Monday, November 23, 2009

Агаарын бохирдолтой тэмцэх алба байгуулъя

Нийслэлийн төсвөөс энэ онд агаарын бохирдлыг бууруулахад 3.2 тэрбум төгрөг баталсан. Тус хөрөнгөөр долоон төсөл хэрэгжүүлэхээр эхлүүлээд байна. Тухайлбал, Булган аймгийн Хялганат тосгонд "Хос гарьд" консерциум жилд 12 мянган тонн үртсэн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай иж бүрэн цогцолбор үйлдвэр байгуулахаар шалгарчээ. Үйлдвэрийн төсөвт өртөг нэг тэрбум 500 гаруй сая төгрөг.

Төвийн дүүргийн нам даралтын халаалтын зуухны шинэчлэлд 890 сая төгрөг баталж дөрвөн компаниар гүйцэтгүүлж байна. Мөн үртсэн түлшний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхэд 80 сая төгрөг төсөвлөсөн. Үүнээс гадна такси, хөдөлгөөнт эргүүлийн машинд давхар шингэрүүлсэн нефтийн хийн тоног төхөөрөмж суурилуулах, төрийн өмчит сургууль цэцэрлэгүүдийн нам даралтын халаалтын зуухны урсгал засвар хийх, газрын гүний дулааныг дулаан хангамжид нэмэгдүүлэх зэрэгт хөрөнгө төсөвлөсөн. Өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн төслүүдээс үр дүнгээ өгсөн нь ховор.

Нийслэлийн агаарын чанарын алба агаарын бохирдлыг хэрхэн бууруулах учраа олохгүй байна. Өнгөрсөн жил гэрийн дулаалга өгөх, шахмал, үртсэн түлш үйлдвэрлэх зэрэгт батлагдсан хөрөнгөө "үрсэн". Агаарын бохирдлыг бууруулахад 2006-2009 онд 8.7 тэрбум төгрөг төсөвлөснөөс энэ сарын байд-лаар 6.200 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байна. Гэсэн ч энэ хугацаанд агаарын бохирдол буурах нь бүү хэл харин ч улам нэмэгджээ.

Энэ нь гэр хорооллын өрхийн тоо жил бүр 10-30 гаруй мянган өрхөөр нэмэгдэж байгаатай холбоотой. Тус албаны дэд дарга Ч.Батсайхан жил бүр батлагдсан хөрөнгөндөө тааруулж 10-15 мянган өрхийг шахмал болон үртсэн түлшээр хангадаг атлаа байнга л чичлүүлж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийхдээ ярьсан. Тэрбээр ийм юм байж болохгүйг сануулаад Засгийн газраас их хөрөнгө гаргаж, далайцтай ажил хийх болсныг хэлсэн юм.

Нөгөөтэйгүүр, бага хөрөнгө баталдагтай холбоотой. Гэсэн ч тус алба батлагдсан жаахан хөрөнгөө "том толгойтой" компаниудаар үрэн таран хийлгэсэн нь харамсалтай. Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд "Ар сухай" компани Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 83 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн дэмжлэг авч гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Тухайлбал, 19.5 мянган тонн шахмал түлш нийлүүлэхээс ердөө 815 тонныг нийлүүлсэн байна. Тус компанийг шүүхэд өгсөн ч өдийг хүртэл хөрөнгөө буцаан аваагүй байгаа. Мөн 2007 онд гэрээ хийсэн үйлдвэрүүд чанаргүй түлш үйлдвэрлэж дээрх түлшний нэр хүндийг хугалсан юм. Энэ мэтээр улсын хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж байхад анхаарлаа сулруулсан тохиолдол Нийслэлийн агаарын чанарын албанд цөөнгүй.

Тус алба өнгөрсөн жилүүдэд Байгаль хамгаалах газрын харьяанд үйл ажиллагаа явуулж ирсэн. Харин энэ оноос агентлаг болж биеэ даах болсон. Ирэх онд Засгийн газраас хөрөнгө шийдэж өгвөл баяжуулсан буюу угаасан нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Мөн 2011 онд түлшний 2-3 үйлдвэр ашиглалтад орох тул агаарын бохирдол мэдэгдэхүйц хэмжээгээр буурах аж. Харин үүнтэй зэрэгцэн гэр хорооллыг барилгажуулах, ногоон байгууламжийг байгуулах шаардлагатай гэнэ. Дээр үйлдвэрүүдийг ашиглалтад орохын хүлээвэл хоёр өвлийг давах хэрэгтэй болж байна. Байнга угаараар амьсгалж байдаг нийслэлийн иргэд хурдан хөгширнө гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Орчин, эрүүл мэнд, судалгааны төвийн захирал Н.Сайжаа нарын эрдэмтэд баталж сэрэмжлүүлсээр ирсэн. Агаарын бохирдол хүний генд нөлөөлж удамшлын гажигтай хүүхэд төрөх магадлал өндөр байгаагч сануулсан. Мөн бохирдол ихтэй орчинд амьдарч ажиллаж байгаа эрчүүдийн нөхөн үржихүйн чадвар буурсан судалгаа бий аж.

Эрдэмтэд агаарын бохирдол аль хэдийнэ үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхэлснийг мэдээлээд олон жил өнгөрлөө. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай бичиж, одоо хэн хэн нь тоохоо больжээ. Агаар хамгаалах тухай хуульд Агаарын чанарын албаны хийх ёстой ажлын үүргийг заасан байдаг. Тухайлбал, нийслэлийн агаарын чанарт дүгнэлт гаргах, агаарын бохирдлын чиглэлээр хэрэгжиж байгаа төслүүдэд хяналт тавих үүрэгтэй.

Тиймээс агаарын бохирдолттой тэмцэх алба биш гэдгийг ч тус албаны дэд дарга нь хэлдэг. Тэгэхээр Агаарын бохирдолттой тэмцэх алба байгуулж нийгмийн эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй болж байна. Үүнээс гадна бохирдлыг бууруулж дөнгөхгүй байгаа бол нэмэгдүүлэхгүйн тулд шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж орон нутгийг дэмжсэн бодлого үгүйлэгдэж байна.

No comments:

Post a Comment