Monday, November 23, 2009

Банкны томуу-3 буюу банк дампууруулах төлөвлөгөө

"Анод" банк яг л "Зоос" банк шиг хүчинд автагдаж Монголбанкинд эзлэгдэхээс өмнө тус банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр 2008 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр тухайн үеийн Засгийн газарт дараахь захидлыг бичсэн юм.

"Монгол Улсын Ерөнхий сайд танаа 2008 оны гуравдугаар сараас эхэлсэн Монголын банкны системд үүссэн бэлэн мөнгөний хомсдол туйлдаа хүрлээ. Үүн дээр янз бүрийн эх сурвалжаас гарч буй банкуудын эсрэг сөрөг үйл ажиллагаа улам ташуур өгч байна.

Өнөөдрийн байдлаар 10 тэрбумыг гаргаж чадаагүйгээс нэг банк унавал 146 тэрбумын өрөнд төр орно. Нэг банк унаснаас бүх банк унавал 1,3 триллионы өрөнд төр орно. Бүх банк унавал Монголын эдийн засаг сүйрнэ. Эдийн засаг хямрахад иргэний дайн үүсэх аюул байна.

Та Засгийн газрын тэргүүний хувиар яаралтай арга хэмжээ авахгүй бол Монгол Улсын банк санхүүгийн хямрал эхлэх хугацаа өдрөөр бус цаг, минутаар хэмжигдэж байна.

Манай банкны хувьд 140 орчим тэрбумын найдвартай авлага байгаагаас Засгийн газраас 40 тэрбумын авлагатай.

Та дэлхий дахинаас, урд хойд хөршүүдээс жишээ авна уу.

Маргааш 40 тэрбумыг өгөх боломжгүй тохиолдолд бид банкаа төрд хүлээлгэн өгье.

Хүндэтгэсэн "Анод" банкны Гүйцэтгэх захирал Д.Энхтөр гэжээ.

Д.Энхтөр захирлын захидлын хариуг өгөөгүй бөгөөд удалгүй Монголбанк "Анод" -ыг түрэмгийлж Д.Энхтөр болон түүний найз Э.Гүрранз, Н.Даваа нарыг хоморголон баривчиллаа.

Баривчилгааны дараах нүүдэл
"Анод" банкны үйл ажиллагаа доголдсон учир төрөөс яаралтай арга хэмжээ авахгүй бол горьгүй нь" гэсэн өдөөн хатгалтыг хэвлэлээр амжилттай хийлээ. Ингээд тус банкны хадгаламж эзэмшигчид болон жижиг хувьцаа эзэмшигчид гудамжинд гарч бухимдлаа илэрхийлэв.

Олон Улсын валютийн сан Дэлхийн банк хошуучлан төрөөс ямар нэгэн арга хэмжээ авахыг шаардаж эхэллээ. Ингээд Хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийг төр даана гэсэн хуулийг УИХ батлав. Ийм хууль гаргаснаар банкнаас мөнгөө татаж байсан иргэдийн сэтгэл зүй өөрчлөгдөн банкуудын байдал тогтворжих болно гэж тэд сурталчилсан юм.

Түүнд нь бид ч итгэлээ. Дэлхийн бусад орнууд банкуудынхаа найдваргүй зээлүүдийг худалдан авч байсан бол Монголд ийм хууль баталж хямралтай дайтаж эхлэв. Харамсалтай нь хууль төрсөн мөчөөс эхлэн Монголын банкуудыг ташраар нь татаж унагах төлөвлөгөөний эхлэлийг тавьсан гэдгийг хэн ч таамаглаагүй юм.

Зарим эдийн засагчид, ганц нэг банкир л "Энэ хуулийг ашиглаж ломбард шиг банктай нь хэрэгээр дампууруулчихаад явчихаж мэдэх юм" гэсэн өргөс мэт үгийг чихэнд шивнэж байсан санагдана.

Харин одоо жилийн дараа "Зоос" банкийг дампууруулахдаа Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж "Төр хадгаламжийг даах учраас иргэд санаа зоволтгүй. Харин энэ банкыг дампууруулсан хүн нь "Монгол газар" компанийн захирал Ц.Мянганбаяр шүү" гэж мэдэгдлээ.

Банк дампууруулахын тулд л хадгаламж хамгаалах хуулийг баталсан гэдгийг ийнхүү санаандгүй зарлаж улмаар хамаг хэргийг өөртөө биш Ц.Мянганбаяр гэдэг хувь хүнд тохож байгаа нь харамсалтай.

Дампууруулах төлөвлөгөөний автор нь хэн бэ
Урьдаас төлөвлөсөн зохиомжийн дагуу"Анод", "Зоос" хоёр дампуурлаа. Хоёр банкинд хоёуланд нь Монголбанкнаас эрх хүлээн авагч томилж талийгаачдийг эцсийн замд нь үдэх гэж байна. Жилийн өмнөөс сцениарийг нь бичсэн төлөвлөгөө ийнхүү гайхалтай хэрэгжив.

Харин үүний ард хэн байв. Монголын банкуудыг дампууруулснаар хэний халаас түнтийх вэ. Асуултад хариулъя. Манай улсын гол экспорт болох зэсийн үнэ өсч, нүүрс болон төмрийн хүдрийн экспортын хэмжээ мөн л нэмэгдсэн үзүүлэлт харагддаг. Дээрээс нь банкууд зээлийн чадвартай байгаа. Инфляци буурсан.

Оюутолгойн гэрээг батлаж олон улсын төвшинд Монголын нэр хүндийг тодорхой хэмжээгээр өсгөсөн гэдэг нь гадны зах зээлээс мөнгө босгоход хялбар болсоноос харагдаж байгаа юм. Гэтэл яагаад Монголын эдийн засгийн үзүүлэлт буурч байна, чанаргүй зээлийн хувь өсөв гэсэн муу мэдээг хэвлэлүүдэд дайх болов. Ингэж ярьж байгаа эзэд нь Олон улсын валютийн сан, Дэлхийн банк билээ.

Тэд Монголын банкуудыг дампууруулаад дараа нь хямдхан худалдаж авах сонирхолтой байна. Мэдээж тэдэнд бас улстөрийн дэмжлэг хэрэгтэй. Харин Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн амыг ангайлгаж чадвал тэр хүн их юм мэдэж байгаа даа. Тэрбээр эзнийхээ тухай, зохиомол дампуурлын захиалагч нь хэн болох хэнийг хэдэн төгрөгөөр хөлслөн энэ бүхнийг хийж байгаагаа ярьж чаддаггүй юм гэхэд бичээд аваад ирвэл ч...

Гэхдээ ганцхан Л.Пүрэвдоржийг тойглох биш түүнийг анхлан санал болгон томилуулсан УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг ч зүгээр орхимгүй санагдана. Монголыг дэлхийн тавцанд таниулж буй Оюутолгой төслөөс асар их мөнгийг манай зах зээлд оруулахад бэлэн болоод буй. Түрүүчээсээ ч мөнгөний урсгал наашилсан. Гэтэл тэр мөнгийг манай банкны системд оруулахгүйгээр гаднын банкуудаар дамжуулах сонирхол гадныханд байна.

Хэзээ мөдгүй эргэлтэд орохоор дуншиж буй Тавантолгой төслийг тойроод мөн л их хэмжээний мөнгө эргэлдэх болно. Жирийн нэг жижигхэн улс дэлхийн зиндаанд яригдах мөнгөний урсгал дээр суухыг ОУВС, Дэлхийн банк, Европын Сэргээн босголт банк зүгээр л хараад суух тэвчээр нь алдагдсан бололтой. Харин тэд дангаараа хэзээ ч ийм том ажлыг хийж чадахгүй. Ард нь мэдээж улстөрийн дэмжлэг байгаа...

Үргэлжлэл бий

Л.Мөнхбаясгалан

Хол

No comments:

Post a Comment