Monday, November 23, 2009

Хэдий болтол татвар төлөгчдийн мөнгийг золиосонд гаргах бэ

Саяхан л хэвлэлийн бага хурал дээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа, иргэд хадгаламжаа битгий татаарай хэмээн мэдэгдэж байсан "Зоос" банк хаалгаа барьж, төрийн мэдэлд шилжлээ. Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал манай улсад нөлөөлсөн нь банкны салбар дахь алдаа дутагдал, хүндрэлийг илчлэн гаргахад хүргэв. "Зоос" банкны удирдлагууд "Монгол газар" компанид чадлаа мэдэхгүй 60 тэрбум төгрөг зээлсэн.

Эцэст нь зээл чанаргүй болж, банкийг хаалгаа барих хэмжээнд хүргэлээ. Ингэснээр татвар төлөгч ард түмэн лай ланчгийг нь үүрч, халаасан дахь хэдэн "цаас"-аа сэгсрүүлэхэд хүрч байна. Өөрөөр хэлбэл, "Зоос" банкийг улс мэдэлдээ авснаар 100 орчим тэрбум төгрөгийн зарлага гаргах бололтой. Харин хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болсон банкны эзэд, их хэмжээний өр ширээ төлөөгүй эрхэмд хариуцлага хэрхэн тооцох талаар одоохондоо яригдаагүй байна.

Манай улсын түүхэнд олон банк дампуурахад хохирлыг нь ард түмэн нуруундаа үүрсээр ирсэн. "ХОТШ", "Ард", "Сэргээн босголт" зэрэг банк дампуурах тоолонд төрөөс алдагдлыг дааж байв. Хамгийн сүүлд олон тооны хадгаламж зээлийн хоршоо дампуурахад мөн л төрөөс алдагдлыг хэсэгчлэн даалаа. Энэ мөнгө ард түмний халааснаас гарч байгаа. Хэрэв алдагдалд зарцуулсан тэрбумаар тоологдох хөрөнгийг ажлын байр бий болгоход зарцуулсан бол олон зуун хүн гудамжинд лааз өшиглөж явахгүй байв.

Эцэст нь банкууд ямар ч хариуцлага хүлээдэггүй. Мөн томоохон зээлдэгчдийн сураг ч тасарсан байдаг.

Тэгвэл энэ явдал дахин давтагдах вий гэсэн айдас төрүүлж байна. Хэдэн банкууд нь ээлж дараагаар дампуурахад төр татвар төлөгчдийн мөнгөнд гараа дүрсээр байвал хэцүү. Тухайлбал, "Анод" банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгийг төр хариуцаж, Монголбанкнаас 129 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.

Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Үүнийг эргүүлж авах баталгаа одоохондоо алга байна. Тус банкны 40 том зээлдэгчид олгосон 125.5 тэрбум төгрөгийн зээлийн 123 тэрбум нь чанаргүй болсон аж. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний мөнгө салхинд хийсэх бололтой. Дээрх чанаргүй зээлд"Монгол газар"-ын 16 тэрбум төгрөг багтаж байгаа. Ер нь банк дампуурахад ачаалал нь ард түмний нуруун дээр бууж байгааг зайлшгүй эргэж харах хэрэгтэй хэмээн иргэд үзэж байна.

Үүнээс гадна банкууд нэгдэх болов. Энэ нь сайн үзэгдэл гэдгийг төв банк төдийгүй, эдийн засагч, улстөрчид ам уралдан ярьж байгаа. Гэхдээ банкны нэгдэл төв банкнаас асар их хариуцлага шаардаж байгаа гэдгийг мартаж болохгүй. Учир нь банкууд нэгдсэнээр хямралын үед эрсдэлээс бүрэн гарлаа гэсэн үг биш. Нэгдэл нь эрсдэлийг бууруулж буй хэрэг юм. Банк нэгдсэнээр илүү өргөн хүрээг хамарч, манай улсын санхүүгийн салбарт чухал байр суурийг эзлэх болно. Үүнтэй адил нэгдмэл банк дампуурвал хор уршиг төдий хэмжээг ээр их байх болно.

Энэ хохирол нь цөөн тооны хүн бус ард түмэн, улс орны санхүүгийн салбарын хэмжээнд яригдах нь дамжиггүй. Төрийн нуруун дээр асар их ачаа ирэх нь ойлгомжтой. Иймд банк нэгдэж томрохын хэрээр түүнд тавих хяналтыг сайжруулах шаардлага урган гарч ирж байна. Харамсалтай нь энэ тал дээр гөв банк хангалттай үнэлгээ авч чадахгүй байгаа. Өмнө нь "Анод"-д байнгын шалгалт тавьж байсан боловч тус банкинд үүссэн доголдлыг эрт илрүүлж чадаагүй гэх шүүмжлэлийг дагуулсан. Мөн "Зоос" банк хууль зөрчин нэг зээлдэгчид их хэмжээний зээл олгосныг хожуу илрүүлсэн гэвэл хилсдэхгүй. Энэ талаар төв банкны удирдлагууд "тухайн зээлдэгч олон тооны компанийн нэр дээр зээл авсан байсан. Иймээс илрүүлэх боломж бараг байгаагүй" хэмээн өөрсдийгөө зөвтгөсөн. Тэгвэл яах ёстой талаар тодруулахад "компанийн бүртгэлийг сайжруулах хэрэгтэй" хэмээн хэлж байлаа. Энэ нь банкны салбарын хяналтыг сайжруулахад төв банк өөрөөс шалтгаалах зүйлийг хийхээс гадна бусад газруудтай хамтарч ажиллах шаардлагатайг харуулж байна.

Ядаж л компанийн бүртгэл сайн байсан бол "Монгол газар" их хэмжээний зээл хууль зөрчин авч чадахгүй байсан аж.

Ер нь цаашид хадгаламжийн даатгалын тогтолцоог бий болгох хэрэгтэй хэмээн эдийн засагчид зөвлөж байна. Ингэснээр банкны хяналт шалгалтын тогтолцоог уялдуулан сайжруулж болох юм. Өөрөөр хэлбэл, банкуудын cap, улирал, жилийн хяналтын шалгалтыг хадгаламж даатгагч байгууллага хийдэг байх нь зүйтэй аж. Мөн банкуудын нэгдлийн үйл явцаас гарах төрөл бүрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд банкуудад тавьж буй хяналтын системийг сайжруулах шаардлагатай юм байна. Ингэхдээ дотоод хяналтын бүтцийг бий болгохыг чухалчлах аж. Өөрөөр хэлбэл, жижиг хувьцаа эзэмшигчид банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт тавих юм. Өөрийнх нь хөрөнгийг өөрөөр нь хянуулах нь хамгийн шалгарсан арга байдаг. Энэ мэтээр банкны салбарын мэдээллийг хав дараад байхаас илүүтэй нээлттэй болгож, үүгээр дамжуулж хяналтыг сайжруулах арга замыг эхнээс нь авч хэрэгжүүлэх шаардлагатай аж. Хэдий болтол татвар төлөгчдийн мөнгийг дампуурсан банкны золиосонд гаргах вэ.

Л.Хуяг

No comments:

Post a Comment