Tuesday, November 24, 2009

Шинэ жилээр яагаад гацуур чимдэг вэ?


Айл бүр хоймортоо шинэ жилийн уур амьсгал орж эхлэнгүүт л шинэ жилийн ногоон гацуураа буюу зул сарын модоо чимэн тавьдаг. Гэхдээ хүн бүхэн яагаад гацуур мод чимж тавьдгийг мэддэг болов уу? Хүүхэд байхад л гацуур чимдэг байсан, одоо ч гацуур чимж байна. Цаашдаа ч мөн адил тэгэх болно.

Гэтэл гацуурхан юуг бэлгэдэж чимэглэгдэн, шинэ жилийн бэлгэдэл болсон талаар сонирхолтой мэдээг хүргэе.
Гацуур мод эрт дээр үеэс элбэг дэлбэг, сайхан  амьдралын бэлгэ тэмдэг болсоор иржээ. Хүмүүс зул сарын баярыг тэмдэглэж эхлэхээс өмнө, эртны Египетүүд арванхоёрдугаар сарын хамгийн богинохон өдрөөр  урт удаан амьдралыг бэлгэдэж гэртээ далдуу модны ногоон навч авч ирдэг байжээ. Ромчууд өвлийн баяраараа газрын бурхнаа магтан дуулж орон гэрээ ногоон навчаар чимдэг байв. Мэрэгч төлөгч нар нь царс модны мөчирт алтан алим өлгөдөг байжээ. Дундад зууны үед улаан алим өлгөсөн мөнх ногоон мод арванхоёрдугаар сарын 24-нд тэмдэглэдэг Адам, Евагийн баярын бэлэг тэмдэг болдог байв.
Зул сарын модны тухай хамгийн анхны бичвэр XVI зуунд хамаардаг байна. Германы Страсбург хотын баян, ядуу иргэд өвөл цагт гацуур модыг өнгийн цаас, жимс, ногоогоор чимдэг байж. Удалгүй энэ уламжлал бүх Европ даяар тархав.
Англи улсад энэхүү уламжлал гуравдугаар Георгийн эхнэр герман гүнжийн ачаар орж ирсэн. Тэрбээр Английн хааны ордны анхны гацуурыг засчээ. Харин 1840 онд Виндзорт хатан хаан Виктория, герман нөхөр Альберт Кобургскийн хамтаар хүүхдүүдэд зориулж гацуур зассан байна.
Oрос улсад зул сарын гацуур мод 1840-өөд оны үед дэлгэрсэн аж.
Харин Америкт энэ уламжлалыг Германы цагаач иргэд авчирсан гэдэг. 1804 онд Дирборн (одоогийн Чикаго) бэхлэлтэд байсан америк цэргүүд зул сарын баяраар зэргэлдээх ойгоос гацуур огтлон авчирчээ.
Гацуур мод улам бүр моодонд орж, Америкийн өнцөг булан бүрт дэлгэрэх болов. 1842 онд Вильямсбург, Виржини, Чарльз Миннегрод хотод мод чимэглэх эд зүйл худалдаалж эхэлсэн байна. Харин 1851 онд Марк Карр Нью-Йоркийн гудамжинд хоёр тэрэг дүүрэн гацуур мод авчирч наймаалсан нь Нэгдсэн улсын түүхэнд анх удаа гацуур мод худалдсан явдал болжээ.
Америкийн 14 дэх Ерөнхийлөгч Франклин Пирс Цагаан ордонд зул сарын гацуур мод засах уламжлалыг нэвтрүүлсэн аж. 1923 онд Ерөнхийлөгч Кэлвин Кулиж жил бүрийн зул сарын баяраар Цагаан ордны урд талбайд болдог баярын гацуур модыг гоёж, гэрэлтүүлэх ёслолын ажиллагааг санаачилж, хэрэгжүүлсэн байна. 1966 оноос одоог хүртэл Зул сарын гацуур модны үндэсний нийгэмлэг хамгийн сайхан модыг Цагаан ордонд авчирч, цэнхэр өрөөнд залдаг болжээ.
Мөн гацуур мод мусульман шашинтай орнуудад ч нэвтэрч амжжээ. Жишээ нь, 1960-аад оны үед Тегеран, Марокко улсад гацуур чимэглэсэн байна. Дэлхийн II дайнаас өмнө Турк улсад гацуур мод засч байсан боловч ой модыг хамгаалах зорилгоор 1936 онд Кемал Атарюк үүнд хориг тавьсан байна. Гацуур ургадаггүй зарим улсад баярын модыг өөр модоор орлуулдаг аж.
Чухам яагаад шинэ жилээр гацуур чимэглэдэг болсон талаар олон таамаг байдаг. Зарим нэг нь гацуурыг ид шидтэй мод хэмээн үздэгээс болсон гэлцдэг. Өргөс нь муу зүйл, чөтгөр, шулмын халдлагаас хамгаалдаг гэж үздэг байна. Харин Германы эрдэмтдийн үзэж байгаагаар хүмүүс өмнө нь гэртээ өөр төрлийн жимст модны мөчрийг усанд хийж тавьдаг байжээ.
Зул сарын баяраар мод нь цэцэглэх ёстой аж. Гэтэл заримдаа цэцэглэж чадахгүй тохиолдол гардаг (энэ муугийн тэмдэг) байснаас түүнийг мөнх ногоон гацуур модоор сольжээ. Бас нэг таамаглал нь, үр жимсээрээ гоёж, боловсорч гүйцсэн гацуур модыг библийн сударт “диваажингийн мод” гэж нэрлэсэнтэй холбоотой байж болзошгүй.

No comments:

Post a Comment