууллагын санхүүгийн тайлантай зэрэгцүүлэх боломжтой байна.
2.1.6      Санхүүгийн тайланд материаллаг зүйлсийг тусад нь толилуулна. Материаллаг бус дүнтэй зүйлүүдийг шинж чанар буюу үүргийн нь дагуу  ижил зүйлүүдийн дүнтэй нэгтгэн толилуулж болно.
2.1.7      Энэ заавар болон Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын холбогдох Стандартаар цэвэр дүнг гаргахыг шаардсан буюу зөвшөөрснөөс бусад тохиолдолд хөрөнгө ба өр төлбөрийг цэвэр дүнгээр тайлагнахгүй.
2.1.7      Зөвхөн дараах тохиолдолд орлого ба зардлыг цэвэр дүнгээр тайлагнана:
(а)   Энэ заавар болон Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт (НББОУС) -аар түүнийг шаардсан буюу зөвшөөрсөн;
(б)   Адилхан буюу ижил төстэй ажил гүйлгээ, үйл явдлаас үүссэн олз, гарз ба холбогдох зардал нь материаллаг бус байх.
2.1.8      Энэ заавар болон НББОУС-ад өөрөөр зөвшөөрсөн буюу шаардаагүй бол санхүүгийн тайланд тусгагдсан өмнөх ба тайлант үеийн бүх тоон мэдээллийг тодруулах хэрэгтэй. Тайлант хугацааны санхүүгийн тайланг ойлгомжтой болгохын тулд зэрэгцүүлэгдэх мэдээлэлд хүүрнэсэн ба тайлбарласан мэдээллийг оролцуулна.

3. Санхүүгийн тайлан, түүний хавсралтууд

3.1    Санхүүгийн тайлан доорх бүрэлдэхүүн хэсэгтэй байна. Үүнд:
        
3.1.1      Баланс
3.1.2      Орлогын тайлан
3.1.3      Өмчийн өөрчлөлтийн тайлан
3.1.4      Мөнгөн гүйлгээний тайлан
3.1.5      Нягтлан бодох бүртгэлийн бодлого ба нэмэлт тодруулга

4. Санхүүгийн нэгдсэн тайлан

4.1    Толгой компани нь өөрийн болон охин компанийхаа санхүүгийн тайлангийн тоо мэдээг нэгтгэж нэгдсэн тайлан бэлтгэнэ.
4.2    Нэгдсэн тайлан бэлтгэхдээ НББОУС 27 болон Санхүү, эдийн засгийн сайдын 2000 оны 99 тоот тушаалаар батлагдсан “Нэгдсэн санхүүгийн тайланг бэлтгэх, охин компанид оруулсан хөрөнгө оруулалтын бүртгэлийн заавар”-ыг мөрдөнө.
     
5. Нягтлан бодох бүртгэлийн данс

5.1    Санхүүгийн тайлан бэлтгэж гаргах заавар, нягтлан бодох бүртгэлийн дансны үлгэрчилсэн зааврыг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллага өөрийн онцлогт тохирсон дансны жагсаалтыг гарган мөрдөнө.

6. Санхүүгийн тайлангийн үзүүлэлтийн нэгж

6.1    Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд Монгол улсын мөнгөн тэмдэгт - төгрөгөөр илэрхийлэгдсэн байна. Том аж ахуйн нэгж, байгууллага нэгдсэн санхүүгийн тайлангийн мөнгөөр илэрхийлсэн үзүүлэлтийг мянгачилж болно. Мянгачилсан тухай тэмдэглэлийг хүснэгт бүрд хийнэ.

Хоёрдугаар бүлэг : Баланс
                                    
7. Баланс

7.1    Аж ахуйн нэгж бүр өөрийн үндсэн үйл ажиллагааны шинж чанарт үндэслэн эргэлтийн ба эргэлтийн бус хөрөнгө болон богино хугацаат, урт хугацаат өр төлбөрийг санхүүгийн тайланд ангилан, тодорхой нэг хугацаагаар (сар, улирал, жил) тасалбар болгон толилуулна. Аж ахуйн нэгж нь хөрөнгө ба өр төлбөрийг түүний богино хугацаанд хөрвөх чадвараар нь дараалуулж толилуулбал зохино.
7.2    Аж ахуйн нэгж, байгууллага нь хөрөнгө, өр төлбөрийн зүйл тус бүрийн хувьд балансын өдрөөс хойшхи 12 сарын дотор авахаар эсвэл төлөхөөр хүлээгдэж байгаа, мөн арван хоёр сараас цаашхи хугацаанд авахаар эсвэл төлөхөөр хүлээгдэж байгаа дүнг хоёуланг тодруулах хэрэгтэй.
7.3    Улирлын тайланг жилийн эхнээс өссөн дүнгээр гаргах ба эхний үлдэгдэл нь тухайн тайлагнаж буй хугацааны биш, санхүүгийн тайлант жилийн эхний үлдэгдэл байна.


8. Балансын зүйлсийн ангилал ба баланс бэлтгэх

8.1    Балансын зүйлүүдийг хөрөнгө, өр төлбөр, эзэмшигчдийн өмч гэж ангилна.
     
а )  Хөрөнгийг дараах байдлаар ангилна.
Эргэлтийн хөрөнгө                                                                                                                                                                                                 
Эргэлтийн бус хөрөнгө
б )  Өр төлбөрийг дараах байдлаар ангилна.
Богино хугацаат өр
Урт хугацаат өр
в )  Эзэмшигчдийн өмчийн ангилал :
Өмч, хувьцаа
Нэмж төлөгдсөн капитал
Хуримтлагдсан ашиг
Эзэмшигчдийн өмчийн бусад хэсэг
8.2    Хөрөнгө, өр төлбөр, эзэмшигчдийн өмчийг балансад зохих үнэлгээгээр нийт дүнгээр үзүүлнэ.
8.3    Нэг жил хүртэлх хугацаанд ашиглагдах хөрөнгийг эргэлтийн, түүнээс дээш хугацаагаар ашиглагдах хөрөнгийг эргэлтийн бус хөрөнгө гэж ангилна.
8.4    Хөрөнгийг хөрвөх чадвараар нь, өр төлбөрийг төлөгдөх хугацаагаар нь дэс дараалуулан балансад тусгана.
8.5    Өмчтэй холбоотой ажил гүйлгээнээс бий болсон нэмж төлөгдсөн капитал, аж ахуйн үйл ажиллагаанаас үүссэн хуримтлагдсан ашгийг балансад тусад нь үзүүлнэ.

9. Эргэлтийн хөрөнгө

9.1    Дараах тохиолдолд хөрөнгийг эргэлтийн хөрөнгө гэж үзнэ:
(а)     аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны циклийн хэвийн нөхцөлд ашиглахаар хүлээгдэж байгаа, эсвэл худалдан борлуулахаар эзэмшиж байгаа;  эсвэл
(б)     үндсэндээ худалдах зориулалттай юмуу богино хугацаатай эзэмшиж байгаа бөгөөд тайлангийн өдрөөс хойш арван хоёр сарын дотор ашиглахаар хүлээгдэж байгаа;  эсвэл
(в)     ашиглалтад нь ямар нэг хязгаар тавигддаггүй мөнгө болон мөнгөтэй адилтгах хөрөнгө.
9.2    Эргэлтийн хөрөнгийг дараах байдлаар ангилж болно. Үүнд :
9.2.1      Мөнгө ба түүнтэй адилтгах зүйлс:  Кассад байгаа болон банкин дахь харилцах дансанд байгаа үндэсний мөнгө, гадаад валют, тусгай зориулалт бүхий мөнгөн сан, мөнгөтэй адилтгах бусад зүйлс (чек, цахим карт, сертификат гэх мэт), бэлэн мөнгөний хугацаагүй болон 3 сар хүртэл хугацаатай хадгаламж хамрагдана.
9.2.2.     Богино хугацаат хөрөнгө оруулалт : Нэг жилийн дотор түргэн борлогдох үнэт цаасаарх хөрөнгө оруулалт, 3 ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламж хамаарна.
9.2.3      Дансны авлага : Бизнесийн үндсэн үйл ажиллагааны явцад бараа, бүтээгдэхүүн борлуулсан эсвэл үйлчилгээ үзүүлсэний төлөө худалдан авагч ба захиалагчаас авах авлага хамаарна.
9.2.4      Векселийн авлага : Энэ нь тодорхой өдөр, тодорхой дүн бүхий мөнгийг төлнө гэсэн худалдан авагчийн амлалтын бичиг юм. Вексел нь хүүтэй ба хүүгүй байж болно.
9.2.5      Бусад авлага : Нэг жилийн хугацаагаар байгууллага, хүмүүст өгсөн зээл, аж ахуйн үндсэн үйл ажиллагаатай холбогдолгүй үүссэн авлага болон дээрхи ангилалд багтаагүй  авлагуудыг бусад авлага гэсэн хэсэгт үзүүлнэ.
9.2.6      Найдваргүй авлагын хасагдуулга : Найдваргүй авлагын хасагдуулгыг зээлээр борлуулсан төлөгдөөгүй байгаа авлагын дүн, эсвэл борлуулалтын орлогын дүнгээс тодорхой хувиар тооцно. Хэдэн хувиар тооцохыг аж ахуйн нэгж, байгууллага өөрсдийн өмнөх ажиллагааны туршлагадаа тулгуурлан тогтоож, бүртгэлийн бодлогодоо тусгаж, мөрдөнө.
9.2.7      Бараа материал : Бараа материалд дараах хөрөнгө орно:
(a)   бизнесийн хэвийн үйл ажиллагааны үед худалдан борлуулахаар эзэмшиж байгаа хөрөнгө
(б)   худалдан борлуулах зорилгоор үйлдвэрлэлийн дамжлагад байгаа зүйлс
(в)   үйлчилгээ үзүүлэхэд хуваарилагдах эсвэл хэрэглэгдэх материал буюу хангамжийн зүйлс хэлбэрээр байгаа;
Үйлчилгээний байгууллагын хувьд бараа материал нь орлого хэмээн хүлээн зөвшөөрөөгүй байгаа үйлчилгээний өртгөөс бүрдэж болно.
Бараа материалыг дараах байдлаар ангилна. Үүнд :
9.2.7.1      Түүхий эд материал:  Үндсэн түүхий эд, туслах материалыг бүртгэнэ. Балансад эдгээрийг худалдаж авсан үнэ болон тээвэрлэх, олж бэлтгэхэд гарсан зардлын нийлбэр дүн буюу өртгөөр нь бүртгэнэ.
9.2.7.2      Дуусаагүй үйлдвэрлэл: Энэ нь бэлэн бүтээгдэхүүн болон хагас боловсруулсан үйлдэхүүнийг бий болгох үйл явцыг хамаарна.
9.2.7.3      Бараа, бэлэн бүтээгдэхүүн: Борлуулах зориулалттай үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, бусад үйлдвэрлэсэн зүйлс бэлэн бүтээгдэхүүнд хамрагдана.
            Худалдан борлуулах зорилгоор гадны байгууллага, хүмүүсээс олж бэлтгэсэн зүйл (бараа, ачуулсан бараа, агентад ачуулсан бараа ба бусад зүйл)-үүд бараанд хамрагдана. Бизнесийн үйл ажиллагаанд ашиглахгүй цаашид борлуулах зориулалттай газар, хөрөнгө, барилга ба бусад үндсэн хөрөнгийн шинжтэй зүйлүүдийг бараа гэдэг ойлголттой адилтгаж болно.
9.2.7.4      Хагас боловсруулсан бүтээгдэхүүн: Үйлдвэрлэлийн шат дамжлага нь дуусаагүй байгаа үйлдэхүүн энд хамаарна.
9.2.7.5      Хангамжийн материал: Аж ахуйн үйл ажиллагаанд шаардагдах цаашдаа зардал болгох хангамжийн материал, шууд зарцуулагдах багаж хэрэгсэл, хөдөлмөр хамгааллын хувцас, бусад хангамжийн шинжтэй зүйлүүд хангамжийн материалд орно.
9.2.8      Мал, амьтад : Аж ахуйн нэгжийн туслах аж ахуйн зориулалтаар өсгөн үржүүлж байгаа мал, амьтадыг эргэлтийн хөрөнгөнд хамааруулан мал, амьтад гэсэн хэсэгт бүртгэнэ.
9.2.9      Урьдчилсан  төлбөрүүд : Бараа, түүхий эд материал, бусад зүйлсийг худалдан авахаар олгосон урьдчилгааны дүнг урьдчилж төлсөн тооцоонд хамааруулна.
Тухайн тайлант хугацаанд хамааруулан зардал гэж зөвшөөрч бүртгэхээс өмнө төлбөрийг нь урьдчилж төлсөн зардлыг (даатгал, түрээс г.м) балансын хөрөнгийн зүйл ангид хамааруулж, урьдчилж төлсөн зардал гэж үзүүлнэ. Ийм төрлийн зардлыг дараагийн тайлант үеүдэд зардалд шингээнэ. 

10. Эргэлтийн бус хөрөнгө

10.1 Үндсэн хөрөнгө гэдэг нь дараах биет хөрөнгө :
)   бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний үйлдвэрлэлт буюу нийлүүлэлтэнд, бусдад түрээслэхээр эсвэл захиргааны зориулалтаар ашиглаж буй аж ахуйн нэгжийн эзэмшиж  байгаа; ба
(б)   нэгээс дээш тайлангийн хугацааны туршид ашиглагдахаар хүлээгдэж  байгаа хөрөнгө юм.
10.2 Үндсэн хөрөнгийг дараах байдлаар ангилна.
10.2.1 Газар: “Газрын тухай” хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагад өмчлүүлсэн буюу худалдаж авсан бөгөөд энэ нь үл хөдлөх хөрөнгийн эрх бүхий байгууллагад бүртгэгдэж, гэрчилгээ авсан газрыг зохих журмын дагуу үнэлсэн үнээр балансад тусгана.
10.2.2 Барилга : Бүх төрлийн барилга, түүний бүрэлдэхүүнд хамрагдах халаалт, усны, агааржуулалтын, цахилгааны систем зэрэг орно. Барилгаас сантехник, агааржуулалт, халаалт, цахилгааны гэх мэт бүрдэл хэсгүүдийг үнэлэн дансанд бүртгэж болно.
10.2.3 Байгууламж : Зам, гүүр, янз бүрийн талбай зэрэг дэд бүтцийн шинжтэй зүйлүүд орно.
10.2.4 Машин, тоног төхөөрөмж : Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай бүх төрлийн машин, тоног төхөөрөмжөөс гадна дамжуулах төхөөрөмж, нэмэгдэл төхөөрөмжүүд хамрагдана.
10.2.5 Тээврийн хэрэгсэл : Бүх төрлийн тээврийн хэрэгслүүд
10.2.6 Багаж хэрэгсэл: Нэг жилээс дээш хугацаанд ашиглагдах багаж, хэрэгслийг үзүүлнэ.
10.2.7 Тавилга эд хогшил : Нэг жилээс дээш хугацаанд ашиглагдах тавилга, аж ахуйн эд хогшил хамрагдана.
10.3 Бусад үндсэн хөрөнгө : Дээрх зүйлүүдэд дурьдагдаагүй үндсэн хөрөнгийг бусад хөрөнгө гэсэн хэсэгт үзүүлнэ.
10.4 Дуусаагүй барилга : Барьж байгуулж байгаа барилгын шууд материал, шууд цалин, нэмэгдэл зардлуудыг дуусаагүй барилга гэсэн зүйл ангиар бүртгэнэ.
10.5 Мал, амьтад : Хөдөө аж ахуйн үндсэн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжийн үндсэн сүргийн мал, амьтадыг үндсэн хөрөнгөнд хамааруулан мал, амьтад гэсэн нэрээр бүртгэнэ.
10.6 Үндсэн хөрөнгийн хуримтлагдсан элэгдэл : Бүх төрлийн (газраас бусад) үндсэн хөрөнгөнд элэгдэл тооцно. Үндсэн хөрөнгийн элэгдлийг шулуун шугамын аргаар тооцно. Байгуулсан элэгдлийг хуримтлагдсан дүнгээр нь балансад харуулна. Балансад үндсэн хөрөнгийг анхны үнэ болон үлдэгдэл өртгөөр тусгана. Анхны өртгөөс хуримтлагдсан элэгдлийг хасаж үлдэгдэл өртгийг тодорхойлно.
10.7 Биет бус хөрөнгө : үйлдвэрлэсэн бараа, үзүүлсэн  үйлчилгээ эсвэл  түрээслэх болон удирдлагын зорилгоор ашиглагдах биет шинж чанаргүй, тодорхойлж  болохуйц  мөнгөөр илэрхийлэгдсэн хөрөнгө юм.
     
Биет бус хөрөнгийг дараах байдлаар ангилна:
10.7.1 “Гүүдвилл” – Худалдан авсан тодорхойлогдох цэвэр хөрөнгийн өртөг нь түүний зах зээлийн үнээс давсан зөрүү дүнг хэлнэ.
10.7.2 “Патент” - Тодорхой нэрийн бүтээгдэхүүнийг патентын хуулийн дагуу баталгаажуулж өгсөн онцгой эрхийг хэлнэ.
10.7.3 “Зохиогчийн эрх” - Тодорхой хугацаанд хуулийн дагуу зохиогчид олгосон эрхийг хэлнэ.
10.7.4 “Зохион байгуулалтын зардал” - Компанийг үүсгэн байгуулахтай болон үйл ажиллагааг шинэчлэн өөрчлөхтэй холбогдон гарсан зардлыг хэлнэ
10.7.5 “Барааны тэмдэг” - Бараа бүтээгдэхүүний нэр, тэмдэг болон бусад онцгойлон адилтгах зүйлийг зохион бүтээхэд гарсан зардлыг хэлнэ.
10.7.6 “Бусад” - дээрхээс бусад биет бус хөрөнгө хамаарна
10.8 Биет бус хөрөнгийн хуримтлагдсан элэгдэл : Биет бус хөрөнгийн элэгдлийг өөр зохистой арга байхгүй байгаа тохиолдолд шулуун шугамын аргаар тооцно.

10.9 Хөрөнгө оруулалт ба бусад хөрөнгө : Эргэлтийн хөрөнгийн ангилалд хамрагдаагүй хадгаламж, бонд, хувьцаа, өөр компанид хувь нийлүүлсэн хөрөнгө, урт хугацаатай зээлийн авлага зэргийг “Хөрөнгө оруулалт ба бусад хөрөнгө “ гэсэн хэсэгт харуулна.

11. Богино хугацаат өр төлбөр

11.1 Дараах тохиолдолд өр төлбөрийг богино хугацаат өр төлбөр гэж үзнэ:
(а)     аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны циклийн хэвийн нөхцөлд төлбөр нь барагдахаар хүлээгдэж байгаа; эсвэл
(б)     балансын өдрөөс хойш арван хоёр сарын дотор төлбөр нь барагдах ёстой байх.
11.2 Богино хугацаат өр төлбөрийг балансад дараах байдлаар ангилж бүртгэнэ. Үүнд :
11.2.1 Дансны өглөг : Бизнесийн үндсэн үйл ажиллагааны явцад гэрээтэй бэлтгэн нийлүүлэгчдээс зээлээр худалдан авсан бараа, хангамжийн зүйлс, үйлчилгээний үнийн төлөгдөөгүй үлдэгдлийг энэ хэсэгт тусгана.
11.2.2 Векселийн өглөг : Тодорхой төлбөрийг тогтоосон нэг өдөр төлөхөөр амласан амлалтын бичгийг векселийн өглөг гэнэ. Энэ нь борлуулалт, зээл санхүүжилт болон бусад ажил гүйлгээнд хэрэглэгдэж болно.
11.2.3 Цалингийн өглөг : Ажилчин албан хаагчидад өгөх цалин,бусад хэлбэрийн хөдөлмөрийн хөлсний өглөгийг энэ хэсэгт
11.2.4 Орлогын татварын өглөг : Аж ахуйн нэгж, байгууллага нь “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн дагуу тооцсон ба тухайн тайлант хугацааны эцэст төсөвт төлөөгүй байгаа татварын дүнг энд тусгана. Улирал ба жилийн эцэс дэхь төлөгдөөгүй татварын үлдэгдэл нь татварын байцаагчаар хянуулж, баталгаажуулсан үлдэгдэлтэй тэнцүү байна.
11.2.5 Хүн амын орлогын албан татварын өглөг : Цалингаас суутгасан хүн амын орлогын албан татварын тайлант хугацааны эцэст төлөгдөөгүй үлдэгдлийг тооцон энэ хэсэгт тусгана.
11.2.6 Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг : Цалингаас суутгасан нийгмийн ба эрүүл мэндийн даатгалын шимтгэл, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн тайлант хугацааны эцэст төлөгдөөгүй үлдэгдлийг тооцон энэ хэсэгт тусгана.
11.2.7 Мөнгөн ногдол ашгийн өглөг : Удирдах эрх бүхий байгууллагын шийдвэрээр хувьцаа эзэмшигчдэд төлөхөөр компаниас зарласан ногдол ашгийг энэ дансаар бүртгэж, тайлагнана. Гэхдээ зөвхөн мөнгөн хэлбэрийн ногдол ашгийн тайлант хугацааны эцэс дэх төлөгдөөгүй үлдэгдлийг богино хугацаат өр гэж үзэж тусгана.  
11.2.8 Банкнаас авсан богино хугацаат зээл : Богино хугацаагаар буюу нэг жилээс доош хугацаанд төлөхөөр авсан зээлийг богино хугацаат өр  гэж үзэж энэ хэсэгт тусгана.
11.2.9 Хойшлогдсон татварын өглөг : Сангийн сайдын 1997 оны 429 тоот тушаалаар батлагдсан “Санхүүгийн болон татварын тайлангийн хоорондын уялдааг зохицуулах тухай” журмын дагуу тооцогдож, эрх бүхий байгууллагаас хойшлуулахаар шийдвэрлэсэн татварын өглөгийн дүнг хэлнэ.
11.2.10  Бусад өглөг : Худалдан авагч байгууллагатай хийх бараа, бэлэн бүтээгдэхүүний үнийн илүү төлөлт, бизнесийн үндсэн үйл ажиллагаанаас өөр чиглэлээр үүссэн өглөг,  бизнесийн үйл ажиллагааны явцад үүссэн төрөл бүрийн суутгалууд, зардалд шингээж тооцсон төлөгдөөгүй өглөг, тайлангийн хугацаанд хамрагдах урт хугацаатай өглөгийн хэсэг, тайлангийн хугацаанд төлөгдсөн боловч үр дүн нь дараагийн тайлангийн үед тодорхойлогдох өглөгийг энэ хэсэгт тусгана.          
11.2.11  Урьдчилж орсон орлого : Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ үзүүлэхээс өмнө тэдгээрийн үнийг худалдан авагч, эсвэл захиалагчаас урьдчилан хүлээн авсан тохиолдолд хүлээн авсан мөнгөний хэмжээгээр богино хугацаат өр үүсгэж энэ хэсэгт тусгана. Уг өрийг бараа, үйлчилгээ үзүүлсэн үедээ хааж, бараа үйлчилгээний орлогод бүртгэнэ.
      
11.3 Тодорхой шийдвэрийг үндэслэн тайлангийн жилд хорогдолоор тооцох, богино хугацаат өглөгтэй холбогдсон үнэлгээний хасагдуулгыг “Богино хугацаат өглөгийн хасагдуулга” гэсэн хэсэгт хасах тэмдэгтэйгээр үзүүлнэ.

12. Урт хугацаат өглөг

12.1 Урт хугацаат өглөгийг балансад дараах байдлаар ангилан үзүүлнэ.
а.   Нэг жилээс дээш хугацаанд төлөгдөх вексель,бонд, зээл зэрэг  өглөгийн  дүнг “Урт хугацаат векселийн өглөг”, “Урт хугацаат бондын өглөг”, “Урт хугацаат зээл” гэсэн хэсэгт
б.   Дээр дурьдагдаагүй өглөгийг “Бусад урт хугацаат өглөг” гэсэн хэсэгт
Урт хугацаат өглөгийн тайлант үед ноогдох хэсгийг богино хугацаат өр төлбөр гэсэн хэсэг рүү шилжүүлнэ.
12.2 Тодорхой шийдвэрийн дагуу тооцсон урт хугацаат өглөгийн хорогдлыг “Урт хугацаат өглөгийн хасагдуулга” гэсэн хэсэгт хасах тэмдэгтэй үзүүлж, урт хугацаат өглөгийн цэвэр дүнг гаргана.

13. Эзэмшигчдийн өмч

13.1 Аж ахуйн нэгжийн төрлөөс хамаарч өөрийн хөрөнгө нь Хувьцаат компани болон  ХХК –ийн хувьд гаргасан буюу хувь нийлүүлэгчдийн худалдан авч эзэмшсэн хувьцаа, Нөхөрлөлийн хувьд гишүүдийн хувь хөрөнгө, Хоршооны хувьд хоршоологчдын хувь нийлүүлсэн хөрөнгө гэж нэрлэх бөгөөд эдгээрийг балансад “Эзэмшигчдийн өмч” гэсэн хэсэгт төрийн болон хувийн өмч гэсэн нэрээр ангилж бүртгэнэ. Компанийн гаргасан энгийн болон давуу эрхийн хувьцааны тоо, нэгж хувьцааны нэрлэсэн үнэ, нийт үнийн дүнг балансад тусгана.
13.2 Нэмж төлөгдсөн капитал : Хувьцаат компанийн гаргасан хувьцааны зах зээлийн үнэ нэрлэсэн үнээсээ илүү байвал нэрлэсэн үнээс давж байгаа зах зээлийн үнийг нэмж төлөгдсөн капитал гэж нэрлэдэг. Харин хувьцааны нэрлэсэн үнэ зах зээлийн үнээс өндөр байгаа үед нэмж төлөгдсөн капиталын данс нь сөрөг тохируулах данс болно.
13.3 Хувьцаат компаниуд гүйлгээнд гаргасан хувьцаагаа зах зээлээс эргүүлэн худалдан авах тохиолдол байдаг. Үүнийг халаасны хувьцаа гэж нэрлэдэг. Халаасны хувьцаа нь энгийн хувьцааны сөрөг тохируулах дансны шинжтэй балансад тусгагдана. Халаасны хувьцааг өртгөөс дээгүүр болон доогуур үнээр дахин гүйлгээнд гаргах үед ашиг алдагдлыг бүртгэдэггүй. Харин гүйлгээнд гаргасан үнэ болон өртгийн зөрүүг нэмж төлөгдсөн капитал дансны дебет эсвэл кредитэд бичнэ.
13.4 Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээгээр гарсан үний өсөлтийг “Дахин үнэлгээний нэмэгдэл” гэсэн хэсэгт үзүүлнэ.
13.5 Засгийн газрын татаас, элдэв төрлийн хандив, урамшуулал зэргийг “Эзэмшигчдийн өмчийн бусад хэсэг“ гэдэгт үзүүлнэ.
13.6 Хуримтлагдсан ашиг, алдагдлыг тайлангийн ба өмнөх үеийн гэсэн ангиллаар балансад тусгана.
13.7 Цөөнхийн хувь оролцоог НББОУС 27, “Нэгтгэсэн санхүүгийн тайлан ба охин компани дахь хөрөнгө оруулалтын бүртгэл”-ийн дагуу тооцоолно.

14. Хөрөнгийн үнэлгээ

14.1 Хөрөнгийг анхны өртгөөр нь балансад тусгана. Анхны өртөг нь хөрөнгийг олж бэлтгэхэд гарсан зардлын нийлбэрээс бүрдэнэ.
14.2 Хөрөнгийг олж бэлтгэхэд гарсан зардлыг дараагийн үеүдэд хувиарлах арга нь тухайн хөрөнгийн мөн чанараас хамааран өөр өөр байж болно.

15. Үндсэн хөрөнгийн үнэлгээ

15.1 Бүх төрлийн үндсэн хөрөнгийг үйлдвэрлэлийн өртөг буюу хөрөнгийг худалдан авсан үнэ дээр түүнийг олж бэлтгэхтэй холбогдсон зардлыг нэмсэн нийт үнээр дансанд бүртгэнэ. Үндсэн хөрөнгийг хөрөнгө оруулалтын, арилжаа солилцооны, хандивын гэсэн хэлбэрээр олж бэлтгэж байгаа тохиолдолд хөрөнгийг доорх байдлаар үнэлнэ. 
а.   Хувь нийлүүлсэн хөрөнгийг нэгж хувьцааны тухайн үеийн зах зээлийн үнийг үндэслэн үнэлнэ.
б.   Арилжаа солилцооны болон өөр төрлөөр үндсэн хөрөнгө олж бэлтгэхэд зах зээлийн үнээр буюу худалдан авсан үнээр үнэлж бүртгэнэ.
в.   Хандиваар хүлээн авсан хөрөнгийг түүнийг хүлээн авсан үеийн зах зээлийн үнээр үнэлж бүртгэнэ.
15.2 Элэгдлээрээ анхны өртгөө бүрэн нөхсөн боловч цаашид ашиглагдаж байгаа үндсэн хөрөнгийн, анхны өртөг ба хуримтлагдсан элэгдлийг уг хөрөнгийг данснаас хасах хүртэл  балансад харуулна. Ингэхдээа анхны өртгөөс хуримтлагдсан элэгдлийг хассан үлдэгдэл өртгөөр нь балансын нийт хөрөнгийн дүнд оруулна.

16. Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ

16.1 Хөрөнгийг дахин үнэлэх журмын дагуу үндсэн хөрөнгөнд дахин үнэлгээ хийсэн дүнгээр балансад тусгана.
16.2 Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдсэн хэмжээгээр “Дахин үнэлгээний нэмэгдэл” гэсэн дүн нэмэгдэнэ.

17. Үнэт цаасны үнэлгээ

17.1 Үнэт цаасыг худалдаж авах, олж бэлтгэхтэй холбогдсон зардал буюу өртгөөр нь үнэлж бүртгэнэ. Харин үнэт цаасны зах зээлийн үнэ өртгөөсөө доогуур байгаа тохиолдолд зах зээлийн үнээр үнэлж балансад бүртгэнэ.
17.2 Үнэт цаасны тухай Монгол улсын хуульд заасны дагуу үнэт цаасанд өөр хэлбэрээр үнэлгээ хийсэн тохиолдолд “Үнэлгээ хийх бусад тохиолдол” гэж үзүүлнэ.

18. Хөрөнгө оруулалтын үнэлгээ

18.1 Үнэт цаасны хөрөнгө оруулалтыг худалдаж авсан үнэ, олж бэлтгэхтэй холбогдон гарсан зардлын нийлбэрээр үнэлж бүртгэнэ.
18.2 Салбар компанид оруулсан хөрөнгө оруулалт, бондыг тухайн үед мөрдөж байгаа дүрэм журмыг үндэслэн бүртгэнэ.

      19. Биет бус хөрөнгийн үнэлгээ

19.1 Биет бус хөрөнгийг түүнийг олж бэлтгэсэн зардлаар үнэлж бүртгэнэ.
19.2 Биет бус хөрөнгийн элэгдүүлэлтийг тооцоход шулуун шугамын аргыг хэрэглэнэ.

20. Өр төлбөрийн үнэлгээ, гадаад валютын гүйлгээг бүртгэх

20.1 Өр төлбөрийг төлөх ёстой хэмжээгээр балансад тусгана.
20.2 Гадаад валютаар илэрхийлэгдсэн мөнгөн хөрөнгө, авлага болон өр төлбөрийг тайлангийн өдрийн Монгол банкны албан ханшаар төгрөгт шилжүүлж балансад тусгана.
20.3 Аж ахуйн нэгжийн гадаад валютаар хийгдсэн орлого, зарлагын ажил гүйлгээг хөрвүүлэхдээ, тухайн ажил гүйлгээ гарсан өдрийн Монгол банкны албан ханшаар хөрвүүлж бүртгэнэ.

Гуравдугаар бүлэг : Орлогын тайлан

21. Орлогын тайлан

21.1 Орлогын тайлан нь аж ахуйн нэгж, байгууллагын тодорхой хугацааны үйл ажиллагааны үр дүнг хэмждэг тайлан юм.
21.2 Дараах дүн бүхий зүйлүүдийг орлогын тайланд тусгах хэрэгтэй:
(а)   орлого;
(б)   үндсэн үйл ажиллагааны үр дүн;
(в)   санхүүжүүлэх зардал;
(г)    өмчийн аргаар бүртгэсэн хараат компани, хамтарсан үйлдвэрийн ашиг, алдагдлын хувь;
(д)   татварын зардал;
(е)   ердийн үйл ажиллагааны ашиг, алдагдал;
(ё)   онцгой шинжтэй зүйлс;
(ж)  цөөнхийн хувь оролцоо;
(з)   тухайн тайлант хугацааны цэвэр ашиг, алдагдал;
21.3 Орлого нь хүлээн авсан, эсвэл авахаар хүлээгдэж буй нөхөлтийн бодит үнэ цэнээр хэмжигдэнэ. Орлоготой холбогдож гарсан борлуулалтын өртөг, бусад зардлыг жинхэнэ гарсан хэмжээгээр нь орлого үр дүнгийн тайланд үзүүлнэ.
21.4 Орлогын тайланд зардлыг мөн чанараар нь ангилж үр дүнг тооцно.

22. Орлогын тайланг бэлтгэх
22.1 Орлогын тайланг дараах зарчмын дагуу бэлтгэнэ.
22.1.1 Тайлангийн хугацааны орлогын тайланг бэлтгэхдээ тухайн тайлангийн хугацаанд хамрагдах орлого, зарлагын ажил гүйлгээг аккруэл зарчмаар бүртгэнэ. Энэ зарчмаар орлогыг орлого олсон бөгөөд хэмжих боломжтой болсон үед, зардлыг зардал гарсан бөгөөд хэмжих боломжтой болсон үед нь бүртгэдэг. Бүтээгдэхүүнийг нийлүүлж, гадагш ажил үйлчилгээ үзүүлсэн үед орлого мөнгөөр орсон, зардал нь төлөгдсөн эсэхийг харгалзахгүйгээр орлого ба зардлыг ажил гүйлгээ гарсан тухайн үед нь хүлээн зөвшөөрдөг. Үндсэн бус үйл ажиллагааны орлого нь үндсэн үйл ажиллагааны орлогын дүнд хамаарахгүй.
22.1.2 Орлого ба зардлыг тэдгээрийн үүсэн гарч буй шалтгаанаар нь ангилна. Орлогын зүйл анги тус бүрт зардлын зүйл ангийг зохицуулах зарчмыг баримтлан бүртгэнэ.
22.1.3 Орлогын тайланд ашиг, алдагдлыг нийт ашиг (алдагдал), үйл ажиллагааны ашиг (алдагдал), татвар төлөхийн өмнөх ашиг (алдагдал), ердийн үйл ажилллагааны ашиг (алдагдал), цэвэр ашиг (алдагдал) гэж үзүүлнэ.
22.1.4 Орлогын тайланг өмнөх жилийн харьцуулагдах хугацааны тайлангийн хамт илэрхийлнэ.

23. Борлуулалтын орлого

23.1 Энэ хэсэгт бараа, үйлчилгээний борлуулалтын орлогыг тусгана. Аж ахуйн нэгж, байгууллага ямар төрлийн орлого олж байгаагаас шалтгаалан энэ хэсгийг нэрлэх хэрэгтэй. Тухайлбал үйлчилгээний компаниуд “үйлчилгээний орлого”, үйлдвэрлэл, худалдааны компаниуд “борлуулалтын орлого” гэх мэтээр нэрлэнэ.
23.2 Тайлангийн хугацаанд худалдсан бараа буюу гадагш үзүүлсэн ажил үйлчилгээг борлуулалтын орлого гэж бүртгэнэ.
23.3 Борлуулалтыг бэлэн мөнгөн, дараа тооцоогоор (зээлийн), бараа солилцооны, агентын гэж ангилна.
23.4 Борлуулалтын хорогдол ба буцаалт, борлуулалтын хөнгөлөлтийг энэ хэсэгт тусгана.
23.5 Борлуулалтын тухай нэмэлт мэдээллийг нэмж тодруулна.

24. Борлуулсан бүтээгдэхүүний өртөг

24.1 Худалдаа эрхэлдэг бизнесийн байгууллагад барааны эхний үлдэгдэл дээр тухайн хугацаанд худалдаж авсан барааны цэвэр өртгийг нэмж, түүнээс барааны эцсийн үлдэгдлийг хасаж борлуулсан барааны өртгийг тодорхойлно.
24.2 Нийт худалдаж авсан барааны дүнгээс худалдан авалтын хорогдол, буцаасан зүйлийн үнэ, худалдаж авсан барааны хөнгөлөлтийг хасаж, тайлангийн хугацаанд худалдаж авсан барааны цэвэр өртгийг тодорхойлно.
24.3 Худалдаа эрхэлдэг бизнесийн байгууллагад, худалдаж авсан барааны үнэ дээр түүний тээвэрлэлт, хадгалалтын зардлыг нэмж барааны өртгийг тооцно.
24.4 Үйлдвэр, худалдаа эрхэлдэг бизнесийн байгууллагад бүтээгдэхүүний өртгийн эхний үлдэгдэл дээр тайлангийн хугацаанд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг нэмж бэлэн бүтээгдэхүүний эцсийн үлдэгдлийн өртгийг хасаж, борлуулсан бүтээгдэхүүний өртгийг тодорхойлно.
24.5 Үйлдвэрлэлийн зардлыг шууд материал, шууд хөдөлмөр, нэмэгдэл зардал гэж ангилж бүртгэнэ. Харин бизнесийн тодорхой чиглэлүүдээр зардлын зүйл ангийн дэлгэрэнгүй бүртгэлийг хөтөлж, мэдээлэх ажлыг өртгийн бүртгэлийн хүрээнд зохион байгуулна.
24.6 Борлуулалтын өртгийн тухай нэмэлт мэдээллийг хавсралт тайлбараар үзүүлж болно.
24.7 Борлуулалтын орлого, борлуулалтын өртгийг бизнесийн үндсэн чиглэл тус бүрээр үзүүлнэ.

25. Нийт ашиг

25.1 Борлуулалтын орлогоос борлуулалтын өртгийг хасаж нийт ашгийг тодорхойлно.

26. Үндсэн үйл ажиллагаа (борлуулалт, ерөнхий удирдлага)-ны зардал

26.1 Бизнесийн үндсэн үйл ажиллагаатай холбогдож гарсан боловч борлуулалтын өртөгт хамрагдаагүй бусад зардлуудыг борлуулалтын ба ерөнхий удирдлагын зардлаар бүртгэнэ. Эдгээр зардлыг мөн үйл ажиллагааны зардал гэж нэрлэдэг.

27. Үндсэн үйл ажиллагааны ашиг

27.1 Нийт ашгаас үндсэн үйл ажиллагаа (борлуулалт, ерөнхий удирдлага)-ны зардлыг хасаж үндсэн үйл ажиллагааны ашиг (алдагдал) -ийг тооцно.

28. Үндсэн бус үйл ажиллагааны ашиг (алдагдал)

28.1 Орлогын тайлангийн энэ хэсэгт аж ахуйн нэгжийн үндсэн бус үйл ажиллагааны орлого, зардлыг ажил гүйлгээний ангиллаар цэвэр дүнгээр тайлагнана.
28.2 Үндсэн бус үйл ажиллагааны орлогод, дараах орлогууд хамаарагдана.
·         Үндсэн бус үйлдвэрлэл, үйлчилгээний ашиг, алдагдал
·         Хандивын зардал
·         Буцалтгүй тусламж
·         Зээлийн хүүгийн зардал
·         Торгууль, хөнгөлөлтийн ашиг (алдагдал)
·         Ногдол ашгийн орлого
·         Валютын ханшийн өөрчлөлтийн хэрэгжсэн ашиг (алдагдал)
·         Валютын ханшийн өөрчлөлтийн хэрэгжээгүй ашиг (алдагдал)
·         Хувьцаа бондын зардлын хорогдуулга
·         Хараат болон хамтарсан үйлдвэрээс олсон ашиг
·         Бусад

29. Татвар төлөхийн өмнөх ашиг (алдагдал)

29.1 Үндсэн үйл ажиллагааны ашиг (алдагдал) дээр үндсэн бус үйл ажиллагааны ашиг (алдагдал)-ыг нэмж (хасаж) татвар төлөхийн өмнөх ашиг (алдагдал) -ийг тооцно.



30. Орлогын татварын зардал

30.1 Тайлангийн хугацааны татвар ноогдуулах орлогын дүнд ногдуулсан татварыг энэ хэсэгт тусгана.

31. Ердийн үйл ажиллагааны ашиг (алдагдал)

31.1 Татварын дараах ашгаас цөөнхийн хувь оролцоог хассан дүнг энэ хэсэгт тусгана.
31.2 Цөөнхийн хувь оролцоог НББОУС 27-гийн дагуу тооцоолно.

32. Онцгой шинжтэй зүйлс

32.1 Дахин давтагдахгүй эсвэл байнга тохиолдохгүй бөгөөд аж ахуйн нэгжийн ердийн үйл ажиллагаанаас ялгагдах үйл явдал буюу ажил гүйлгээнээс үүссэн орлого, зардлыг холбогдох татварыг хассан цэвэр дүнгээр энэ хэсэгт тусгана.

33. Тайлант үеийн цэвэр ашиг (алдагдал)

33.1 Ердийн үйл ажиллагааны ашиг (алдагдал) дээр онцгой шинжтэй зүйлсийг нэмж тайлант үеийн цэвэр ашиг (алдагдал) -ыг тооцно.

34. Нэгж хувьцаанд ногдох ашиг (алдагдал)

34.1 Хувьцаа эзэмшигч нарт тайлагнах зорилгоор цэвэр ашгаас давуу эрхтэй хувьцаанд ногдох хэсгийг хасч гүйлгээнд байгаа нийт хувьцааны жигнэсэн дундаж тоонд хувааж, нэгж хувьцаанд ногдох ашиг (алдагдал) -ийг тодорхойлно.



Дөрөвдүгээр бүлэг : Өмчийн өөрчлөлтийн тайлан


35. Өмчийн өөрчлөлтийн тайлан
             
35.1 Өмчийн өөрчлөлтийн тайланд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын өмч, дахин үнэлгээ, валютын хөрвүүлэлт болон хуримтлагдсан ашиг зэрэг эздийн өмчийн аливаа өөрчлөлтийн хэмжээг хоёр жилээр зэрэгцүүлэн үзүүлнэ.

36. Өмчийн өөрчлөлтийн тайлангийн бүтэц
             
36.1 Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлтийн нөлөө, үндсэн алдааны залруулгыг хуримтлагдсан ашгийн эхний үлдэгдлийг залруулах замаар тусган харуулна.
36.2 Үндсэн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын дахин үнэлгээний өсөлт/бууралт болон гадаад дахь байгууллагын санхүүгийн тайланг хөрвүүлэхэд гарсан валютын ханшийн өөрчлөлтийг өмчийн өөрчлөлт гэж үзэж тайланд тусгана.
36.3 Эзэмшигчдийн өмч, нэмж төлөгдсөн капитал, бусад нөөцөд гарсан өөрчлөлтийг тухайн тайлант хугацааны эхэнд болон эцэст гэсэн байдлаар тусган харуулна.
36.4 Хуримтлагдсан ашиг (алдагдал)-ийн, өнгөрсөн оны үлдэгдэл дээр тайлангийн үеийн цэвэр ашгийг нэмж, алдагдлын шинжтэй тохируулах бичилт болон ногдол ашгийг хасах байдлаар тооцож, тайлангийн үеийн хуримтлагдсан ашиг (алдагдал)-ийн эцсийн үлдэгдлийг тодорхойлно.
36.5 Хувь нийлүүлсэн хөрөнгө ба ногдол ашиг гэх мэт хувьцаа эзэмшигчидтэй хийсэн ажил гүйлгээнээс үүссэн өөрчлөлтөөс бусад бүх өөрчлөлт нь тухайн хугацааны үйл ажиллагааны нийт олз, гарзыг илэрхийлнэ. 
36.6 Дахин үнэлгээний нөөцийг нэмэгдсэн ба хорогдсон өөрчлөлтийн нийт дүнгээр харуулна.
36.7 Нийт өмчийн эхний үлдэгдэл дээр нийт нэмэгдсэн өөрчлөлтийн дүнг нэмж, нийт хасагдсан өөрчлөлтийн дүнг хасч, өмчийн эцсийн үлдэгдлийг тодорхойлно.

Тавдугаар бүлэг : Мөнгөн гүйлгээний тайлан

37. Мөнгөн гүйлгээний тайлан

37.1 Тайлангийн хугацааны мөнгөн хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийг мөнгөн гүйлгээний тайланд хоёр жилээр зэрэгцүүлэн үзүүлнэ. Улирлын санхүүгийн тайланд өмнөх жилийн харьцуулагдах хугацааны тайланг хамт илэрхийлнэ.
37.2 Мөнгөн гүйлгээний тайланг бэлтгэхэд шууд аргыг хэрэглэнэ.

38. Мөнгөн гүйлгээний тайлангийн бүрэлдэхүүн хэсэг

38.1 Мөнгөн гүйлгээний тайлангийн үзүүлэлт дор дурьдсан хэсгээс бүрдэнэ.
а.   Үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
б.   Хөрөнгө оруулалтын ажиллагааны мөнгөн гүйлгээ
в.   Санхүүгийн ажиллагааны мөнгөн гүйлгээ
г.    Бүх цэвэр мөнгөн гүйлгээ
38.2 Мөнгөн хөрөнгийг бүрдүүлсэн эх үүсвэрийг мөнгөн орлого, мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг мөнгөн зарлага гэсэн хэсэгт үзүүлэх ба нийт мөнгөн орлогоос нийт мөнгөн зарлагыг хасч үйл ажиллагааны, хөрөнгө оруулалтын, санхүүгийн ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээг тодорхойлно.
38.3 Үйл ажиллагааны, хөрөнгө оруулалтын, санхүүгийн ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний нийлбэрээр нийт цэвэр мөнгөн гүйлгээг тодорхойлно.
38.4 Тайлант хугацааны мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдлээс эцсийн үлдэгдлийг хасаж тодорхойлсон мөнгөн хөрөнгийн цэвэр өөрчлөлт нь мөнгөн гүйлгээний тайланд тодорхойлогдсон “Бүх цэвэр мөнгөн гүйлгээ” гэсэн дүнтэй тэнцүү байна.

39. Үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ

39.1 Аж ахуйн нэгж үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг нийт мөнгөн орлого болон мөнгөн зарлагыг үндсэн ангиллаар нь илэрхийлэх шууд аргаар тайлагнана.
39.2 Шууд аргаар тодорхойлсон, нийт мөнгөн орлого болон мөнгөн зардлын үндсэн төрлийн талаарх мэдээллийг:
(а)   аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэл, тайлангаас;
(б)   борлуулалт, борлуулалтын өртөг (хүү болон түүнтэй адил төстэй орлого мөн хүүгийн зардал, санхүүгийн аж ахуйн нэгжд төлсөн адил төстэй зардал) орлогын тайлан дахь бусад зүйлүүдийг зохицуулснаас;
(в)   бараа материал, үйл ажиллагааны авлага, өглөгийн тайлант хугацааны турш дахь өөрчлөлт;
(г)    бусад мөнгөн бус зүйл;
(д)   хөрөнгө оруулалтын эсвэл санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээний дүн болж байгаа бусад зүйлсээс авч болно.
39.3 Үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг шууд аргаар тодорхойлохдоо мөнгөн орлогыг орлогын төрлөөр, мөнгөн зарлагыг зарцуулалтын зориулалтаар дэлгэрэнгүй үзүүлж үйл ажиллагааны гүйлгээг тооцно:
39.3.1 Үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлого
(а)   Борлуулалтын болон худалдан авагчдаас орсон мөнгө : Мөнгөн орлого.
(б)   Туслах үйл ажиллагаанаас орсон мөнгө
(в)   Даатгалын нөхөн олговроос хүлээн авсан мөнгө
39.3.2 Үндсэн үйл ажиллагааны мөнгөн зарлага
(а)   Ажиллагчдад олгосон мөнгө
(б)   Нийгмийн даатгалын байгууллагад төлсөн мөнгө
(в)   Түүхий, эд материал худалдан авахад төлсөн мөнгө
(г)    Ашиглалтын зардалд төлсөн мөнгө
(д)   Түлш шатахуун, тээврийн хөлс, сэлбэг хэрэгсэлд төлсөн мөнгө
(е)   Бэлтгэн нийлүүлэгчдэд төлсөн бусад мөнгө
(ё)   Төлсөн хүү
(ж)  Төлсөн орлогын татвар
(з)   Даатгалын төлбөрт төлсөн мөнгө

40. Хөрөнгө оруулалтын ажиллагааны мөнгөн гүйлгээ

40.1 Хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээ нь ирээдүйд олох орлого ба мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт хөрөнгө, нөөц бий болгоход зарцуулсан мөнгийг илэрхийлдэг.

40.2 Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн гүйлгээнд:
·         Худалдсан урт хугацаат хөрөнгийн орлого
·         Худалдаж авсан урт хугацаат хөрөнгө
·         Худалдсан хөрөнгө оруулалтын орлого
·         Худалдаж авсан хөрөнгө оруулалт
·         Хүлээн авсан хүү
·         Хүлээн авсан ногдол ашиг

40.3 Хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээ нь урт хугацаанд ашиглагдах хөрөнгө болон мөнгөтэй адилтгах хөрөнгөнд ороогүй бусад хөрөнгө оруулалтыг олж эзэмших болон худалдах үйл ажиллагааг хамрана. 

40.4 Мөнгөн гүйлгээний тайлангийн, хөрөнгө оруулалтын ажиллагааны мөнгөн орлого хэсэгт хөрөнгө оруулалт ба үндсэн хөрөнгийг худалдсаны орлогын дүнг харуулна. Хөрөнгө оруулалтын ажиллагааны зарлага хэсэгт үнэт цаас худалдан авах, бусдад зээл өгөх зэрэг хэлбэрээр урт хугацаат хөрөнгө оруулалт хийх болон үндсэн хөрөнгө худалдан авах, олж бэлтгэхэд болон капиталжих их засварт зарцуулсан мөнгөн зардлыг харуулна.  

41. Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ

41.1 Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ нь аж ахуйн нэгж, байгууллагад санхүүжилт олгосон этгээд ирээдүйд хэдий хэмжээний төлбөр нэхэмжлэх вэ гэдгийг урьдчилан тооцох боломжийг илэрхийлдэг.

41.2 Санхүүгийн үйл ажиллагаанаас үүссэн мөнгөн гүйлгээг тусад нь тайлагнаж харуулна. Энэ мэдээллийг аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчдийн ирээдүйн мөнгөн гүйлгээг сонирхох сонирхлыг урьдчилан тааварлахад ашигладаг.

41.3 Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээнд:
Гаргасан хувьцаа : хувьцаа болон бусад үнэт цааснаас орсон мөнгөн орлого;
Банкнаас авсан зээл : баталгаажаагүй бонд, зээл, вексель, бонд, барьцаалал зэрэг бусад богино ба урт хугацаат зээллэгээс орсон мөнгөн орлого
Санхүүгийн түрээсийн өглөгийн төлбөр : санхүүгийн түрээстэй холбогдон үүссэн өр төлбөрийг барагдуулахад түрээслэгчийн төлсөн мөнгөн төлбөр
Зээлийн төлөлт : зээлийг эргүүлж төлсөн мөнгө
Улсаас өгсөн санхүүжилт
Төрөл бүрийн хандив
Урт хугацаат өрийн тайлангийн хугацааны төлөлт
Мөнгөөр эргүүлж худалдаж авсан хувьцаа : аж ахуйн нэгжийн хувьцааг худалдан авсан эзэмшигчдэд төлсөн хувьцааг эргүүлж худалдан авахад төлсөн мөнгөн төлбөр
Мөнгөөр төлсөн ногдол ашиг
Хүү ба урамшууллын орлого
Валютын ханшны зөрүү

42. Мөнгөн гүйлгээний тайланд тусгагдах зарим зүйлүүд

 

42.1 Гадаад валютын мөнгөн гүйлгээ

(а) Гадаад валютаар хийсэн ажил гүйлгээний мөнгөн гүйлгээг аж ахуйн нэгжийн тайлангийн валютаар, мөнгөн гүйлгээ хийгдсэн өдрийн гадаад валют болон тайлангийн валют хоорондын солилцооны ханшинд үндэслэн тайлагнана.
(б) Гадаадын хараат компанийн мөнгөн гүйлгээг уг гүйлгээ хийгдсэн өдрөөрх тайлангийн валют болон гадаад валют хоорондын солилцооны ханшаар хөрвүүлнэ.

42.2  Онцгой шинжтэй зүйлс


Онцгой шинжтэй зүйлстэй холбоотой мөнгөн гүйлгээг үндсэн ба хөрөнгө оруулалтын эсвэл санхүүгийн үйл ажиллагааны үр дүнд үүссэн гэж ангилах ба тусдаа тайлагнана.
 
42.3 Орлогын татвартай холбоотой үүссэн мөнгөн гүйлгээний санхүүгийн болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд хамаараагүй хэсгийг үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ болгон ангилж, тусад нь харуулах ёстой.

      43. Мөнгөн бус гүйлгээ


43.1 Мөнгө ба түүнтэй адилтгах төлбөрийн хэрэгсэл шаардагдахгүй хөрөнгө оруулалт болон санхүүгийн үйл ажиллагааны гүйлгээг мөнгөн гүйлгээний тайлангаас хасна. Гэхдээ ийм гүйлгээг хөрөнгө оруулалт санхүүгийн үйл ажиллагааны талаарх зохих бүх мэдээллийг багтаасан санхүүгийн бусад тайланд харуулна.

43.2  Хөрөнгө оруулалт санхүүгийн олон төрлийн үйл ажиллагаа мөнгөн хөрөнгийн гүйлгээнд шууд нөлөөлдөггүй ч аж ахуйн нэгжийн капитал болон хөрөнгийн бүтцэд нөлөөлдөг. Мөнгөн бус гүйлгээг мөнгөн гүйлгээний тайлангаас хасахдаа тухайн мөнгөн бус гүйлгээг тайлант хугацаанд мөнгөн гүйлгээнд оруулаагүй мөнгөн хөрөнгө гэсэн заалтад нийцүүлж хийнэ.

43.3  Мөнгөн бус гүйлгээний жишээ. Үүнд:
(а)   хөрөнгийг түүнтэй холбогдон үүссэн өр төлбөрөөр нь эсвэл түрээсийн санхүүжилтээр нь олж бэлтгэх;
(б)   хувьцаа гаргаж үйлдвэрийн газрыг авах;
(в)   өрийг өөрийн капитал болгон хөрвүүлэх гэх мэт.


Зургаадугаар бүлэг : Санхүүгийн тайлангийн тодруулга


Cанхүүгийн тайлангийн тодруулгыг системтэй арга хэлбэрээр, жилийн эцсийн санхүүгийн тайланд толилуулна. Баланс, орлогын тайлан, мөнгөн гүйлгээний тайлангийн зүйл тус бүрийг тодруулна.
Аж ахуйн нэгж санхүүгийн тайлангаа дараах байдлаар тодруулна:
1.ТАНИЛЦУУЛГА

Санхүүгийн тайлангийн тэмдэглэлийн энэ хэсэгт тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нэр, эрхэлдэг үйл ажиллагааны гол чиглэл ба товч тодорхойлолт, балансын огноо, санхүүгийн тайлангийн хамарсан тайлант үе (балансын өдөр) -ийг тодруулна.

2. НЯГТЛАН БОДОХ БYРТГЭЛИЙН БОДЛОГО

Нягтлан бодох бүртгэлийн бодлого гэдэг нь бүртгэл хөтөлж, санхүүгийн тайланг бэлтгэж танилцуулах талаар тухайн аж ахуйн нэгж, байгууллагаас батлан мөрдөж байгаа бүртгэлийн тусгай зарчимууд, бүртгэж тайлагнах үед мөрдөгдөх арга, дүрэм журам, практик ажиллагаа юм. Эдгээр нь тухайн байгууллагын удирдлагаас баталсан дүрэм журамд тусгалаа олдог.

Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага өөрийн бодит нөхцөлд, ялангуяа байгууллагынхаа санхүүгийн болон үйл ажиллагааны үр дүнг аль болохуйц үнэн зөвөөр илэрхийлэхэд нийцсэн бүртгэлийн бодлогыг сонгон авч мөрдөж ажиллах ёстой. Мөрдөж буй бүртгэлийн бодлого зохистой эсэхийг үнэлж дүгнэж, бүртгэлийн бодлогодоо өөрчлөлт оруулсан бол тэр тухайгаа тодруулна.

Нягтлан бодох бүртгэлийн бодлогыг үндсэнд нь 2 ангилж тодруулга хийнэ. Үүнд :
                    а) Нягтлан бодох бүртгэлийн ерөнхий бодлого
                    б) Нягтлан бодох бүртгэлийн тусгай бодлого

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын тодруулгыг бэлтгэхдээ санхүүгийн тайланд тусгагдсан үзүүлэлтүүдийг хэрхэн бүртгэдэг аргуудаа тайлбарлах хэлбэрээр үзүүлнэ. Гэхдээ зарим зүйлсийг хүснэгтээр илэрхийлж болно.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

Аж ахуйн нэгж, байгууллага, байгууллага  нь жилийн эцсийн санхүүгийн тайлан гаргахдаа нягтлан бодох бүртгэлийн бодлогын тодруулгыг хамт бэлтгэнэ.                                                                                                                                                                                                                                          
   
Бүртгэлийн ерөнхий бодлого

Нягтлан бодох бүртгэлийн ерөнхий бодлогод дараах зүйлийг тусгаж, тодруулганд энэ талаар тодорхой дурдана.  Үүнд :
а)      Санхүүгийн тайлан бэлтгэж, тайлагнах арга ажиллагаа
б)      Нягтлан бодох бүртгэлийг хөтлөх маягт, аргачлалыг сонгох
в)      Санхүү, бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас
         баталсан дансны үлгэрчилсэн зааврыг үндэслэн дансны төлөвлөгөөг боловсруулж батлан  мөрдөх
г)      Бүх төрлийн нөөц сан байгуулах арга
д)      Үйлдвэрлэлийн зардлыг  бүртгэж, бүтээгдэхүүний өртгийг хэрхэн тодорхойлох арга
е)      Эзэмшигчдийн өмчийг  үнэлж, бүртгэх арга
ё)      Санхүүгийн тайлан бэлтгэхэд ашигласан хэмжилтийн суурь

Нягтлан бодох бүртгэлийн тусгай бодлого

Санхүүгийн тайланг үнэн зөвөөр ойлгоход зайлшгүй шаардлагатай бүртгэлийн тусгай бодлогыг тодруулгад товч тайлбарлана. Эдгээр тусгай бодлогууд нь тухайн байгууллага харгалзан үзэх ёстой боловч ямар нэг хязгаарлалт тогтоодоггүй. Ийм бүртгэлийн бодлогод дараах зүйлүүд хамрагдана. (Доор дурдсан тусгай бодлого бүртэй холбоотой тодотгож тайлбарлавал зохих зүйлүүдийг жагсааж бичив) Үүнд:

а. Тайлагналын суурь

Аж ахуйн нэгж, байгууллага нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл, сайжруулсан аккруэл, мөнгөн суурийн алийг ашигласан болохоо тодруулна.

б. Тайлагнасан валют

Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд Монгол улсын мөнгөн тэмдэгт - төгрөгөөр илэрхийлэгдсэн байна. Санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг төгрөгөөр үзүүлэхэд тооцоололт, техник ажиллагаа ихтэй томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд санхүүгийн нэгдсэн тайланг мянгачлан үзүүлж болно. Аж ахуйн нэгж, байгууллага тайлагнагч валютаас өөр валютаар санхүүгийн тайлангаа бэлтгэсэн бол түүнийг зайлшгүй тодруулна.

в. Санхүүгийн хэрэглүүр

1.   Санхүүгийн хэрэглүүрүүдэд учирч болох  эрсдэлийг тодруулна. Үүнд:
а)   Үнийн эрсдэл. Энэ нь мөнгөн эрсдэл, хүүгийн түвшиний эрсдэл, зах зээлийн эрсдэл гэсэн 3 төрөлтэй.
б)   Зээлийн эрсдэл
в)   Төлбөрийн чадварын эрсдэл
г)   Мөнгөн гүйлгээний эрсдэл
2.   Гадаад валютын ханшийн хэлбэлзлийн эрсдэл

г. Мөнгөн хөрөнгө ба түүнтэй адилтгах зүйл

1.   Хязгаарлалттай ба барьцаалагдсан мөнгөн хөрөнгийн тухай тодруулна.
2.   Мөнгөтэй адилтгах зүйлс (мөнгөний тодорхой дүнд чөлөөтэй хувирдаг, хөрвөх чадвар сайтай богино хугацаат хөрөнгө оруулалт, түүний дансны болон зах зээлийн үнэ гэх мэт)

д. Авлага

1.   Найдваргүй авлагын хасагдуулга байгуулсан арга
2.   Найдваргүй авлагын хасагдуулга дансны гүйлгээ болон хэдий хэмжээний авлагад хэдий хэмжээний авлагын хасагдуулга тооцсоныг тайлбарлах.

 е. Бараа материал ба өртөг тооцох арга

1.   Бараа материалын бүртгэлийн ямар систем хэрэглэдэг ( байнгын, цаг үеийн )
2.   Бараа материалын үнэлгээний арга 
3.   Бараа материалын өртгийн арга (ЭАЭЗ, дундаж өртөг, тусгай тэмдэглэгээний арга)


ё.  Үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө ба тэдгээрийн элэгдэл, үнэлгээ

1.   Нийт үлдэгдэл өртгийг тооцоход хэрэглэсэн хэмжилтийн суурь
2.   Биет ба биет бус хөрөнгийн элэгдэл тооцсон арга
3.   Үндсэн хөрөнгийг үнэлсэн арга, худалдан авсан хөрөнгийн төлбөрийг хэрхэн хийж байгаа хэлбэр. Үүнд :
-   тодорхой хугацааны дараа хийгдэж байгаа төлбөрт тооцсон хөнгөлөлт, өнөөгийн үнэ цэнийн тооцоолол (санхүүгийн түрээсээр авсан хөрөнгө байж болно)
-   хэд хэдэн төрлийн хөрөнгийг нэгдсэн үнээр (гэрээний үнэ) авсан байж болно.
-   төлбөрийг үнэт цаасаар төлсөн
-   сольж авсан хөрөнгө
4.   Хөрөнгийг сэргээн босгох зардлын бүртгэлийн бодлого
5.   Хөрөнгийг дахин үнэлэхэд ашигласан суурь
6.   Дахин үнэлгээ хүчин төгөлдөр болж үйлчилж  эхлэсэн он, сар, өдөр
7.   Үнэлгээнд гадны эксперт оролцуулсан эсэх
8.   Нөхөлтийн өртөг тооцоход хэрэглэсэн индексүүд, тэдгээрийн үндэслэл

ж. Өглөг

1.   Өглөгийг бүртгэх нягтлан бодох бүртгэлийн бодлогыг тодруулна.


з. Орлогыг хүлээн зөвшөөрөх

 1.  Орлого тодорхойлох, хүлээн зөвшөөрөх, хэмжих, бүртгэхэд баримталсан  бодлого
 2.  Орлого бий болгох хугацаа
 3.  Орлоготой холбогдох болзошгүй зүйлс

и.  Гадаад валютын ажил гүйлгээ

1.   Орлогын тайланд илэрхийлсэн ханшийн зөрүүгийн ашиг, алдагдалын дүн
2.   Гадаад үйл ажиллагаа болон гадаад дахь аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг валютад хөрвүүлэхэд ашигласан арга
3.   Валютын гүйлгээ ихтэй аж ахуйн нэгж, байгууллагын хувьд ханшийн зөрүүгийн талаархи тайлбар
4.   Балансад капитал гэж ангилсан ханшийн зөрүүгийн цэвэр дүн


к.  Татвар, нийгмийн даатгал

1.   Орлогын татвар болон хойшлогдсон орлогын татварын тодорхойлолт ( нягтлан бодох бүртгэлийн бодлого болон татварын хуулийн дагуу хойшлогдсон татварын хөрөнгө эсвэл өглөгийг хэрхэн бүртгэдэг арга )
2.   Орлогын тайлангийн татвар төлөхийн өмнөх ашгийг татвар ногдох ашигтай зохицуулсан шинжилгээ


л.  Онцгой асуудал

1.   Нэгтгэх зарчим

1.1    Нэгтгэгдсэн үндсэн зарчим, толгой ба хараат компаний тодорхойлолт, нэр, оршиж буй улс ба албан ёсны хаяг, санал өгөх эрхийн хувь хэмжээг тусгасан охин компаниудын жагсаалт


2.   Бизнесийн нэгдэл

2.1    Бизнесийн нэгдлийн үндсэн хэлбэр (худалдан авч эзэмшсэн эсвэл хөрөнгийн хувийг нэгтгэх замаар бий болсон бизнесийн нэгдлийн алин болох)
2.2    Нэгдэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын нэр, ба тодорхойлолт
2.3    Нэгдэх үйл ажиллагаанд орсон хугацаа
2.4    Эерэг ба сөрөг гүүдвиллийн элэгдэл тооцох арга, хугацаа, бусад тайлбар
2.5    Тайлангийн хугацааны туршид нэмж бүртгэгдсэн болон бүрмөсөн устгагдсан эерэг сөрөг гудвилл



3.   Хамтарсан үйлдвэр

3.1    Хамтарсан үйлдвэрийн хэлбэр, бүтэц
3.2    Хамтарсан үйлдвэрт оролцох эзэмшлийн хувь хэмжээ
3.3    Хамтарсан үйлдвэрийн нягтлан бодох бүртгэлийн бодлого ба санхүүгийн тайлан бэлтгэх арга
4.   Онцгой үйл ажиллагаа, алдаа, бүртгэлийн бодлогын өөрчлөлт

4.1    Онцгой үйл ажиллагааны шинж байдал, нөлөөлөл, түүний давтамж (хөрөнгийг албадан хураах, тараах, байгалийн гамшиг)
4.2    Зогсоосон үйл ажиллагаа, түүний арга хэлбэр ( худалдах, татан буулгах ) тасалбар болсон хугацаа, тасалдлаас үүссэн алдагдал
4.3    Бүртгэлийн бодлогын өөрчлөлт, түүнд хийсэн залруулга
4.4    Материаллаг алдаа


5.   Түрээс

5.1  Түрээсийн ангилал ( санхүүгийн, үйл ажиллагааны)
5.2  Түрээсийн орлого хуваарилалтад  ашиглаж байгаа арга


6.   Судалгаа хөгжүүлэлтийн зардал

6.1  Судалгаа хөгжлүүлэлтийн зардалд хэрэглэсэн бүртгэлийн бодлого


7.   Барилгын ажлын гэрээ

7.1    Тухайн тайлант үеийн гэрээний орлогыг тодорхойлох болон гэрээний дуусаагүй ажлын үе шатыг тодорхойлоход ашигласан арга


8.   Зээлийн зардал

8.1    Зээлийн  зардлын бүртгэлийн бодлого


9.   Болзошгүй болон балансын өдрийн дараах үйл явдал
                                   
9.1    Болзошгүй үйл явдалын мөн чанар, санхүүгийн нөлөөллийн үнэлгээ, 
эсвэл тийм үнэлгээ хийж болохгүй тухай үндэслэл
9.2    Балансын  өдрийн дараах  үйл явдал, түүний шинж чанар, санхүүгийн нөлөөллийн тоцоолол, өгсөн үнэлгээ, тайлбар


10. Засгийн газрын татаас

10.1 Улсын татаасыг бүртгэх бодлого, санхүүгийн тайланд тусгах арга
10.2 Үр өгөөжийг нь шууд хүртэж байгаа бусад төрлийн улсын тусламжийн тухай
10.3 Хүлээн зөвшөөрсөн улсын тусламжинд дагалдсан биелэгдээгүй нөхцөл болзол болон бусад санамсаргүй тохиолдох зүйлс.






No comments:

Post a Comment