Tuesday, November 24, 2009

Хувьцааны тухай

Хувьцааны тухай
Хувьцаа-- сонирхолтой, аз туршсан, ашиг, эрсдэл нь ойрхон байдаг санхүүгийн хэрэгсэл.
Хувьцаа эзэмшигч нь хувьцаа худалдан авснаар тухайн хувьцаат компанийн хамтран эзэмшигч болох төдийгүй хөрөнгө оруулагчийн хувиар хяналт тавьж, өөрт ногдох хэмжээгээр ашиг
орлогоос нь хувь хүртэх, удирдлагад оролцох эрхтэй. Тухайн хувьцаат компанийн үйл ажиллагаанаас шууд хамааран олсон ашгаа хувьцаа эзэмшигчиддээ хувь хэмжээгээр нь олгохыг ногдол ашиг хувиарлах гэж нэрлэдэг. Хувьцаа эзэмшигчийн хувьд энэ нь түүний оруулсан хөрөнгийн өгөөж гэсэн үг юм. Хувьцаат компани тухайн жил ашигтай ажилласан бол ногдол ашиг хувиарлах эсэхийг компанийн ТУЗ /Төлөөлөн удирдах зөвлөл/-ийн хурлаар шийдвэрлэдэг учир заавал ногдол ашиг авна гэсэн үг биш. Хувьцаа эзэмшигчийн ашиг олж болох өөр нэг арга бол хувьцааны үнэ өсмөгц хувьцаагаа зарсанаар үнийн зөрүүнээс ашиг олдог. Хувьцааны үнэ бараг өдөр бүр өөрчлөгдөж байдаг. Үүнд урьдчилан тэр бүр таамаглахын аргагүй олон улсын байдал, улс төр, эдийн засгийн хөгжил, түүнд гарсан өөрчлөлт, компанийн үйл ажиллагаа, үнэт цаасны зах зээлийн ерөнхий хандлага зэрэг нөлөөлж цагийн дотор ч ханш өсөх, буурах явдал цөөнгүй тохиолддог. Өөрөөр хэлбэл хувьцаагаар богино хугацаанд их ашиг олох боломжтой, алдах нь ч бас амархан байдаг. Ашиг олох, эрсдэл хүлээх нь хувьцаа эзэмшигчийн ухаалаг шийдвэрээс шалтгаалж байдаг учир ихээхэн сонирхолтой байдаг.
Дэлхийн баячуулын хөрөнгийг эрэмблэхдээ тэр хүний эзэмшиж байгаа хувьцааг тухайн өдрийн ханшаар үржүүлж тооцдог. Түүнээс банканд байгаа мөнгөөр нь хэмжиддэггүй. Яагаад гэвэл хувьцаа нь банкны хадагламжийг бодвол нийгэм, эдийн засгийн үзүүлэлттэй уялдан өсч, буурч байдаг амьд хөрөнгө юм.

No comments:

Post a Comment