Tuesday, November 24, 2009

Баабар: Нобелийн шагнал

Альфред Нобел нь томоохон эрдэмтэн, шинийг санаачлагч байснаас гадна лут бизнесмэн байжээ. Бурхан ийм авъяастнуудыг хосоор нь, бөөнөөр нь нэг хүнд зэрэг бэлэглэх нь тун ховор. Суутай эрдэмтэн, цуутай баян тэрээр цуглуулсан хөрөнгөөрөө сан байгуулаад өөр шиг нь шинжлэх ухаанд зүтгэгч залуусыг дэмжихээр болсон нь түүхэнд нэрээ мөнхлөх бас нэгэн нээлт байлаа.

Нобел өөрийн нэрэмжит шагналаар залуу эрдэмтдийн цаашдын амжилтыг дэмжих санаа агуулж байсан боловч явцын дунд энэ нь аугаа амжилт гаргасан “хөгшин” эрдэмтний бүтээлд дүн тавьдаг шагнал болжээ. Харин яагаад ийм их нэр хүндтэй шагнал болж хувирав гэдэг нь нэлээд гайхалтай асуудал. Нобелийн эх орон Швед нь улс төрийн хувьд дэлхийн хамгийн төвийг сахисан орон, ардчилсан дэг ёс бүрэн төлөвшиж хэвшсэн учир шагналд ямар нэг далд санаа байдаггүй гэж бүгдээрээ итгэдэгээс ч болсон байх. Шагналыг дагалдах мөнгөний хэмжээ тийм ч бага биш нь бас сонирхол татдаг болов уу. Гэхдээ л өнөөгийн том компаниудын технологийн нээлтэд өгч буй шагнал үүнээс хавьгүй их. Мөнгөн шагналын хэмжээгээр ч, шудрага шүүлтээрээ ч Нобелиос тэр байтугай илүү гарах шагнал нэг бус бий болсон боловч нэр хүндээрээ аль нь ч ядахнаа ойртож ч чадахгүй байна. Үүний нэг жишээ бол япончуудын буй болгосон урлаг уран сайхны “нобел” байна. Нобелийн шагналыг нэг салбарт нэг хүнд өгдөг, хувааж хоёр хүнд өгч болно, хуваасныхаа хагасыг бас дахин хувааж болдог. Иймээс одоо үед тодорхой шинжлэх ухааны салбарт шагнал хүртэгсэд голдуу гурвуулаа байх болжээ.

Нэр хүндтэйгийн хэрээр тойрсон асар их үнэн худал домог дагуулж явдаг шагнал даа. Нобел шагналаа физик, хими, физиологи гэсэн шинжлэх ухааны гурван төрөлд өгөхөөр гэрээсэлжээ. Гэтэл энд шинжлэх ухааны маш олон чухал төрлүүд орхигдсон. Тэрээр амьддаа хэд хэдэн математикч эрдэмтэдтэй харилцаа муу байсан тул математик логикийн салбарыг зориуд орхигдуулсан ч гэсэн яриа бий. Физиологийн салбар гэхэд л энэ нь өнөөдөр молекул биологи, генетик, биотехнологийг дагнан хамаарах болжээ. Мөн химийн салбарын шагнал ч дээрхи хүрээнийхнийг хамрах болжээ. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны салбаруудын зааг ялгааны хэмжүүр их өөр болсон хэрэг л дээ. Ер нь энэ зааг хязгаар гэдэг их явдалтай эд. Эйнштэйн харьцангуй онолоо 1905 онд нээсэн боловч үүнийг физикийн гэхээсээ философийн хүрээнд авч үзэх нь зүйтэй гэцгээж. Харин суут эрдэмтэн онолоо цааш төгөлдөржүүлэн 1916 онд харьцангуйн түгээмэл онол нээж тэр нь 1917 онд туршилтаар батлагдлаа. Суут эрдэмтэн цуут хүн болов. Гэтэл энэ нээлт цэвэр физик мөн үү гэдэг асуудал эргэлзээтэй. Хэрэв цуут Эйнштэйнд өгөхгүй юм бол ямар юмных нь нэр хүндтэй шагнал байх билээ. Ингээд Эйнштэйний бараг л ажлынхаа үдийн завсарлагаар нээсэн фотоны гаралт бүтээлд нь бушуухан өгч байж нобелийн хороо нэрээ авч гарчээ. Хайзэнбэргийн тодорхойгүйн зарчим ч наанаа электроны байрлалын магадлал яриад байгаа юм шиг авч ачир дээрээ энэ ертөнцийн оршин тогтнож буйн тухай хамгийн философилог утгыг гаргаж, танин мэдэхүйн хязгаар тогтоож өгсөн.

Нэг л үгээр хэлэхэд Нобелийн шагнал төгс төгөлдөр хэмжүүр биш. 1920-иод оны дундуур физикийн салбарт хийсэн нээлтэд өгсөн нэг шагнал нүдээ олоогүй болох нь хожим батлагдсан. Учир нь нээлт хуурамч, буруу байжээ. Төдийлөн чухал бус нээлтэд шагнал олгосон нь ч нэг бус. Түүнээс гадна аугаа нээлтүүд шагналд хамрагдаагүй нь ямар их гэж санана. Нобел өөрөө хялбар дэлбэрэх динамит нээсэн, гэтэл ус төрөгчийн бөмбөгийн эцэг Эдвард Тэйлорт энэ шагнал олдоогүй нь шоглоом ч юм шиг. Хүний түүх Томас Эдисон шиг аугаа зохион бүтээгчтэй цөөн л таарсан байх, харин тэр яагаад ч юм “гадуурхагдаж”. Онгоц бүтээсэн ах дүү Орвил, зурагт зохиосон Зворикин, радар нээсэн Ватсон, хөдөлгүүр зохиосон Виттл, Охайн нар, ксенографийн Кларсон, полиовакцин нээсэн Силк, микропроцессор анх бүтээсэн Хофф гээд олон суутныг нэрлэж болно.

Гэхдээ л манай гаригийн сүүлийн зуун жилийн хамгийн аугаа нээлтийн дийлэнх нь Нобелийн хорооны хараанд өртсөн. Хүнд гэхээсээ тодорхой бүтээл амжилтад олгодог болохоор тал тохой татах магадлал тун бага. Төгс төгөлдөр биш ч гэсэн одоо манай дэлхийд байгаа хамгийн нэр хүндтэй, хамгийн оновчтой нь яах аргагүй мөн. Заримдаа Нобелийн хороо шагнал өгөх гээд хүч нь хүрдэггүй тохиолдол бий. Зөвлөлтүүд 1957 онд сансарт пуужин хөөргөж, 1961 онд сансарт хүн нисгэлээ. Энэ шиг том шинжлэх ухаан технологийн ололт гэж хаа байх билээ. Ингээд зохион бүтээгчид нь шагналаа өгөх гэж нэрийг нь тодруулаач гэж Кремлиэс гуйжээ. Аугаа зохион бүтээгч Кролёвын нэрийг бүр 1967 онд нас барсных нь дараа л оросууд зарласан юм. Нобел зөвхөн амьд хүнд л очих дүрэмтэй. Герман хүн Нобелийн шагнал хүртэхийг 1937 онд Гитлер хуулиар хориглож байв.

Нийгмийн шинжтэй нөгөө гурван шагналын салбар нь харин нэлээд эргэлзээ, маргаан, шуугиан үүсгэдэг. Нэг нь буюу эдийн засгийн Нобелийн шагнал эхнээсээ байгаагүй, Шведийн төв банк 1968 оноос өөрийн нэрэмжит шагнал буй болгоод хавсаргажээ. Гээд үүнийг дэлхий даяараа хүлээн зөвшөөрсөн билээ. Утга зохиолын шагналын олон эздийг голох шилэх, хардах явдал нэлээд буй. Утга зохиол нь тодорхой шинжлэх ухааны нэгэн адил барим тавим тодорхойлох шинжүүр үгүй, байлаа гээд тэр нь харьцангуй учраас тэр биз. Хамгийн гол шинжүүр нь цаг хугацаа, гэтэл утга зохиолын нэлээд нобелтнууд цагийн шалгуур даахгүй мартагджээ. Нобелийг муу хэлэх гэхээрээ цагийн бүх шалгуурыг давсан аугаа сартваахи Лев Толстой, Антон Чехов, Марк Твэйн гурвыг нэрлэх нь их байдаг. Хэн нь ч шагналыг хүртээгүй. Гэхдээ Нобелийн хороо анхны шагналаа Толстойд санал болгосон боловч тэрээр залуучуудыг дэмжихийг уриалаад эелдгээр татгалзсан юм билээ. Зөвхөн амьд хүнд хүртээдэг энэ шагнал, голлож цагийн шалгуураар хэмжигддэг утга зохиолын салбар хоёрын цаад мөн чанараас болоод алдаж онох нь их байдаг биз. Гээд юутай ч Киплинг, Тагүр, Роман Ролланд, Анатол Франс, Бэрнард Шоу, Томас Манн, Анрэ Жид, Элиот, Фоолкнэр, Эрнэст Хэмингвэй, Албэрт Камю, Жон Стэйнбэк, Кавабата, Хэнрих Бөлл, Гюнтэр Грасс, Гарсиа Маркюз, Тони Моррисон гээд аугаа зохиолчид Нобелийн шагнал хүртсэн. Шагнагдагсдыг утга уран сайхан гэхээсээ улс төрийн утгаар шагналаа гэх гомдол ялангуяа зохиолчийн эх орноос гарах явдал цөөнгүй. Бунинийг зөвлөлтүүд, Гао Шиньжэнийг хятадууд шагнал авлаа гэж ихэд эгдүүцэж байсан бол хоёр жилийн өмнө Нобел хүртсэн түрэг зохиолчийг Түрэгийн засгийн газар өдөөн хатгалга гэж нэрлэж байлаа. Тэр байтугай Борис Пастернакийг Зөвлөлт засгаас шахан хэрэв шагналаа авах юм бол эх орноос нь хөөнө гэж сүрдүүлж байгаад татгалзуулж дөнгөжээ. Түүнийг эс тооцвол шагнал авахаас татагалзсан өөр нэг хүн бий нь Францын сартваахи Жан Поол Сартр билээ. Нэрт улс төрч Винстон Чөрчилл “Дэлхийн хоёрдугаар дайн” гэсэн дурсамж номоороо, нэрт математикч Рассэл “Өрнийн философийн түүх” гэсэн философи-түүхийн номоороо энэ хүндтэй шагналын эзэн болж байсан.

Нобелийн шагналын хамгийн маргаантай салбар нь энх тайвны шагнал. Нобелийг үхснээс хойш Норвеги улс Шведээс тасарч тусгаар тогтнолоо зарласан учир энэ шагналыг Норвегийн парламентад хариуцуулжээ. Улаан загалмай нийгэмлэг, Цөмийн эрчим хүчний агентлаг, Дүрвэгсэдийн хороо гээд олон улсын байгууллагууд хэд хэд давхардаж хүртсэн ч гэсэн энэ тал дээр маргаан бага байдаг. Далай лам, Горбачёв, Сахаров, Ким Дэ Жүн, Лайнус Поолинг, Ань Сан Сүү зэрэгт өгсөн шагнал эх орон нэгтнүүдийнх нь болон засгийн газрынх нь эгдүүг хүргэж байсан. Америкийн ерөнхийлөгч Рүзвэльт, Вильсон, Картер, Обама болон төрийн нарийн бичгийн дарга Маршалл, Кинссенжер нарт өгсөн шагналыг америкчуудад хэт долигонолоо ч гэх нь бий. Харин Израилын нэрт террорист Мэнахэм Бэгин, палестины цуутай террорист Ясир Арафат нар хүртдэг нь ч юу ч юм билээ. Баахан алаан хядаан хийж явснаа одоо больдог юм бил үү гээд гэрээнд гарын үсэг зурсных нь төлөө шүү. Тэгээд ч гэрээ тун удахгүй цуцлагдсан, эсвэл огт мөрдөгдөхгүй байх жишээтэй. Гээд Нансэн, Оссецки, Брандт, Лютэр Кинг, Лүтүли, Тэрэза эх, Валенса, Түтү, Мандэлла зэрэг онцгой зүтгэлтнүүд энэ шагналыг хүртсэн нь бараг бүхний сэтгэлд нийцэж байсан. Энэ жилийн энхтайвны шагналыг Обама хүртлээ. Ирээдүйд хийж магадгүй зүтгэлд нь урьдчилж олголоо гэх шүүмж их байна. Хар арьстан анх удаа Америк гүрний ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь өглөө, гэхдээ Норвегийн нобелийн хороо ингэж шулуухан тайлбарлаж арай зүрхлэхгүй ичингүйрээд байгаа юм болов уу.

Энхтайванаас бусад салбар дахь шагналыг Нобелийн хороо их л удаан хүлээж байж шийдвэрээ гаргадаг болсон нь урьдын алдаанаас үүдэлтэй байх. Тухайн нээлт баталгаатай болохыг хараад буй хэрэг. Гелийн шингэлэгч нээсэн Капица нээлтээсээ хойш бараг 40 жилийн дараа шагналаа авчээ. Гэтэл энэ хооронд үхчихсэн бол тэгээд л өнгөрөө. Зарим тохиолдолд, жишээ нь Тайваны физикч Ли, Янг нар тэгш хэмийн зарчим зөрчигдөх тохиолдлыг нээсэн тэр жилдээ шагналаа авчээ. Мөн хэт дэмжуулагч нээсэн Бэднорц, Мюллер нарт ч ийм аз таарсан. Шагналыг хоёр удаа хүртсэн анхны хүн бол Францын нэрт физикч эмэгтэй Мариа Кюри билээ. Тэрээр нөхөртэйгээ физикийн салбарт хувааж авсан бол хэдэн жилийн дараа химийн салбарт шагнуулжээ. Охин Ирэн Кюри, хүргэн Жолио Кюри нар бас энэ хүндтэй шагналыг хүртжээ. Нэрт химич Лайнус Поолинг мэргэжлээсээ гадна энх тайвнаар давхар хүртсэн. Хагас дамжуулагч нээсэн Бардин сүүлд бас дахиж хүртсэн. Молекул биологиор хийсэн нээлтүүдээрээ Фрэдэрик Сэнгэр хошой шагналтан болсон. Утга зохиол, энх тайвны салбарт шагнал хүртсэн эмэгтэйчүүд цөөн биш, тодорхой шинжлэх ухаанд цөөн, харин эдийн засгийн салбар дахь анхны эмэгтэй шагналтан энэ жил төрлөө. 1901 оноос өгч эхэлсэн энэ шагнал зарим жилд зарим салбарт нэг бус удаа алгасаж байсан. Ялангуяа дэлхийн нэг, хоёр дугаар дайны дундуур шагнал өгөөгүй өнжиж байлаа. Физикээс эхэлж дугаарлаад энхтайванаар дуусдаг болохоор анхны шагналтан нь өнөөдөр бид “рэнтгэнд харуулна” гэж яриад байдаг икс туяаг нээсэн германы физикч Рөнтгэн бол хамгийн отгон нь АНУ-ын ерөнхийлөгч Обама болж таарлаа.

Нобелийн шагнал нь нэр хүндтэйн хэрээрээ аль ч улс орны нэг ёсны үндэсний томоохон бахархал болжээ. Өдий хүртэл олгогдсон шагналын хамгийн олон нь АНУ-д ноогддог нь шинжлэх ухаан технологийн хамгийн тэргүүн эгнээнд яваа энэ орны хувьд аргагүй бизээ. Араас нь англичууд явдаг юм билээ. 1948 онд Японы физикч Юкава хүртсэн нь Хойд Америк, Европын хүрээнээс энэ шагнал хальсан анхны тохиолдол. Өнөөдөр энэ шагналыг авахын төлөөх асар том өрсөлдөөн эрдэмтэд хоорондын хүрээнээс хальж улс үндэстний, томоохон үндэстэн дамнасан корпорациудын дунд болох ажээ. Япончууд онцгой анхаарал (лобби?) тавьсны хүчинд жил болгон шахам япон эрдэмтэн шагнагдах болов. Нэлээд хэдэн хятад үндэстэн шагнагдсан боловч чухам БНХАУ-аас Нобел авсан ганц ч хүн байхгүй нь хөгжлийн дээд эрэмбэ рүү улам бүр ойртон зүтгэж байгаа Бээжингийхнийг гонсойлгодог бололтой. Нобелийн хорооны гишүүдийг нутагтаа урин дайлж цайлсан явдал гарсан нь баригдаж цаад гишүүд ёс зүйн алдаа гаргасан хэргээр хорооноосоо хөөгдсөн явдал саяхан гарсан.

Нобелийн шагналыг жил бүрийн 12-р сарын 10 буюу Нобелийн нас барсан өдөр томоохон шоу ёслолын хүрээнд гардуулдаг ёс тогтжээ. Эхэндээ хүлээн авалт дээр шагнагдагч хундаганы үг хэлдэг байснаа сүүлдээ “Нобелийн лекц” гэх олон нийтэд зориулсан лекц уншдаг ёс гарчээ. Английн Ерөнхий сайд Чөрчилл утга зохиолын нобелийн шагнал гардаж авахдаа “Эрхэм дээд хаантан та эндүүрээгүй биз?” гэж асуусан нь магадгүй хамгийн товч “лекц байх. Одоо гол төлөв эдийн засаг, энх тайван, утга зохиолын салбарт шагнал хүртэгсэд зориуд бэлдсэн маш сайхан лекц уншдаг болжээ. Эндээс түүвэрлэн шилж, ялангуяа зориуд уншсан лекцийн ихэнхийг багтааж энэхүү “Нобелийн лекц” түүвэр номыг хэвлэн гаргаж байна.

No comments:

Post a Comment