Tuesday, November 24, 2009

Монголын үнэт цаасны зах зээл

Монголын үнэт цаасны зах зээлийг эрчимжүүлэхийн тулд

Монголын үнэт цаасны зах зээлийг гадаадийн хөрөнгө оруулагчид ихээр сонирхох болсон нь сүүлийн үед ихээр ажиглагдах болсон. Тэгвэл гадаадын хөрөнгө оруулагчид МУ-ын үнэт
цаасны зах зээлийн хөгжлийн өнөөгийн байдал болон тулгамдсан асуудлуудыг хөндөн тавьсаныг та бүхэн сонирхон уншина уу.
Фронтиер (үнэт цаасны компани)

Агуулга

1. Үнэт цаасны зах зээлийн үүсэл ба одоогийн байдал
Үнэт цаасны зах зээлийн үүсэл
Үнэт цаасны зах зээлийн хөгжил
Үнэт цаасны зах зээлийн одоогийн байдал
2. Үнэт цаасны зах зээлийн асуудалтай тал
Хөрвөх чадваргүй байдал
Мэдээллээ нийтэд мэдээлэхгүй байдал
3. Үнэт цаасны зах зээл үйл ажиллагаагаа сайн явуулахгүй байгаа шалтгаан
Түүхэн шалтгаан
Зах зээлд оролцогчдын үнэт цаасны зах зээлд хандах ёс зүйн дутагдал
Зах зээлийг жолоодох үүргийн дутагдал
Хөрөнгө оруулагчид үнэт цаасны талаар хангалттай мэдлэггүй байгаа явдал
4. Зах зээлийн хоосролын боломжит байдал
5. Зах зээлийг эрчимжүүлэхийн тулд шаардлагатай зүйлс
----Монгол маягийн Биг банг (Санхүүгийн системийн шинэчлэл)-ийн боломж
Дэлхийн стандартыг хангасан зах зээлийг байгуулахын тулд
Бодит бодлогууд
Зах зээлүүд дээрх арга хэмжээ

Гол хэсэг
1. Үнэт цаасны зах зээлийн үүсэл ба одоогийн байдал

Үнэт цаасны зах зээлийн үүсэл
Монголын үнэт цаасны зах зээл 1992 оноос хойш Монгол Улс социалист эдийн засгаас капиталист эдийн засаг руу шилжих явцад улсын өмчийн компаниудын хувьцааг ард түмэнд үнэгүй олгох явдал дээр үүсгэн байгуулагдсан. Үүнийг дагалдан улсын өмчийн компаниуд компани гэдгийн үндэс суурьтай холбоогүйгээр автоматаар “бүртгэлтэй компани” болсон учиртай. Ийм маягаар “Хөрөнгийн зах зээл дээр бүртгүүлэх явдал” өөр улсад бараг байдаггүй ба үүний дараа ч үнэт цаасны зах зээлийн хөгжилд нөлөөгөө үзүүлсээр байна.
Үнэт цаасны зах зээлийн хөгжил
“Хөрөнгийн биржид бүртгэлтэй компани” болсон хуучны улсын өмчийн компаниудын хувьцаа эхэндээ хувь хүний хөрөнгө оруулагчдад тараагдсан боловч дараа нь аажим аажмаар хэдхэн тооны томоохон хөрөнгө оруулагчдын гарт шилжсэн. Улмаар одоо 380 ширхэг байгаа бүртгэлтэй компаний бараг 90 %-ийг олон жилийн дараа тэдгээр томоохон хөрөнгө оруулагчид эзэмших болсон. Эхэндээ олон тооны хувь хөрөнгө оруулагчдад тараагдсан хувьцааны олонх нь энэ хооронд худалдагдсан юмуу алга болсон гэж үздэг. Мөн одоог хүртэл хувьцаагаа хадгалж байсан хөрөнгө оруулагчид хадгалсан хэвээр, хувьцаа бүрийн үнийн нөхцөл байдлын үндсийг харж байж чадавхиараа хөрөнгө оруулж байгаа хөрөнгө оруулагч бараг байхгүй байдалтай байна. Улмаар өнгөрсөн жилийг хүртэл хөрөнгийн биржийг бүрдүүлэгч индексийн хөдөлгөөн бага бөгөөд хувьцааны арилжаалагдсан хэмжээ нийт зах зээлд өдөрт 10 сая (төгрөг)-т хүрэхгүй байна.

Үнэт цаасны зах зээлийн одоогийн байдал
1. Гэвч хувьцаа арилжаалдаг зах зээл энэ жилийн 2-р улиралд (4-р сараас хойш) өсөж эхэлсэн. Жишээлбэл Монголын гол бүртгүүлсэн компаниас бүрддэг Топ20 индекс ердөө таван сарын хугацаанд хэд дахин нэмэгдсэн. Мөн нэг өдрийн арилжаа сүүлийн үед 100 сая (төгрөг)-ийг давж гарах өдрүүд олширч байна. Үүний шалтгаан нь цаашид зах зээлийн шинэчлэл ба Монголын эдийн засаг, компаниудын өсөлтийн талаар хүлээлт хийж байгаа хөрөнгө орж ирж байгаа явдал юм. Өнгөрсөн жилээс эхэлсэн Хятад, Энэтхэг, Вьетнамаас авахуулаад шинээр гарч ирж зах зээлүүдийн хувьцааны өсөлттэй уялдан цаашид жижиг зах зээл рүү хөрөнгө урсах байх гэсэн таамаглал үндэс нь болж байна. Худалдан авагч гол хүмүүс нь БНСУ, Япон, Америк зэрэг гадаадын хувь хөрөнгө оруулагчид болон гадаадад ажиллаж байгаа монголчууд юм. Гэхдээ арилжааны хэмжээ нэмэгдсэн гэж хэлж болох ч гадаадын байгууллагын хөрөнгө оруулагчид зах зээлд оролцохоор хэмжээнд хүрсэн гэсэн үг биш. Жишээлбэл 380 бүртгэлтэй компаниуд дотор өдөр тутам арилжаа хийгддэг нь 20 хэдэн компаниас хэтрэхгүй байдалтай байна.
2. Мөн түүнчлэн бондын зах зээлийн хувьд засгийн газрын болон компаний бондын зах зээлийн аль нь ч зах зээл гэдэг утгаараа бүрэн дүүрэн үүрэг гүйцэтгэж чадахгүй байна. Засгийн газрын бондын худалдан авагчаар бараг дотоодын томоохон банкууд зонхилж байна. Түүнчлэн компаний бондыг дотоодын томоохон хөрөнгө оруулагч болон хувь хөрөнгө оруулагчид эзэмшиж байна. Эдгээр зах зээлд оролцогчид тооны хувьд хувьцааны зах зээлд оролцогчдоос хамаагүй бөгөөд хэдхэн хөрөнгө оруулагчид оролцож байгаагаас хэтрэхгүй.
2.Үнэт цаасны зах зээлийн асуудалтай тал
Хөрвөх чадварын дутагдал
Хувьцааны зах зээлийн хувьд ч, бондын зах зээлийн хувьд ч хангалттай хөрвөх чадвар байхгүй байгаа нь ноцтой асуудал юм. Үнэт цаас гаргагч компаний хувьд энэ нь хангалттай санхүүжилтийн чадвар байхгүйг илэрхийлж хөрөнгийн зах зээл гэдэг утгаараа татах чадвар муутай гэсэн үг болно. Мөн хөрөнгө оруулагчдын хувьд хангалттай хөрвөх чадвар байхгүй л бол авч зарахын зах зээлийн нөлөө нь их байж зах зээлд оролцох зардал ихэснэ. Хичнээн зах зээлийн өсөлтийн шинж байлаа ч байгууллагын хөрөнгө оруулагч оролцохгүй байгаа нь дээрхтэй холбоотой.
Мэдээллээ ил тод болгодоггүй дутагдал
Зах зээлийн хөрвөх чадварын хамтаар хөрөнгө оруулагчдын хувьд чухал нь хөрөнгө оруулах үнэт цаасны талаарх мэдээлэл бүрэн олдох эсэх явдал юм. Энэ нь бүрэн дүүрэн хангагдаагүй бол шударга зах зээл гэж хэлж чадахгүй.
3. Үнэт цаасны зах зээл сайн ажиллахгүй байгаагийн шалтгаан
Түүхэн шалтгаан
Үнэт цаасны зах зээл сайн ажиллахгүй байгаа шалтгааны нэг нь дээр дурдсан түүхэн шалтгаан юм. Өөрөөр хэлбэл хуучны улсын өмчийн компаний хувьцааг үнэгүйгээр ард түмэнд тарааснаас болж удирдах газар одоог хүртэл тэдгээр хөрөнгө оруулагчдыг хамгаалах гэсэн хэцүү асуудлыг үүрсээр байна. Чухамдаа бол бүртгүүлэхэд шаардагдах шинээр бүртгүүлэх болон бүртгэлээ үргэлжлүүлэх шаардлагыг хангахгүй л бол олон тооны хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авдаг зах зээлийн үүргийг гүйцэтгэдэггүй учраас МХБ нарийн нягтаар шинээр бүртгүүлэх болон бүртгэлээ үргэлжлүүлэх шаардлагадаа үндэслэн бүртгэлтэй компаниудыг сорьж байх хэрэгтэй. Жишээлбэл бүртгэлтэй 380 компани дотор шаардлага хангасан санхүүгийн тоо баримтаа тогтмол хугацаанд МХБ-д өгдөг нь 70 компани л байна. Гэвч санхүүгийн тоо баримтаа байнга өгдөггүй 310 компанийг гэнэт бүртгэлээс хасвал хөрөнгө оруулагчдын үймээн самуун гарах тул аажим аажмаар зохицуулах гэж байгаа нь удирдах газрын санаа юм.
l Зах зээлд оролцогчдын үнэт цаасны зах зээлд хандах ёс зүйн дутагдалтай байдал
Бас нэг асуудалтай тал бол зах зээлд оролцогчдын үнэт цаасны зах зээлд хандах ёс зүйн дутагдалтай байдал юм. Жишээлбэл, бүртгэлтэй компаний захирлууд хувьцаа эзэмшигчдийнхээ төлөө компаний үйл ажиллагааг сайжруулж хувьцаа эзэмшигчдэд ноогдол ашиг, хувьцааны үнийн өсөлт зэрэг хэлбэрээр шагнал өгөх хэрэгтэй байтал ийм бодолтой захирал ховор хэвээр байна. Мөн хөрөнгө оруулагчид ч гэсэн үнэндээ бол дотоод мэдээлэл ашиглаж арилжаанд оролцох ёсгүй байтал ямар ч арга хэрэглэсэн хамаагүй гэсэн бодолтой байна.
Зах зээлийг удирдах чадавхийн бэлэн бус байдал
Хөрөнгө оруулагчид ба компаний захирлуудын эдгээр ёс зүйн үзэл бодлын дутагдалтай байдлын ард байгаа нь зах зээлд хандан удирдах чадавхийн бэлэн бус байдал юм. Жишээлбэл барууны орнуудад хуурамч санхүүгийн тайлан баланс нийтэд мэдээлсэн захирлуудад эрүүгийн шийтгэлийг багтаасан хатуу шийтгэл байдаг. Мөн дотоод мэдээлэл ашигласан арилжааны хувьд ч адил байдаг. Зах зээлд оролцогчдын үйлдлийг ингэж хатуу хянах явдал Монголд дутагдалтай байна.
Хөрөнгө оруулагчдад үнэт цаасны талаар хангалттай мэдлэг байхгүй
Түүнчлэн хөрөнгө оруулагчид өөрийнхөө хариуцлага дээр суурилан хөрөнгө оруулахад өөрийн гэсэн үнэт цаасны талаарх мэдлэг шаардлагатай боловч тийм мэдлэг хөрөнгө оруулагчдад дутагдаж байгаа нь асуудал юм.
4. Зах зээлийн хоосролын аюул
Энэ хэвээрээ Монголын үнэт цаасны зах зээл бэлтгэлгүй байдлаар хөгжвөл дотоодын компаний хөрөнгө босголт өнөөг хүртэлх шиг банкнаас хамаарсан хэвээр үлдэнэ. Гэвч банкны зээлийн хүү жилд 15-25% буюу өндөр хэвээр байгаа бөгөөд дотоодын эдийн засгийн хөгжилд дарамт болсоор байна. Ялангуяа уул уурхайн салбар нь Монголын хувьд хамгийн чухал салбар болж чадах боловч угаасаа банкнаас зээл авах үед шаардлагатай барьцааны хөрөнгийг тогтооход хэцүү байдаг тул санхүүжилт авахад тохиромжгүй салбар гэгдэж байна. Жишээлбэл, АМГТХЭГ-ын тогтоосноор 6000 ширхэг ашигт малтмалын лицензийн дотор санхүүжигдэх төлөвтэй нь дөнгөж 150-иас хэтрэхгүй байна. Үүнээс улбаалан хөрөнгийн зах зээлийг бэлтгэх болон түүний хөгжил нь уул уурхайн компаниуд төдийгүй улс орны хувьд хамгийн чухал зорилт гэж хэлж болно. Мөн дотоодын хүчирхэг компаниуд аль хэдийнэ Монголын хөрөнгийн зах зээл рүү нуруугаа харуулж Лондон, Хонгконг, Сингапур зэрэг гадаадын зах зээл дээр хөрөнгө босгох арга зам хайж байна. Энэ хөдөлгөөн сүүлийн үед газар авч байгаа бөгөөд дараа жил гадаадын зах зээл дээр хөрөнгө босгох гэж байгаа хэд хэдэн банк болон уул уурхайн компаниуд байна. Сүүлийн үед Ройтер, ЕвроМани, KPMG зэрэг олон улсын санхүүгийн үйлчилгээний компаниуд Монголд бага хурал зохион байгуулж байгаа нь үүний баталгаа юм. Ямартай ч эртхэн дотооддоо хөрөнгийн зах зээлийг бэлэн болгохгүй бол Монголын үнэт цаасны зах зээл хоосрох эрсдэл байна гэж хэлж болно.

5. Зах зээлийг эрчимжүүлэхийн тулд шаардлагатай зүйлс
(Монгол маягийн Биг банг)
Зах зээлийг эрчимжүүлэхийн тулд Монгол маягийн Биг банг чухал байна. Өөрөөр хэлбэл, барууны орнуудад явагдсан санхүүгийн зах зээлийн Биг бангаас жишээ авч дэлхийн стандартад тохирох үнэт цаасны зах зээлийг шинээр бүрдүүлэх нь чухал юм.
l Дэлхийн стандартыг хангасан зах зээлийг бүрдүүлэхийн төлөө
Дэлхийн стандартыг хангасан зах зээлийг бүрдүүлэхийн төлөө чөлөөтэй, шударга, олон улсын гэсэн гурван зарчмыг дагаж хэд хэдэн шинэчлэл явуулах явдал чухал байна. Чөлөөтэй гэдэг нь зах зээлийн хуулиуд ажилладаг чөлөөтэй зах зээлийг бүрдүүлэхийн тулд зах зээлд орох, бүтээгдэхүүнийг чөлөөлөх зэргийг явуулна гэсэн утгатай. Тодорхой хэлбэл, шинэ хүчтэй компаниудыг зах зээлд гаргахын тулд банк, үнэт цаас, даатгалын салбар луу чиглэсэн гадаадын хөрөнгийг багтаан зах зээлд орох явдлыг дэмжих нь зүйтэй. Мөн олон тооны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдэд санал болгодог болохын тулд үнэт цаас болон банкны явуулж байгаа бизнесийг өргөжүүлэх нь чухал биз ээ. Шударга гэдэг нь ил тод бөгөөд итгэж болох зах зээлийг бүрдүүлэхийн тулд дүрэм журмыг тодорхой болгох, ил тод байдал, хөрөнгө оруулагчдыг хамгаалах гэсэн утгатай. Тодорхой хэлбэл хөрөнгө оруулагчийн хувь хүний хариуцлагын зарчмыг бий болгохын тулд бүрэн дүүрэн мэдээллээр хангах ба дүрэм журмыг тодорхой болгох зэрэг нь зайлшгүй бөгөөд мэдээллээ нийтэд ил болгох явдлыг хангалттай болгож сайжруулах нь чухал. Мөн дүрэм журам зөрчсөн үед үзүүлэх шийтгэлийг хатуу оноох шаардлагатай байна. Олон улсын гэдэг нь олон улсын хэмжээний зах зээл болгохын тулд глобальчлалд тохирсон хууль эрхзүйн систем, нягтлан бодох бүртгэлийн систем, мониторингийн системийг бүрдүүлэх явдлыг хэлнэ. Тодруулбал, үүсмэл үнэт цаас зэрэгт зориулсан хууль эрхзүйн системийг бүрдүүлж, нягтлан бодох бүртгэлийн системийг олон улсын стандартад нийцүүлж хатуу чанга мөрдөх нь чухал бөгөөд олон улсын түвшний мониторингийн системийг бий болгох нь амин чухал болов уу. Дашрамд дурдахад дээр дурдсан гурвын дотор шударга болон олон улсын гэдэг нь ялангуяа чухал юм. Чөлөөтэй гэдэг нь Монголд бараг баталгаажсан бөгөөд дүрэм журам тодорхой болоогүй үед өрсөлдөөн явагдаж байгаа болохоор шударга биш гэж нэлээд хэлэгддэг. Мөн эдгээрийн дотор дараах хоёр зүйлийг хөгжүүлэх болно.
1. Салбар хооронд харилцан нэвтэрч орох
2. Шууд бус санхүүжилтээс шууд санхүүжилт рүү шилжих
Тодорхой бодлогууд
1. Зохицуулалт, мониторингийн системийг сайжруулах
Эрүүл бөгөөд шинэчлэгч мөн үр ашигтай санхүүгийн системийг бий болгохын тулд зохицуулалт, мониторннгийн системийг сайжруулах нь нэн чухал бөгөөд дүрэм журамд суурилсан засаглал руу шилжих хэрэгтэй. Дүрэм журамд суурилсан засаглал руу шилжих бодит жишээ болгож санхүүгийн байгууллага болон МХБ-д бүртгэлтэй компаниудад зориулж эрсдлийн удирдлагын чадварыг хянах болон эрт илрүүлж засах арга хэмжээ, мэдээллээ нийтэд ил болгох, цаг хугацаан дээр үндэслэсэн нягтлан бодох бүртгэлийн системийг нэвтрүүлэх зэргийг нэрлэж болно. Мөн дотоод мэдээлэл ашигласан арилжаа гэх мэт шударга бус арилжааг хянах явдлыг хатуу чанга болгох шаардлага байгаа нь илт тодорхой юм.
2. Бүртгэлтэй компаниудыг нарийн чанд хянах ба хууль сахилтыг дээшлүүлэх
Шинээр МХБ-д бүртгүүлэх болон бүртгэлээ үргэлжлүүлэх шалгууруудыг бэлтгэх болон сайжруулах нь хөрөнгө оруулагчдыг хамгаалах хамгийн чухал зүйлсийн нэг юм. Монголын хөрөнгийн зах зээлийн гарал үүслээс харвал тийм ч амархан үүнийг чадчих нь амаргүй хэрэг болохыг ойлгож болох ч, үүнийг Биг бангийн явцад бүтээх нь зах зээлийн итгэлийг хүлээхэд хүргэнэ. Мөн түүнчлэн бүртгэлтэй компаниуд өөрсдөө хууль сахилтыг дээд зэргээр биелүүлж компаниараа хичээл зүтгэл гаргаснаар олон улсын түвшний “тоглогч”-ийн ёсоор хүлээн зөвшөөрөгдөх болно.
3. Хөрөнгө оруулагчдын боловсролыг сайжруулах
Хувь хүний хариуцлагын зарчмыг дээшлүүлэхийн тулд хөрөнгө оруулагчдад зориулж мэдээллээр хангахын хамт хөрөнгө оруулагч өөрөө хөрөнгө оруулалтын шийдвэр гаргаж чадахаар хэмжээний боловсролтой байх шаардлага байна. Үүний тулд сонин сэтгүүл зэрэг мэдээллийн хэрэгсэл төдийгүй Хөрөнгийн бирж болон үнэт цаасны компаниуд, бизнесийн компаниудаас авсан хөрөнгө оруулалтад хамаарах янз бүрийн мэдээллээр хангах нь чухал. Мөн энгийн нэг мэдлэг төдийгүй санхүүгийн ёсзүйн талаарх боловсролыг СЗХ, МХБ зэрэг байгууллагууд идэвхтэйгээр олгох явдал шаардлагатай.
4. Хөрөнгийн арилжааны чадавхийг дээшлүүлэх
Монгол дахь хөрөнгийн арилжааны ихэнхийг банкны хадгаламж болон үл хөдлөх хөрөнгийн арилжаа зэрэг эзэлж байгаа нь өнөөгийн байдал юм. Хөрөнгийн арилжааны чадавхийг дээшлүүлснээр илүү өндөр ашигтай болон бага эрсдэлтэй хөрөнгийн менежментийг бий болгох нь үндэсний эдийн засгийн хувьд эрхэм чухал зорилт болно. Үүний тулд хөрөнгийн менежмент, санхүүгийн бүтээгдэхүүний төлөвлөлт зэргийг эрхлэх шинэ компанийг байгуулах нь хүсүүштэй. Дашрамд дурдахад Монголд хөрөнгийн менежментийн компани одоохондоо байгуулагдаагүй байгаа бөгөөд цаашид тэтгэврийн тогтолцооны шинэчлэл зэргээр дамжуулж гадаадаас менежментийн компаниуд орж ирэх хүлээлттэй байна. Хөрөнгийн зах зээлийн чадавхийг дээшлүүлэхийн тулд арилжааны зардлыг бууруулах, шинэ санхүүгийн техникийг нэвтрүүлэх, хувьцааны опшины системийг сайжруулах зэрэг явдал чухал байна.
5.Үнэт цаасны компаниудын оролдлого
Гадаадын санхүүгийн байгууллагууд шинээр орж ирснээр санхүүгийн байгууллагууд бүгдээрээ шинэ санхүүгийн бүтээгдэхүүнийг гаргаж ирэх нь илэрхий болов уу. Цаашид санхүүгийн бүтээгдэхүүнийг бүтээх чадвар болон ялгаварчлах нь гол зүйл болох төлөвтэй байна.
Зах зээлүүдэд чиглэсэн арга хэмжээ
1. Хувьцаа гаргадаг зах зээл
Хувьцаа гаргадаг зах зээлийг бэлтгэхийн тулд шинээр бүртгүүлэх шалгуур үзүүлэлтийг бий болгохын зэрэгцээ хөрөнгө оруулагчдад зориулсан тохиромжтой мэдээлэл (төсөл) шаардлагатай.
2. Хувьцаа арилжаалагддаг зах зээл
Хувьцаа арилжаалагддаг зах зээлийг бэлтгэхийн тулд бүртгэлийг хэвээр байлгах шалгуурыг шинээр тогтоох сайжруулах, компаниудын тохиромжтой үед нарийн нягт мэдээллээ ил болгох явдал чухал. Мөн зөрчсөн үед оноох шийтгэлийг тогтоох шаардлагатай.
3. Бонд гаргадаг зах зээл
Бонд гаргадаг зах зээлийг бэлтгэхийн тулд өгөөжийн муруйг тогтоох хэрэгтэй. Түүний тулд Сангийн яам Канадын жишээнээс суралцаж төсөв ашигтай байсан ч зах зээлээ хөгжүүлэхийн тулд тогтмол хугацаанд дуудлага худалдаа зохион байгуулж зах зээлээс мөнгөн хөрөнгө цуглуулах хэрэгтэй. Мөн одоогийнх шиг Сангийн яам өөрөө үнэт цаас гаргалтын нөхцлийг шийдэлгүй зах зээлд оролцогчидтой хэлэлцэж үнэт цаас гаргалтын нөхцлийг шийдэх нь чухал болов уу.
4. Бонд арилжаалдаг зах зээл
Бонд арилжаалдаг зах зээлийг хөгжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчдыг яаж татах вэ гэдэг нь чухал. Гэхдээ одоогийн үнэт цаас гаргалтын нөхцлийн хувьд засгийн газрын бонд, компаний бондын аль алинд нь гадаадын хөрөнгө оруулагч анхаарлаа хандуулах ч шинжгүй байна.

No comments:

Post a Comment