Tuesday, November 24, 2009

ТОГЛОЛТ БА ДУУ АВИАНЫ БИЧЛЭГИЙН ТУХАЙ ДОӨБ-ЫН ГЭРЭЭ

ТОГЛОЛТ БА ДУУ АВИАНЫ БИЧЛЭГИЙН ТУХАЙ ДОӨБ-ЫН ГЭРЭЭ

Оршил

Хэлэлцэгч талууд,

Дуу авиа бүтээгчид болон тоглогчдын эрхийг аль болох үр ашигтай, нэгдмэл хэлбэрээр хамгаалах явдлыг хөгжүүлэн, хэвшүүлэхийг эрмэлзэн,


Эдийн засаг, нийгэм, соёл, технологийн хөгжилд гарч буй асуудлуудыг зохицуулан шийдвэрлэх нөхцөл бүрдүүлэх зорилгоор олон улсын шинэ журам тогтоох шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрч,

Мэдээлэл, холбооны салбарын технологийн хөгжил, дэвшил нь дуу авианы бичлэг үйлдвэрлэх ба тоглох, ашиглахад үлэмж нөлөө үзүүлж байгааг хүлээн зөвшөөрч, тоглогчид болон дуу авианы бичлэг үйлдвэрлэгчдийн эрх ба өргөн олон нийтийн ашиг сонирхлын хоорондын тэнцвэрт байдлыг хадгалах шаардлагатайг, ялангуяа боловсрол, судалгаа ба мэдээлэл авах хэрэгцээг хүлээн зөвшөөрч, дараахь зүйлийг тохиров.

НЭГДYГЭЭР БYЛЭГ

НИЙТЛЭГ ЗYЙЛ

1 дүгээр зүйл

Бусад конвенцитэй уялдах нь

1. Энэхүү Гэрээний аливаа заалт Хэлэлцэгч талууд, 1961 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ромд үйлдсэн Дуу авианы бичлэг үйлдвэрлэгчид болон тоглогчдын эрхийг хамгаалах ба Нэвтрүүлэгч байгууллагуудын тухай Олон улсын Конвенци /цаашид “Ромын конвенци” гэнэ/-ийн дагуу харилцан хүлээсэн үүргийг хөндөхгүй.
2. Энэхүү Гэрээгээр олгосон хамгаалалт нь утга зохиол, уран сайхны бүтээлийн зохиогчийн эрхийг хөндөхгүй. Yүний дагуу, энэхүү Гэрээний аль ч заалт тийм хамгаалалтыг хязгаарлахгүй.
3. Энэхүү Гэрээ бусад гэрээнүүдтэй ямар ч холбоогүй бөгөөд тэдгээрт тусгагдсан үүрэг, хариуцлагыг хөндөхгүй.

2 дугаар зүйл

Тодорхойлолт

Энэхүү Гэрээний хувьд:

(a) “тоглогчид” гэдэгт жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин болон дүр бүтээдэг, дуулдаг, уран уншдаг, хөгжимддөг, утга зохиол, уран сайхны болон ардын урлагийн бүтээлийг гүйцэтгэн тоглодог бусад этгээдийг;
(b) “дуу авианы бичлэг” гэдэгт кино урлагийн бүтээл, эсвэл бусад дуу дүрс бичлэгийн бүтээлд оруулсан бичлэг хэлбэрээс бусад аливаа тоглолтын буюу бусад дуу авианы, эсвэл дуу авианы илэрхийллийн бичлэгийг;

(c) “бичлэг” гэдэгт холбогдох төхөөрөмжөөр хүлээн авч дахин үйлдвэрлэж дамжуулж болох дуу авианы буюу түүний илэрхийллийн биеллийг;
(d) “дуу авианы бичлэг үйлдвэрлэгч” гэдэгт тоглолтын буюу бусад дуу авианы, эсвэл тэдгээрийн илэрхийллийн бичлэгийг анх сэдэж хийсэн буюу хариуцлага хүлээх хувь хүн эсвэл хуулийн этгээдийг;
(e) бичигдсэн тоглолтыг буюу дуу авианы бичлэгийг “нийтлэх” гэдэгт бичигдсэн тоглолтын эсвэл дуу авианы бичлэгийн хуулбарыг эрх эзэмшигчийн зөвшөөрлөөр, зохих хувиар нийтэд гаргахыг;
(f) ”нэвтрүүлэх” гэдэгт шугаман бус холбоогоор дуу авиа, эсвэл дүрс ба дуу авиа, тэдгээрийн илэрхийллийг нийтийн хүртээл болгохыг; Тэднийг сансарын хиймэл дагуулаар дамжуулах нь “нэвтрүүлэг”-т тооцогдоно; сансрын хиймэл дагуулаар дамжуулагч байгууллага эсвэл түүний зөвшөөрөлтэйгээр тайлж уншдаг сигнал, дохио дамжуулах нь хэрвээ тайлж унших түлхүүрийг нийтэд өгсөн тохиолдолд мөн “нэвтрүүлэг” болно;
(g) тоглолтыг эсвэл дуу авианы бичлэгийг “нийтийн хүртээл болгох” гэдэгт дуу авианы бичлэгт бичигдсэн дуу авианы болон тоглолтын дуу авианы бичлэгийг нэвтрүүлэхээс бусад аливаа хэрэгслэлээр нийтэд дамжуулахыг ойлгоно. 15 дугаар зүйлд “нийтийн хүртээл болгох” гэдэгт дуу авиаг нийтэд сонсогдох дуу авианы бичлэгт бичигдсэн дуу авиа болон түүний илэрхийллийг гаргахыг тус тус ойлгоно.

3 дугаар зүйл

Энэхүү Гэрээгээр хамгаалагдах хүмүүс

(1) Хэлэлцэгч талууд бусад Хэлэлцэгч талын иргэн болох тоглогчид ба дуу авианы бичлэг үйлдвэрлэгчдийг энэхүү Гэрээгээр олгосон хамгаалалтад хамааруулна.
(2) Бусад Хэлэлцэгч талын иргэн гэдэгт хэрэв энэхүү Гэрээний Бүх хэлэлцэгч талууд Ромын Конвенцийн хэлэлцэгч тал болж байвал Ромын Конвенцид тусгасан хамгаалалт эдлэх шалгуурыг хангаж байгаа дуу авианы бичлэг үйлдвэрлэгчид, тоглогчдыг ойлгоно. Дээрх шалгуур хангахын тулд Хэлэлцэгч талууд энэхүү Гэрээний 2 дугаар зүйлийн холбогдох нэр томъёог авч хэрэглэнэ.
(3) Ромын Конвенцийн 5 дугаар зүйлийн (3) дэд хэсэгт эсвэл Конвенцийн 5 дугаар зүйлд тусгагдсан боломжийг ашиглаж байгаа аливаа Хэлэлцэгч тал дээрх заалтуудад өгүүлсэнчлэн Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий Захиралд мэдэгдэл өгнө.

4 дүгээр зүйл

Yндэсний журам

(1) Хэлэлцэгч тал бүр 3 дугаар зүйлийн (2) дэд хэсгийн дагуу энэхүү Гэрээгээр тусгайлан олгосон онцгой эрхийн хувьд болон энэхүү Гэрээний 15 дугаар зүйлд тусгасан зохих төлбөр авах эрхийн хувьд өөрийн иргэддээ олгож байгаа хамгаалалтыг бусад Хэлэлцэгч талын иргэдэд мөн адил олгоно.
(2) Өмнөх дэд хэсэгт тусгагдсан үүрэг нь энэхүү Гэрээний 15 дугаар зүйлийн 3 дэд хэсэгт зөвшөөрсний дагуу тайлбар хийхэд хамаарахгүй.

ХОЁРДУГААР БYЛЭГ

ТОГЛОГЧДЫН ЭРХ

5 дугаар зүйл

Тоглогчийн эд хөрөнгийн бус эрх

(1) Тоглогчийн эдийн засгийн эрхээс үл хамаарч, түүнчлэн тэдгээр эрхийг бусдад шилжүүлснээс ч хойш тоглогч нь өөрийн шууд тоглолтын буюу дуу авианы бичлэгт бичигдсэн тоглолтын хувьд, тоглолтыг хэрэглэх арга барилаас болж орхигдсоноос бусад тохиолдолд өөрийн тоглолтыг гүйцэтгэгч гэж нэрлүүлэхийг шаардах эрхтэй ба мөн түүний нэр хүндэд хохирол учруулж болохуйцаар түүний тоглолтыг өөрчлөх, гажуудуулахыг эсэргүүцэх эрхтэй.
(2) Өмнөх дэд хэсэгтэй уялдуулж тоглогчдод олгосон эрх нь түүнийг нас барсны дараа дор хаяж эдийн засгийн эрх нь дуустал хадгалагдах ба хамгаалалт бүхий Хэлэлцэгч талын хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн хувь хүн, эсвэл байгууллага уг эрхийг эзэмшиж болно. Гэвч энэхүү Гэрээнд нэгдэн орж байгаа болон батламжилж байгаа үед Хэлэлцэгч талын хууль тогтоомж нь өмнөх дэд хэсэгт тусгагдсан тоглогчийн бүх эрхийг түүний нас барснаас хойш хамгаалахгүй байвал Хэлэлцэгч талууд тоглогчийг нас барсны дараа зарим эрхийг нь хасч болно.
(3) Энэхүү зүйлээр олгосон эрхийг хангах хамгаалалтыг зохицуулах нь хамгаалалт бүхий Хэлэлцэгч талын хууль тогтоомжоор зохицуулагдана.

6 дугаар зүйл

Тоглогчид бичлэгт ороогүй өөрийн тоглолтын хувьд
эдлэх эдийн засгийн эрх

Тоглогчид өөрийн тоглолтын хувьд:

(1) Тоглолт нь өмнө нэвтрүүлснээс бусад үед өөрийн бичлэгт ороогүй тоглолтыг нийтийн хүртээл болгохоор нэвтрүүлэх буюу дамжуулах;
(2) Өөрийн бичлэгт ороогүй тоглолтын бичлэг хийхийг зөвшөөрөх онцгой эрхийг эдэлнэ.

7 дугаар зүйл

Хуулбарлах эрх

Тоглогчид дуу авианы бичлэгт бичигдсэн өөрсдийн тоглолтыг шууд буюу шууд бусаар аль ч хэлбэрээр хуулбарлахыг зөвшөөрөх онцгой эрх эдэлнэ.

8 дугаар зүйл

Тараах эрх

(1) Тоглогчид дуу авианы бичлэгт орсон өөрсдийн тоглолтын эх хувь буюу хуулбарыг худалдах буюу бусдад өмчлүүлэхээр шилжүүлэх, өмчлөгчийн эрхээ шилжүүлэх, бусад замаар нийтийн хүртээл болгохыг зөвшөөрөх онцгой эрх эдэлнэ.
(2) Энэхүү Гэрээний аль ч заалт (1) дэх хэсэгт заасан эрх тоглогчийн зөвшөөрлөөр бичлэг бүхий тоглолтын эх хувь болон хуулбарыг худалдах буюу бусдад өмчлүүлэхээр шилжүүлсэний дараа дуусгавар болох нөхцлийг тодорхойлох Хэлэлцэгч талын эрх чөлөөг үл хязгаарлана.

9 дүгээр зүйл

Төлбөртэй хэрэглүүлэх эрх

(1) Хэлэлцэгч талын хууль тогтоомжоор тогтоосны дагуу тоглогчид дуу авианы бичлэгт орсон өөрсдийн тоглолтын эх хувь буюу хуулбарыг өөрийн зөвшөөрлөөр тараасны дараа ч гэсэн нийтэд худалдааны зорилгоор төлбөртэй хэрэглүүлэхийг зөвшөөрөх онцгой эрх эдэлнэ.
(2) 1 дэх хэсгийн заалтыг үл харгалзан, 1994 оны 4 дүгээр сарын 15-нд дуу авианы бичлэг бүхий өөрсдийн тоглолтын хуулбарыг төлбөртэй хэрэглүүлсэний төлөө тоглогчдод зохих төлбөр олгох тогтолцоогоо хадгалж болох ба харин ингэхдээ дээрх худалдааны зорилгоор төлбөртэй хэрэглүүлэх нь тоглогчийн дахин үйлдвэрлэх онцгой эрхэд эд хөрөнгийн хохирол учруулахааргүй байвал зохино.

10 дугаар зүйл

Бичигдсэн тоглолтыг нийтэд толилуулах эрх

Тоглогчид дуу авианы бичлэгт бичигдсэн өөрсдийн тоглолтыг утасан ба утасан бус холбоогоор нийтэд, тэдний хүссэн цагт, хүссэн газарт толилуулах зөвшөөрөл өгөх онцгой эрх эдэлнэ.

ГУРАВДУГААР БYЛЭГ

ДУУ АВИАНЫ БИЧЛЭГ YЙЛДВЭРЛЭГЧИЙН ЭРХ

11 дүгээр зүйл

Хуулбарлах эрх

Дуу авианы бичлэг үйлдвэрлэгчид өөрсдийн дуу авианы бичлэгийг ямар ч арга хэлбэрээр шууд ба шууд бусаар хуулбарлах зөвшөөрөл өгөх онцгой эрх эдэлнэ.

12 дугаар зүйл

Түгээх эрх

(1) Дуу авианы бичлэг үйлдвэрлэгчид өөрсдийн дуу авианы бичлэгийн эх хувь ба хуулбарыг эзэмших эрхээ худалдах буюу бусад аргаар шилжүүлэх замаар нийтэд толилуулах зөвшөөрөл өгөх онцгой эрхийг эдэлнэ.
(2) Энэхүү Гэрээний аль ч заалт (1) дэх хэсэгт заасан эрх дуу авианы бичлэг үйлдвэрлэгчийн зөвшөөрлөөр дуу авианы бичлэгийн эх хувь ба хуулбарыг худалдах буюу бусдад өмчлүүлэхээр шилжүүлсний дараа дуусгавар болох нөхцлийг тодорхойлох Хэлэлцэгч талын эрх чөлөөг үл хязгаарлана.

13 дугаар зүйл

Төлбөртэй хэрэглүүлэх эрх

(1) Дуу авианы бичлэг үйлдвэрлэгчид өөрсдийн дуу авианы бичлэгийн эх хувь болон хуулбарыг худалдааны зорилгоор төлбөртэй хэрэглүүлэхээр нийтэд гаргахыг зөвшөөрөх онцгой эрхийг өөрийн зөвшөөрлийн дагуу тэднийг тараасны дараа ч гэсэн эдэлнэ.

(2) Өмнөх дэд хэсгийн заалтыг үл харгалзан 1994 оны 4 дүгээр сарын 15-ны байдлаар өөрсдийн дуу авианы бичлэгийг төлбөртэй хэрэглүүлсний төлөө дуу авианы бичлэг үйлдвэрлэгчдэд зохих төлбөр олгох тогтолцоогоо хадгалж болох ба харин ингэхдээ дээрх худалдааны зорилгоор төлбөртэй хэрэглүүлэх нь дуу авианы бичлэг үйлдвэрлэгчийн хуулбарлах онцгой эрхэд эд хөрөнгийн хохирол учруулахааргүй байвал зохино.

14 дүгээр зүйл

Дуу авианы бичлэгийг нийтэд танилцуулах эрх

Дуу авианы бичлэг үйлдвэрлэгчид өөрсдийн дуу авианы бичлэгийг утасан ба утасан бус холбоогоор нийтэд, тэдний хүссэн цагт, хүссэн газарт нь байлгах зөвшөөрөл өгөх онцгой эрх эдэлнэ.

ДӨРӨВДYГЭЭР БYЛЭГ

НИЙТЛЭГ ЗААЛТ

15 дугаар зүйл

Нэвтрүүлсэн ба нийтийн хүртээл болгосны төлөө
төлбөр авах эрх

(1) Тоглогчид ба дуу авианы бичлэг үйлдвэрлэгчид худалдааны зорилгоор нэвтрүүлэгт болон нийтэд толилуулахаар гаргасан дуу авианы бичлэгийг нь шууд буюу шууд бусаар хэрэглэсний төлөө нэг удаагийн зохих төлбөр авах эрх эдэлнэ.
(2) Хэлэлцэгч талууд үндэсний хууль тогтоомжид тоглогч болон дуу авианы бичлэг үйлдвэрлэгч, эсвэл хоёул нэг удаагийн зохих төлбөрийг хэрэглэгчээс шаардаж болохыг зааж болно. Хэлэлцэгч талууд, хэрэв тоглогч болон дуу авианы бичлэг үйлдвэрлэгч гэрээ байгуулаагүй тохиолдолд нэг удаагийн зохих төлбөрийг тэд хэрхэн хуваах нөхцлийг үндэсний хууль тогтоомжоор тогтоож болно.
(3) Аливаа Хэлэлцэгч тал, ДОӨБ-ын Ерөнхий захиралд хадгалуулсан мэдэгдэлдээ, өмнөх (1) дэх хэсгийн заалтыг зарим тохиолдолд хэрэгжүүлэх болон эсвэл тэрхүү заалтын хэрэгжилтийг зарим тохиолдолд хязгаарлах тухайгаа, эсвэл огт хэрэгжүүлэхгүй тухай тайлбар хийж болно.
(4) Энэхүү зүйлд, утасан ба утасан бус холбоогоор нийтэд, тэдний хүссэн цагт, хүссэн газарт толилуулсан дуу авианы бичлэгийг худалдааны зорилгоор гаргасан гэж ойлгоно.

16 дугаар зүйл

Хязгаарлалт, онцгойлох зүйл

(1) Хэлэлцэгч талууд өөрсдийн үндэсний хууль тогтоомжоор олгосон утга зохиол, уран сайхны бүтээлийн хамгаалалттай уялдуулж тоглогчид ба дуу авианы бичлэг үйлдвэрлэгчдийг хамгаалахын тулд адил хязгаарлалт, онцгойлох зүйлийг өөрсдийн үндэсний хууль тогтоомжид тусгаж болно.
(2) Хэлэлцэгч талууд энэхүү Гэрээгээр тогтоосон эрхийн хязгаарлалт болон онцгойлох зүйлийг, тоглолт болон дуу авианы бичлэгийг хэвийн ашиглахад харшлахгүй бөгөөд тоглогчдын болон дуу авианы бичлэг үйлдвэрлэгчдийн хууль ёсны ашиг сонирхолд шалтгаангүйгээр үл нөлөөлөх зарим онцгой тохиолдолд хэрэглэнэ.

17 дугаар зүйл

Хамгаалалт үргэлжлэх хугацаа

(1) Энэхүү Гэрээгээр тоглогчдод олгох хамгаалалтын үргэлжлэх хугацаа анх тоглолтыг бичлэгт буулгасан жилийн эцсээс эхлэн 50 жил дуустал үргэлжилнэ.
(2) Энэхүү Гэрээгээр дуу авианы бичлэг үйлдвэрлэгчдэд олгох хамгаалалтын үргэлжлэх хугацаа уг дуу авианы бичлэг нийтэлсэн жилийн эцсээс эхлэн наад зах нь 50 жилийн хугацаа дуустал үргэлжлэх ба эсвэл дуу авианы бичлэг хийгдсэнээс хойш 50 жилийн хугацаанд нийтэлж чадаагүй бол бичлэг анх хийгдсэн жилийн эцсээс хойш 50 жил байна.

18 дугаар зүйл

Техник үйл ажиллагаатай холбогдох үүрэг

Хэлэлцэгч талууд энэхүү Гэрээний дагуу эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тоглогчоос болон дуу авианы бичлэг үйлдвэрлэгчээс авч байгаа арга хэмжээг болон тэдний тоглолт ба дуу авианы бичлэгийн хувьд, тоглогчийн болон дуу авианы бичлэг үйлдвэрлэгчийн зөвшөөрөлгүй буюу хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагааг хязгаарлаж байгаа техник үйл ажиллагааг төөрөлдүүлэхийн эсрэг хуулийн зохих хамгаалалт болон хуулийн үр ашигтай арга хэмжээг авна.

19 дүгээр зүйл

Эрхийн удирдлагын мэдээлэлтэй холбогдох үүрэг

(1) Хэлэлцэгч талууд энэхүү Гэрээгээр хамгаалагдсан эрхийг зөрчих үндсийг тавьсан, зөрчихөд тусалсан буюу түүнийг нуусан дараахи үйлдлийг мэдсээр байж, эсвэл иргэний арга хэмжээний хувьд мэдэх бодит үндэслэлтэйгээр хийсэн аливаа хүний эсрэг авах зүй зохистой үр ашигтай хуулийн арга хэмжээгээр хангана. Yүнд:
I. Мэдээллийг зохицуулж удирдах эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр цахилгаан мэдээллийг устгах, эсвэл өөрчлөх;
II. Эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр устгасан, эсвэл өөрчилсөн гэдгийг мэдсэн хэрнээ тоглолтыг, эсвэл бичлэгт буулгасан тоглолтын буюу дуу авианы бичлэгийн хуулбарыг нь тараасан, эсвэл тараахаар оруулж ирсэн, нийтэд нэвтрүүлсэн буюу дамжуулсан.
(2) Энэхүү зүйлд хэрэглэсэнчлэн, “эрхийн удирдлагын мэдээлэл” гэдэгт тоглогч, тоглолтыг гүйцэтгэгч, дуу авианы бичлэг үйлдвэрлэгч, дуу авианы бичлэг, тоглолтын болон дуу авианы бичлэгийн аливаа эрхийг эзэмшигч эсвэл тоглолтын буюу дуу авианы бичлэгийн хэрэглэх хугацаа, нөхцлийг тодорхойлж байгаа, мөн тийм мэдээллийг илэрхийлж байгаа аливаа тоон болон кодон мэдээнүүд нь бичлэгт буулгасан тоглолтын буюу дуу авианы бичлэгийн хуулбарт тавигдсан, эсвэл бичлэгт буулгасан тоглолтыг буюу дуу авианы бичлэгийг нийтийн хүртээл болгоход гарч байгаа мэдээллүүдийг ойлгоно.

20 дугаар зүйл

Хэлбэрийн хувьд тавигдах шаардлага

Энэхүү Гэрээгээр олгосон эрхийг эдлэх ба хэрэгжүүлэхэд хэлбэрийн хувьд ямарваа нэгэн шаардлага тавихгүй.

21 дүгээр зүйл

Тайлбар хийх

15 дугаар зүйлийн (3) дэд хэсгийн заалтын хувьд, энэхүү Гэрээнд тайлбар хийхгүй.

22 дугаар зүйл

Хэрэглэх хугацаа

(1) Хэлэлцэгч талууд Бернийн конвенцийн 18 дугаар зүйлийн заалтыг зохих өөрчлөлттэйгээр энэхүү Гэрээгээр олгосон тоглогчийн болон дуу авианы бичлэг үйлдвэрлэгчийн эрхэд хамааруулж хэрэгжүүлнэ.
(2) Өмнөх дэд хэсгийг үл харгалзан Хэлэлцэгч тал энэхүү Гэрээний 5 дугаар зүйлийг тухайн талын хувьд энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсны дараа гарсан тоглолтод хязгаарлаж болно.

23 дугаар зүйл

Эрхийг хэрэгжүүлэх тухай заалт

(1) Хэлэлцэгч талууд өөрсдийн хуулийн тогтолцоотой уялдуулж энэхүү Гэрээний хэрэгжилтийг хангахад шаардлагатай арга хэмжээг авна.
(2) Хэлэлцэгч талууд энэхүү Гэрээгээр олгосон эрхийг зөрчиж байгаа аливаа үйлдлийн эсрэг үр ашигтай арга хэмжээ авах, зөрчлөөс сэргийлэх болон цаашид зөрчихөөс сэргийлэх арга хэмжээ авах зорилгоор эрхийг хэрэгжүүлэх журмыг өөрсдийн хууль тогтоомжид тусгаж өгнө.

ТАВДУГААР БYЛЭГ

ЗАХИРГААНЫ БОЛОН ТӨГСГӨЛИЙН ЗААЛТ

24 дүгээр зүйл

Чуулган

(1) (a) Хэлэлцэгч талууд Чуулгантай байна.
(b) Хэлэлцэгч тал бүрийг нэг төлөөлөгч төлөөлөх бөгөөд тэрээр орлогч, зөвлөх, шинжээч нартай байна.
(c) Төлөөлөгч бүрийн зардлыг томилсон хэлэлцэгч тал хариуцна. Чуулган НYБ-ын Ерөнхий Чуулганаас тогтоосон журмын дагуу хөгжиж байгаа орон гэж тооцогддог, эсвэл зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа орон болох Хэлэлцэгч талын төлөөлөгчдийн оролцоог хялбаршуулах зорилгоор санхүүгийн туслалцаа үзүүлэхийг Дэлхийн оюуны өмчийн байгууллага /цаашид ДОӨБ гэнэ/ -аас хүсч болно.
(2) (a) Чуулган энэхүү Гэрээг хадгалах, хөгжүүлэх болон энэхүү Гэрээний
хэрэгжилт, үйл явцтай холбоотой асуудлыг шийдвэрлэнэ.

(b) Чуулган, зарим нэгэн Засгийн газар хоорондын байгууллага энэхүү гэрээнд нэгдэн орох асуудлын хувьд 26 дугаар зүйлийн (2) дэд хэсгээр түүнд даалгасан арга хэмжээг хэрэгжүүлнэ.
(с) Чуулган энэхүү Гэрээг дахин хянаж үзэх Дипломат бага хурал хуралдуулах
шийдвэр гаргах ба Дипломат бага хуралд бэлтгэх шаардлагатай
зааварчлагыг ДОӨБ-ын Ерөнхий захиралд өгнө.
(3) (a) Хэлэлцэгч тал бүр өөрөөр хэлбэл Улс санал өгөх нэг эрх эдлэх ба зөвхөн
өөрийнхөө өмнөөс санал өгнө.
(b) Засгийн газар хоорондын байгууллага болох Хэлэлцэгч тал өөрийн Гишүүн
Улсынхаа өмнөөс санал өгөхөд оролцож болно. Хэрэв тийм Гишүүн Улс
санал өгөх эрхээ өөрөө эдлэх тохиолдолд аль ч Засгийн газар хоорондын
байгууллага санал өгөх ёсгүй бөгөөд мөн эсрэгээр адилхан байна.
(4) Чуулган ДОӨБ-ын Ерөнхий захирал зарлан хуралдуулснаар хоёр жилд нэг удаа ээлжит хуралдаан хийнэ.
(5) Чуулган өөрийн үйл ажиллагааны журмыг тогтоох ба үүнд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах санал өгөх кворум, энэхүү Гэрээний заалтанд тусгагдах асуудлууд, олон асуудлаар шийдвэр гаргахад шаардагдах олонхийн санал зэрэг багтана.

25 дугаар зүйл

Олон улсын товчоо

ДОӨБ-ын Олон улсын товчоо нь энэхүү Гэрээтэй холбоотой захиргааны зорилтуудыг гүйцэтгэнэ.

26 дугаар зүйл

Гэрээнд нэгдэн орох шалгуур

(1) ДОӨБ-ын аливаа гишүүн Улс энэхүү Гэрээнд нэгдэн орж болно.
(2) Чуулган, энэхүү Гэрээгээр хамарсан асуудлуудын талаар бүрэн ойлгоцтой бөгөөд гишүүн Улсуудаа өөрийн хууль тогтоомжоороо зохицуулдаг, дотоод дүрэм журмынхаа дагуу Гэрээнд нэгдэн орох эрх бүхий Засгийн газар хоорондын байгууллагыг гишүүнээр авах асуудлыг шийдвэрлэнэ.
(3) Энэхүү Гэрээгээр баталсан Дипломат бага хурлаар өмнөх хэсэгтэй холбогдуулж тайлбар хийсэн Европын нийгэмлэг уг Гэрээнд нэгдэн орж болно.

27 дугаар зүйл

Гэрээний дагуу эдлэх эрх ба хүлээх үүрэг

Энэхүү Гэрээнд тусгайлан өөрөөр заагаагүй бол Хэлэлцэгч тал бүр энэхүү Гэрээгээр олгосон эрхийг эдлэх ба үүргийг хүлээнэ.

28 дугаар зүйл

Гэрээнд гарын үсэг зурах

Энэхүү Гэрээ ДОӨБ-ын аливаа гишүүн Улс болон Европын холбоо 1997 оны 12 дугаар сарын 31 хүртэл гарын үсэг зурахад нээлттэй.

29 дүгээр зүйл

Гэрээ хүчин төгөлдөр болох

Энэхүү Гэрээг батламжилсан буюу нэгдэн орсон тухай 30 баримт бичгийг ДОӨБ-ын Ерөнхий захирал хүлээн авч хадгалснаас хойш гурван сарын дараа Гэрээ хүчин төгөлдөр болно.

30 дугаар зүйл

Гэрээнд нэгдэн орох хүчинтэй хугацаа

Энэхүү Гэрээгээр:
I. 29 дүгээр зүйлд дурдсан 30 улс энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхэлж;
II. бусад аливаа улс ДОӨБ-ын Ерөнхий захиралд баримт бичгээ хадгалуулахаар өгснөөс хойш гурван сарын хугацаа дуусмагц;
III. Европын холбоо энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсны дараа батламжилсан буюу нэгдэн орсон баримт бичгээ хадгалуулснаас хойш гурван сарын хугацаа өнгөрсөн, эсвэл баримт бичгээ энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө хадгалуулсан бол Гэрээг хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын дараа;
IV. Энэхүү Гэрээнд нэгдэн орох эрх бүхий өөр бусад олон улсын Засгийн газар хоорондын байгууллага нэгдэн орсон баримт бичгээ хадгалуулснаас хойш гурван сарын хугацаа дууссаны дараа тус тус үүрэг хүлээнэ.

31 дүгээр зүйл

Гэрээг цуцлах

Аливаа Хэлэлцэгч тал энэхүү Гэрээг цуцлах тухай мэдэгдлээ ДОӨБ-ын Ерөнхий захиралд өгснөөр цуцална. ДОЄБ-ын Ерөнхий захирал дээрх мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш нэг жилийн дараа Гэрээг цуцалсанд тооцно.

32 дугаар зүйл

Гэрээний хэл

(1) Энэхүү Гэрээг англи, араб, хятад, франц, орос ба испани хэлээр тус бүр нэг хувь эх бичвэр үйлдэж гарын үсэг зурна. Эдгээр хэл дээрх бичвэрүүд бүгд адил хүчинтэй байна.
(2) Өмнєх хэсэгт дурдсанаас бусад хэлээр нийтлэгдсэн албан ёсны эх бичвэрийг сонирхогч байгууллагатай зєвлєлдсєний дараа сонирхогч талын хүсэлтээр ДОӨБ-ын Ерєнхий захирал тогтооно. Энэхүү хэсэгт зорилгод “сонирхогч тал” гэдэгт албан ёсны хэл нь, эсвэл албан ёсны хэлнүүдийн нэг нь хэрэглэгдэж байгаа ДОӨБ-ын гишүүн улс, мєн энэхүү Гэрээнд нэгдэн орох эрх бүхий, аль нэг албан ёсны хэл нь хэрэглэгдэж байгаа Европын холбоо болон бусад олон улсын Засгийн газар хоорондын байгууллагыг ойлгоно.

33 дугаар зүйл

Хадгалагч

ДОӨБ-ын Ерєнхий захирал энэхүү Гэрээний хадгалагч байна.

Төгсөв.

No comments:

Post a Comment