Monday, November 23, 2009

ОНКИЛОНЫ ДУНД БАЙСАН СҮҮЛЧИЙН ӨДРҮҮД

Маргааш өглөө нь гэхэд жуулчдын гайхлыг ихэд төрүүлсэн хоёр баримт мэдэгдэв. Юу гэвэл шөнө газар хөдөлж, дархан нуурын сав дахин усаар дүүрсэн байжээ. Нуурын ус дахин ундарсныг газар хөдөлснөөр тайлбарлаж болох боловч тэд яагаад газар хөдлөхийг мэддэггүй билээ? Асууж шалгаагаад байвал бүх хүнийг явсны дараа Амнундакийн газар гэрт үлдсэн хоёр өвгөн л газар хөдлөхийг мэдсэн гэнэ. Хоёр өвгөн дөнгөж зүүрмэглэж эхэлснээ сүрхий хүчтэй доргилтоос сэрээд гадагш гүйж гарсан боловч үл ялиг чичигнэж, бүх юм тайван байсан тул даарсандаа эргэж орсон байна.

- Бид тэгээд яагаад мэддэггүй билээ? Өвгөд зүүдэлсэн юм биш биз? Бид өөрснөө ч тэр, олон зочид ч тэр, юу ч мэдээгүй байдаг нь юу билээ? гэж Горюнов гайхан асуухад Ордин,
- Байз, байз! Хүүхнүүдийн бижгийн дэвсэлтэдманай газар гэр доргин байсан тэр үед газар хөдөлсөн юм биш биз дээ? гэлээ.
- НээрэЅ тийм байна. Тэгэхээр бид хэр баргийн доргилтыг мэдэхээргүй байсан.
- Гэхдээ дархан нуурын холбоог … юутай дахин тогтоож өгснийг бодоход …
- Юутай тогтоосон гэж?
- Тэнгистэй гэж хэлэх гээд больчихлоо л доо. Яагаад гэвэл нуур урьд нь тэнгист цутгаж байсан, тэгээд энэ холбоо тасарснаас биш, их хотгорын ундарга тасарснаас л боллоо.
- Үүнийг судалж мэдэх хэрэгтэй. Ус яагаад эргэж ирэв гэдэг чухал асуудал шүү. Онкилонуудын үгээр бол ус өрхнөөсөө ундран гарсан мэт.
- Хэрэв биднийг тийшээ очтол ус дахиад алга болчих юм бол биднийг бас дахиад гай тарилаа гэж буруутган яллаж, ямар ч юмаар цагаатгах аргагүй болно. Хүлээж байгаад Амнундактай цуг явсан нь дээр гэж Костяков мэдэгдэв.
Урьд шөнө болсон өөр нэг явдал гэвэл харуулын цэрэгт түүдгийн хажууд зүүрмэглэснийг ашиглаж олзны вампу хүн уяагаа тайлаад оргосон гэж жуулчид сонслоо.
Энэ бүх сониныг өглөөний саалиас хамгийн түрүүнд эргэж ирсэн Аннуир авчирлаа.
- Нуур дахин дүүрсэн, тэр ч байтугай ус нэмэгдэж буйг үзсэн гэнэ. Энэ бүхийг онкилонууд хэдийдээ амжиж мэддэг билээ? гэж Ординыг гайхан асуухад,
- Дархан нуурын дэргэд шөний мөргөл үйлджээ. Амнундак, бөө болон бүх цэргүүд тийшээ явсан. Цагаан буга өргөж тайлга тахихад ус эргэж иржээ! Гэж Аннуир их л баясан өгүүлэх нь өргөл мөргөлийн үнэн хүчинд илтэд итгэсэн шинжтэй.
- Өргөл өргөсөн гэнээ! Гэж сунжруулан хэлээд Горюнов чимээгүй болов. Тэрбээр учир битүүлэг өргөл, бүх хүүхнүүдийг зайлуулсан, олзны хүн алга болсон зэрэгтэй холбон бодоод нэгэн зүйлийг сэжиглэжээ.
Дараа нь эхнэрүүд, Горохов нарын эзгүйд өөрийн сэжиглэсэн зүйлийг наад хоёр нөхөртөө ярив.
- Хэрэв эд нар вампугаар эхлээд хүнээр өргөл хийж эхэлсэн бол яах вэ? Гай гамшиг зогсохгүй бол дараа нь биднээр өргөл өргөж болно. Миний энэ сэжиг ортой эсэхийг яаралтай мэдэх хэрэгтэй байна гэлээ.
ГэвЧ энэ талаар тодорхой юм мэдэх боломж байсангүй. Тэнгэр онгод бөөд шөнө дунд дархан нуурын хөвөөнд цагаан буга өргөн тахь гэж айлдсан бөгөөд түүний ачаар нуурын ус өрхний амсраараа олгойдон бүх хонхрыг дүүргэсэн гэж цэргүүд дуртай нь аргагүй ярина. Тэд нуур луу явах замдаа ажиглаагүй ч юмуу, мөргөл өргөлийн үед анзаараагүй ч юм уу, шөнө газар хөдөлсөн гэдгийг үгүйсгэж байлаа.
Хэдэн өдөр өнгөрөв. Дөнгөж найман сар дундаа орж байсан боловч намар орой мэт шөнө бүхэн хүйтэрч, манан татан хяруу унана. Модны навчис шарлаж амжилгүй унаж, нуга талын өвс цайран налав. Нүүдлийн шувууд буцаж, нуур эзгүйрэд шөнөдөө мөхөөлдөн хонож, маргааш нь орой тийш гэсдэг болов. Нар зузаан үүлсийн цаана нуугдаад халааж ядна. Хүүхнүүд хүүдийн сав дотроос өдлийн хувцас гаргаад, яаран нөхөж цоолдох агаад харцуул түлээ мод бэлтгэх ажилд оров. Жуулчид уузлаж тааралдсан онкилонуудын дугүйцсэн харцыг ямагт мэдэрч, хүүхнүүд, Аннуираас бусад нь байн байн алга болоод Амнундакийн газар гэрт цаг нөгцөөх болов. Аннуир ч гэсэн харийн хүмүүст үнэнч гэдгээрээ бусдаас их ялгарахгүй байх, онкилонуудын үнэн санааг тагнан мэдэгч байхын тулд Ордины зөвлөснөөр бусад хүүхний хамт яваад өгдөг болжээ.
Найма­ сарын арван таванд өглөөнөөс эхлэн хойноос салхилаад жинхэнэ цасан шуурга болов. Хасах градус хүртэл хүйтэрч цас нэвсийтэл дар«аа. Үд гэхэд шуурга намдахад ойн цоорхойн зузаан цасанд дарагдан налайж, нүцгэрч харласан навчит мод, цасан чимэгт шилмүүст ой сүүхийгээд Санниковын Газар өвлийн гоёлоо өмсөхийг жуулчид газар гэрээсээ гарч сонирхон үзэв. Онкилонууд ч толгойлогчийн гэрээс гарч ирэхэд эхнэрүүд нь тэдэн рүү гүйж очив.
Бүрий болохын үеэр Амнундак жуулчид дээр орж ирлээ. Тэрбээр гэрийг нь нураасан газар хөдлөлтөөс хойш ирээгүй байсан билээ. Амнундак түүдгийн зэргэд суугаад гараа өлчиж, галын дөлийг ширтэн байснаа ийн өгүүлрүүн,
- Цагаан хүмүүсээ, бидэнд юу учрах нь энэ вэ? Өвөл бүтэн сараар түрүүлж ирлээ. Мод шарласан ч үгүй хөлдөв. Шувуу буцаад нар ээхээ болилоо. Хэрэв цас нэмээд байвал буга мал маань үхнэ. Үхэр, адуу, хирс цөм үхнэ. Онкилонууд юугаар хооллох болж байна?
Жуулчид дургүйцлийн энэ үгийг чимээгүй сууж чагналаа. Тэд эрт хүйтэрсний шалтгааныг мэдэх боловч хотгорт дулаан өгдөг газар доорх урсгал дахин сэргэхээс нааш цаг агаар сайжирна гэж хэлэх найдлага байхгүй, энэ нь хэзээ бүтэхийг хэн ч мэдэхгүй болохоор Амнундакийг юугаар тайтгаруулж чадахсан билээ?
Амнундак жуулчдыг юм хэлэхгүй болохоор босоод гара өргөж сүрдүүлэх зангаа хийж өгүүлрүүн,
- Энэ бүхнийг та нар хийсэн! Та нар цас мөстэй хүйтний орноос ирэхдээ цас мөсөө авчирлаа. Та нар цагаан газар амьдардаг цагаан хүмүүс болохоор энэ таатай байга . Та нар бүх онкилонуудыг хүйтнээр хөнөөж, манай газар нутгийн эзэлж авах гэж байна. Чукчууд бидний өвөг дээдсийг хавчин шахсаар наашаа ирүүлсэн, хүчирхэг ид шидтэй илбэчин цагаан хүмүүс та нар одоо бүр хөнөөх гэж байна.!
Амнундак ингэж хэлчихээд огцом эргэж газар гэрээс гарч одов. Жуулчид түгшүүрт харцаар бие биеэ хараад Горюнов,
- Одоо алгуурлахын хэрэг алга гэж би бодож байна. Маргааш өглөө эрт замд гарах хэрэгтэй. Салхи хойноос, нуур хөлдсөн, манан алга, цас нимгэн дээр хөдөлье гэхэд Костяков,
- Харин тийм. Цас нэмчихвэл цанагүй явахад хэцүү болно гэж нэмж хэлэв.
- Агуулах хүрэхээс нааш өвлийн хувцас байхгүй шүү дээ гэж Ордин сануулав. Харин Горохов,
- Та нар яадаг санж вэ, би л лав онкилонуудтай үлдэнэ. Энэ хүйтрэлт ингэсхийгээд зогсоно, тэгээд хуучин янзаах амьдрах болно. Та нар явах юм бол Тогоот арал хүрэлгүй мөсөн дунд сүйднэ гэж эрс шийдэмгий хэлжээ.
Түүнийг хэчнээн ятгавч энд хасагийн гацаанаас дээр, идэж уух юм элбэг, элдэвт санаа зовох юмгүй, эхнэр сайн, газар гэр дулаан гэж тас зөрөөд халгаасангүй.
- хэрэв хүйтнийг зогсоохын тулд Никита, чамайг вампуг алсан шигээ алж өргөл үйлдвэл яана? Гэж Горюновыг асуудах цаадах нь,
- Дэмий юм бүү ярь! Вампу оргосон. Онкилонууд хүн алахгүй. Хэрэв алдаг байсан бол аль хэдийн зүйл дуусгах байсан. Тэд Амнундакийн сая ирдэгчлэн ярихгүй, аль хэдийн шууд алах байсан. Тэд биднийг алахгүй, гуйх болно гэхэд нь хэнч дуугарсангүй.
Хэсэг чимээгүй суусны эцэст Горохов босоод гарч явав. Төдхөн Аннуир гүйж ирээд,
- Сая Амнундак танайхаас гарч очоод, цагаан хүмүүст дахиад хүүхнүүдээ өгөхгүй. Цас хүйтнийг болиулах хүртэл нь та нар манайд бай. Тийшээ явбал хохь чинь шүү гэж байна. Эр эмгүй түүний үгийг зөвшөөрч “ Аль хэдийнээс тэгэх хэрэгтэй байсан юм. Тэд эхнэргүй, сүүгүй, гамбиргүй суугаад үзэг” гэж орилолдож байна. Би хөнжлөө аўаад ирье гэж гуйлаа. Намайг хөнжлөө авахыг зөвшөөрөөд даруй эргэж ирэхийг тушаасан гэж хэлээд үстэй хөнжлөө авч гарахдаа Ордины чихэнд,
- Бүгд унтсан хойно шөнө чам дээр ирж мэдсэн юмаа хэлье. Муу юм болох гэж байх шиг байна гэлээ.
Аннуир ийнхүү жуулчдыг хүнд зовирут бодлыг дунд орхиод гүйн одоход Костяков,
- Маргааш гэгээ оронгуут хөдлөхөөс горьгүй нь. Энэ бол эрт хүйтэрснийг зогсоолгох гэж биднийг хавчиж хяхахын анхны дохио биз гэхэд,
- Хэрэв бид алгуурлавал газар гэрт маань харуул манаа тавьж ч магадгүй. Тэгвэл оргож явахад амаргүй болно гэж Горюнов нэмж хэллээ. Ордин,
- Гороховыг эзгүй дээр авч гарах юмаа бэлдье. Ингэхэд цаадах чинь хаачив, арай Амнундакт бидний бодлыг ховлохоор яваагүй биз дээ,
Горохов болон хүүхнүүд бүхэл оройдоо эргэж ирсэнгүй. Жуулчид өөрсдөө оройн хоол бэлдэж, цай чанаж уугаад үүргэвчээ бэлдсэний дараа байдлыг шүүн ярилцаж улаан суужээ. Тэгээд унтахаар хэвтэв. Горохов Амнундакийнд хонохоор шийдсэн бололтой.
Шөнө дунд Аннуир ирж Ординыг сэрээгээд,
- Та нар бушуухан явах хэрэгтэй байна. Цэргүүдийг ярилцаж байгааг сонсвол газрын эзэн онгодод вампугаар өргөл барихад дархан нуурын усыг эргүүлж өгөв. Тэнгэр дээдэд цагаан бугаар тайлга тахихад уурсаж өвлийг илгээлээ. Арай илүү юм өргөх байсан юм биш үү гэлцэж байна. Яг хэлээгүй ч гэсэн та нарыг ярьж байгаа байх гэж шивнэн хэлэв.
- Никита энэ яриаг дуулсан уу?
- Үгүй. Түүнийг очихоос өмнө ярьсан. Түүий дэргэд яриагүй. Тэр чоод, та нараас салж онкилон болох бодолтой байгаа. Бидэнд муу юм хийх хүсэлгүй байгаагаа хэлсэн. Тэгээд танай нутагт амьдрахад бэрх хэцүү тухай оройжингоо ярина билээ. Энэ ярианаас та нар өөрсдийн овог аймагт илүү баян таатай нутаг эрж яваа юм байна гэж онкилонууд ойлгосон. “Тэгвэл эд нар чинь тагнаж туршиж явуу улс байх нь! Бид эндээс явуулахгүй ээ. Явуулж гэмээ нь их хүч дагуулж ирээд аянга цахилгаанаараа бидэнтэй байлдвал онкилонууд сөнөнө!” гэж Амнундак хэлсэн.
- Биднийг маргааш явах гэж байгаа гэж Никита яриагүй биз?
- Үгүй яриагүй, тэр зөвхөн өөрийхөө тухай яриад байсан. Амнундак магтаж, эхнэрийг нь шөнөдөө буцааж өгсөн. Тэгээд маргааш бөөг дуудан авчирч, орой мөргөл үйлдэхийг тушаасан. Бодвол та нарын талаар, цасны талаар мөргөл үйлдэх байх.
- Аннуир аа, бид маргааш бөглөө гэгээ оронгуут хөдөлнө. Чи яах вэ, надтай явах уу?
- Хэрэв би танай нутгт очоод ганцаараа нэгдүгээр эхнэр чинь болох юм бол хаа хүрсэн газар чинь хамт явна.
- Тиймээ, чи нэгдүгээр ч биш, цорын ганц эхнэр минь болно.
Тэр хоёр ийнхүү удтал ярилцаад цаг харж, үүр тэмдэгрэх дөхөхөд нөхдөө сэрээн хам хумхан цайлж дөнгөж гэгээ оронгуут тохь тухтай газар гэрээ үүрд орхин гарчээ. Дулаан хувцсандаа явлаа, хоноод ирнэ гэж Амнундакт хэлээрэй, хэрэв хойноос очъё гэвэл хунгарын зах дээр хоёр хоног хүлээнэ гэсэн бичиг Гороховт орхив. Мө­ Санниковын Газар дээр хатуу өвөл болно, Хасагийн гацаанд байхаас дээргүй гэж сануулав. Бидний явсны дараа онкилонуудыг дагуулж очоод Никифоровын бэлдсэн махынаас авч болно. Бид цөмийг нь авч явж чадахгүй гэж хүртэл бичиж үлдээжээ.
Утаа гарч нэг хэсэгтээ хүнтэй юм шиг харагдаг гэж бодоод газар гэрт асаасан түүдгийг унтраасангүй. Ор дэрээ хүн унтаж байгаа юм шиг тунтарч орхилоо. Гагцхүү Аннуир л пүүгээ хувцсаа авчээ.
Мөр баллаж дөнгөхүйц зөөлөн цас бударч байв. Горохов ямарч гэсэн орой болтол араас мөрдөхөөс хамгаална гэж найдаж байлаа. Гороховт Цоохнодойг газар гэрт уяж орхив.
Гэгээ ороход тэд хэдэн километр явчихсан, өөр нэгэн ойн цоорхойд явж байв. Газар нь танигдахаа байжээ. Дөрвөн сарын дотор байгаль дэлхий хэчнээн их өөрчлөгдсөнийг гайхаж баршгүй. Саяхан л хамаг юм шинэхэн сэргэг нууц далд, нээн шинжлэх одоо газар, хавар цаг нялх ногоо байсан бол эдүгээ цасанд дарагдсан талбай, нүцгэрсэн хар ой, харанхуй бүдүүлэг ястнаас оргож яваа хүмүүс, эх газар хүрэх уйтгартай осолтой урт зам, олон хоног зовлон жаргалаа хуваалцсан нөхрийн төлөө зовних сэтгэл, богино хугацаанд дасаж амжсан хүүхнүүдээ орхисны гуниг- энэ бүхэн сэтгэлийн дарамт болж байлаа. Гагцхүү Ордин л бусдаас илүү хөгжилтэй явна. Яагаад гэвэл орон гэр, дассан ахуй амьдралаа өөрийн нь төлөө орхиод, огт танихгүй харь ертөнцийн зүг зориглон хөдөлсөн үнэнч хүүхэн Аннуир э°гэж харах ч үгүй хажууханд нь товолзтол алхлан явна.
Үдэш гэхэд бааз дээрээ ирж, удаан хугацаанд тэднээс сураЈ чимээгүй суусан Никифоровыг ихЅд баярлуулав. Түүний ажил жин тан ажээ. Өвөл хэрэглэх мах, түлшний нөөц хангалттай бэлдэж, ноход эрүүл цатгалан байв. Баавгай агнах үед дагуулсан ганц нохой л дутуу байв. Энэ өгөөж баян газраас гэнэт явах болсныг Никифоров сонсоод баахан гайхаж,
- хамаг хөдөлмөр минь талаар болов. Юун төлөө хэчнэнэ зүтгэж, буудаж, чирч гулдрарч, хатааж утаж өчнөөн мах нөөцлөв? Яах гэж өчнөөн аммьтны амь бүрэлгэв? Яах гэж өчнөөн түлш бэлдсэн гэх вэ? Энэ бүгдийгээ баавгайд л үлдээх хэрэг үү! Хэмээн хилэгнэхэд цаадуул нь,
- Капитон минь, бүү гунь. Махыг баавгай идэхгүй, хүн иднэ. Горохов онкилонуудтай ирж авна гэж тайтгаруулав.
- Юу? Никита бидэнтэй буцахшүй юм гэж үү? Гэж хасаг эр бас гайхан дуу алдав.
- Цаадах чинь нэг хүүхэнд сайн болчихоод үлдэхээр шийдсэн. Энд Хасагийн гацаанаас илүү сайхан байна гэнээ.
- Тэгж шийдээ юу? шар юм л даа. Хасагийн гацаанд хөгшин ч бол, муухай ааштай ч бол эхнэр нь бий шүү дээ.
- Эндхийн эхнэр залуу, дөлгөөн. Тэгээд ч мань хүн энд нэг ёсондоо ноён болно шүү дээ.
Никифоров Аннуирыг зааж,
- Та нартай бас юун хүн яваа юм бэ? гаргаж өгч байгаа юм уу, гэхэд Ордин,
- Үгүй ээ, энэ миний эхнэр. Бидэнтэй цуг эх газар орно гэв.
- Үгүй ерөө! Хэмээн Никифоров сунжруулан хэлээд ичингүйрэн суугаа хүүхнийг шинжлэн харав. Аннуир оросоор хурдан ярихад төдийлөн ойлгохгүй боловч өөрийнхөө тухай ярьж байна гэдгийг гадарлана.
- За тэгвэл Никитагийн оронд энэ нутгийн авгай бидэнтэй хамт явдаг юм байж! Нохойгоо яаж жолооддог билээ? Энэ хүүхэн Никитаг орлох нь бүү хэл, нохой гэдгийг ч мэдэхгүй шүү дээ. Харамсалтай яа!
Жуулчдын тойрон суусан түүдгийн дэргэд Никифоров энэ сэдвээр зөндөө удаан ярилаа. Гэтэл Аннуир хоол хийхдээ хөнгөн гавшгайг үзээд орой тийшээ нэлээд эвлэрч,
- Семен Петрович, танай эхнэр лут ажилтай хүүхэн байна. Нутгаа орхиод далай гатлан харь орон зорьсныг бодвол танд их сайн юмаа даа. Бусад нь явахаас дургүйцээ юу? хэмээн нөгөө хоёрыг харахад Горюнов,
- Тиймээ, дургүйцсэн гээд хэрэг явдал юу болсон, яагаад ийнхүү яаран хөдлөх болсны учрыг товчхон ярьж өгөв. Тэгээд,
- Бүх юм ёсоороо бүтвэл хавар тийшээ эргэж ирнэ гэлээ.
Никифоров оройн хоол идэж суухдаа энэ хотгороос гарах тийм амаргүй гэж ярилаа. Яагаад гэвэл цасан хунгар зун доошоо суугаад хавцлын нуруунаас хамаагүй дор, арван таван метр орчим хадан дээгүүр авирч байж хүрэх нэгэн мөргөцөгт тулжээ. Ачаа чаргаа дээш гаргахад бэрх болсон тул шат хийж зам засах хэрэгтэй байв. Хунгар өнгөн талдаа мөстсөн болохоор бас бүх шатыг цавчиж өгөх шаардлагатай ажээ. Тийм ч учраас энэ ажлыг нэг өдөрт барахгүй гэж түүнийг хэлэхэд Горюнов,
- Бидэнд хоёр өдөр бий. Бид Никитад хоёр өдөр энд хүлээнэ гэж амласан юм. Гэнэт араас явмаар санагдах ч юун гэв.

No comments:

Post a Comment