Tuesday, November 24, 2009

Төрөөс олгох сургалтын тэтгэлгийн хэмжээг төлбөрийн 50 хувиар тогтооход болно гэж ихэнх иргэд үзжээ

Оюутны сургалтын тэтгэлгийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн наймдугаар сард зарлиг гаргаж байгуулсан. Тус ажлын хэсгийн ажлын явцтай Ерөнхийлөгч өнөөдөр танилцсан байна.

Ажлын хэсгийнхэн Ерөнхийлөгчид юуны өмнө оюутны сургалтын тэтгэлгийн асуудлаар олон нийтийн дунд явуулсан социологийн судалгааны дүнг танилцуулжээ.

Судалгааг аравдугаар сарын 7 – 12 – ны өдрүүдэд Улаанбаатар хот, Орхон, Дархан – Уул, Ховд, Завхан, Дорнод болон Хэнтий аймагт явуулж 1500 хүнээс санамсаргүй түүврийн аргаар асуулга тавих замаар мэдээлэл цуглуулсан байна. Судалгаанаас үзэхэд манай орны нийт өрхийн 65, 5 хувь нь их, дээд сургуульд сурдаг оюутантай, үүний 20, 7 хувь нь хоёр оюутан бүхий гэр бүл аж. Өөрөөр хэлбэл манай улсын хүн амын тэн хагасаас илүү хувь нь оюутны амьдрал ахуй, зовлон жаргалтай ямар нэгэн байдлаар холбогдсон хүмүүс байдаг байна.

Судалгаанд оролцогчдын 82, 6 хувь нь их, дээд сургуулийн оюутанд төрөөс сургалтын тэтгэлэг өгөх шаардлагатай хэмээн үзжээ. Гэхдээ тэдний олонх нь “төрөөс олгох тэтгэлгийн хэмжээг сургалтын төлбөрийн 50 хувиар тогтооход болно, үлдсэн хувийг суралцагч өөрөө хариуцах нь зүйтэй” гэж үзжээ.

Ерөнхийлөгч мөн үеэр “Дээд боловсролын санхүүжилт, оюутны сургалтын тэтгэлэг, нийгмийн баталгааны тухай” хуулийн үзэл баримтлал, Оюутны сургалтын тэтгэлэг, стипенди, тэтгэмжид зарцуулах хөрөнгийн тооцоо, “Дээд боловсролын санхүүжилт, оюутны сургалтын тэтгэлэг, нийгмийн баталгааны тухай” хуулийн төсөлтэй зүйл, заалт нэг бүрээр нь танилцжээ. Үүний дагуу Ерөнхийлөгч хуулийн төсөлд зайлшгүй тусгавал зохих асуудлууд болоод зүйл заалтуудын уялдаа холбоо, хамрах хүрээ, зохицуулах шаардлагатай асуудал болон хуулийг хэрэгжүүлснээс гарах эерэг, сөрөг үр дагавар, бусад хуульд оруулах өөрчлөлт зэргээр тодорхой санал зөвлөгөө гаргаж, ажлын хэсгийн гишүүдэд үүрэг, чиглэл өгсөн байна.

Түүнчлэн тус хуулийн төслийг БСШУ – ны сайдад танилцуулан санал авсны үндсэн дээр томоохон их сургуулиудын багш, оюутнуудад газар дээр нь танилцуулан хэлэлцүүлэхийг даалгажэ

No comments:

Post a Comment