Monday, November 23, 2009

А.Өнөржаргал: Гэгээлэг зүйл хийхийг зорьж явна


ТВ коктейль" хамтлагийн жүжигчин А.Өнөржаргалтай ярилцлаа. Өөскө хамгийн сүүлд тоглосон дэлгэцийн дүрээрээ үзэгчдийнхээ мэлмийг баясгаад байгаа билээ. Тэрбээр эхнэр, хүүхдийнхээ хамт амьдардаг. Уран бүтээлчдийн нэгэн адил гэр бүлдээ цаг зав гаргаж чаддаггүй гэсэн.
-Та "Би чамд хайртай-2" киноны туслах дүрд тоглосон. Дүүрээгийн дүр уг кинонд чимэг нэмсэн санагдсан шүү?
-Тийм үү баярлалаа. Энэ бол манай багийнханы хүч гэж бодож байна. Уг кинонд урлагийн төлөө олон жил зүтгэсэн алдартнуудтайгаа хамтдаа тоглосондоо баяртай байна. Би их азтай хүн шүү. Киноны зохиол дээр миний дүрийг маш тодорхой бичсэн байсан. Ямар ч байсан өөрийнхөө чадах чинээгээрээ тоглосон. Аль болох энгийн найруулагчийнхаа хэлж байгаа зүйлийг сайн биелүүлж, тухайн дүрээ амьдруулахыг хичээсэн.

-Таны хувьд кинонд тоглосон дүр цөөхөн байх. Уг кинонд тоглохоос өмнөх Өөскө дараах Өөскө хоёр хэр өөрчлөгдсөн бэ?

-Өөскө Өөскөгөөрөө л байж байна. (инээв) "ТВ коктейль"-ийнхоо уран бүтээл дээр ажиллаад явна. Ирэх онд манай хамтлагийн таван жилийн ой болно. Бид ойн баяраа угтаад сайхан уран бүтээл хийхээр төлөвлөсөн. Одоогоор бүрэн хэмжээний уран сайхны киноны ажилдаа орох гэж байна. Энэ мэт олон сайн мэдээллийг үзэгчиддээ тун удахгүй хүргэнэ.

-Кинонд тоглох санал ирж байна уу?

-Ирээгүй ээ.

-Ирвэл та хэрхэн хүлээж авах вэ?
-Тухайн зохиол нь ямар вэ гэдгийг судлах хэрэгтэй. Надад тохирох эсэхийг харах хэрэгтэй. Түүнээс биш "За тэгье" гээд л тоглоод байх утгагүй. Урлаг гэдэг их нарийн. Надад тохирсон дүр байгаад апь аль талдаа ашигтай тийм санал ирвэл би тоглоно.

-Одоогийн киног зарим хүн урлаг гэхээсээ илүү шоу бизнес тал руу гаа орчихлоо гэдэг. Хошин урлагийг ч мөн адил тэгж ярьдаг. Та нэгэнт л энэ мэргэжлээр төгсчихсөн юм чинь урлагт хүч сорьё гэсэн бодол байдаг уу?

-Одоохондоо тийм бодол байхгүй. Урлаг биш гэж шууд хэлж болохгүй л дээ. Бүгд хүнд хэрэгтэй зүйлийг хийж явна. Өөр өөрсдийнхөөрөө авьяас хүч хөдөлмөрөө зориулж яваа болохоор тэр нь мөн энэ нь биш гэж ярьж болохгүй. Гэхдээ мэдээж шүүмжлэлтэй хандах зүйл байна. Надад хошин урлаг бизнес тал руугаа ил үү хөгжөөд мэргэжлийн гэх зүйлүүдээ гээгээд байгаа юм шиг санагддаг. Одоо хэн сайн, менежменттэй байна, рекламаа хэн их цацаж байна гэвэл хошин урлагийнхан л байна шүү дээ. Хамгийн гол нь жүжигчин хүн амьдралыг хүнийг сайн судлах түүнд оршиж байгаа зүйлийг олж харах нь чухал байдаг.

Хошин урлаг маань тэр талаасаа сайн ажиллахгүй байгаа учраас хөгжихгүй нэг л төвшинд яваад байна. Энэ талаараа анхаараасай гэж бодож байна. Мөн дуурь, драм гэсэн мэргэжлийн урлаг сайн менежменттэй ажиллавал сайхан хөгжих нь ойлгомжтой .

-Танай хамтлагийн хувьд энэ бүхнээс юугаараа ялгаатай вэ, адилхан л хүн инээлгэхийг зорьдог шүү дээ?
-Тийм ээ. Гэхдээ бид Монголдоо ТВ шоуг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхээр зорьж явна. Манай хамтлагийн гол зүйл бол үхэл хагацал, зовлон гунигийг хэзээ ч харуулахгүй. Үзэгчид маань биднийг хараад цагаан инээдтэй, түүнээсээ гоё санаа авдаг байгаасай гэж боддог. Тиймээс гэгээлэг зүйл хийхийг зорьж явна. Сайн уран бүтээл хийхэд судалгаа хийх хэрэгтэй. Уран бүтээлч хүн бүх зүйлээрээ цаг тутамд шинэлэг байж үзэгчдэд амьд харагддаг. Үзэж мэдснийхээ хэрээр толгой нь тэлдэг гэж ярьдаг шүү дээ. Тиймээс сайн уран бүтээл хийхийг зорьж явна. Миний хувьд урлагаар дамжуулан өөрийнхөө санааг үзэгчиддээ хүргэж байна. Түүнийг маань хүмүүс хүлээн аваад эргээд надад урмын үг хэлж байна. Энэ утгаараа уран бүтээл маань тодорхой хэмжээгээр хүмүүст хүрдэг юм болов уу даа. Миний бахархал. Гэхдээ урлагийг төр засаг дэмжихгүй байна. Улстөрийнхөн урлагийнхныг өөрийнхөө гар хөл болгохын тул одон гэдэг юмаар хөдөлгөж байгаа байхгүй юу. Энэ нь жижигхэн хүмүүсийн хийж байгаа ажил гэж боддог. Ямарч урлаг гэдэг нийгмээсээ нэг шатны өмнө алхаж явах ёстой. Харин манайх амьдралыг л ийм тийм байна гэж хэлэхээс гоё зүйл сэтгэхгүй байна.

-Хамгийн сүүлд хэзээ өөрөөрөө бахархаж байсан бэ?
-Би ер нь өдөр бүр өөрөөрөө бахархаж явдаг шүү дээ. /инээв/ Өөрийнхөө хийж байгаа ажил, амьдралдаа сэтгэл хангалуун явдаг. Төрүүлж өсгөсөн ээж, аавдаа баярладаг. Миний өдий зэрэгтэй яваа минь ээж, аавын миний буян шүү дээ. Мөн урлаг бол ганц хүний хийх ажил биш. Би өнөөдөр сайн байгаад ганцаараа хэн ч биш шүү дээ. Багаараа сайн байж амжилтад хүрнэ.

-Та урлагт ороод нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Дүр бүтээж чадсан болов уу?
-Миний хувьд дүр бүтээчихсэн юм алга. Дүр бүтээнэ гэдэг бол мундагуудын хэлэх үг. Өөскө Болдод тоглохдоо Өөскөгөөрөө биш, Болд болох ёстой юм. Тэгсэн цагт жинхэнэ дүр гэдэг зүйл яригдана. Миний хувьд хааяа өөрийгөө зэмлэдэг. Хийсэн уран бүтээл болгоныхоо дараа "аан энийг нэг ингэх байж, тэгэх байж" гэх зүйл байдаг. Гэхдээ түүнийгээ дараагийнхаа уран бүтээл дээрээсээ засаад л явдаг.

-Залуу хүн залуусынхаа талаар ямар бодолтой явдаг вэ?

-Залуус маань эх орныхоо төлөө гэж ярих дуртай байдаг. Гэхдээ хувь нэмэрээ оруулна гэдэг нь өөрсдийн хийж буй ажлаа нэр төртэйгөөр хийнэ гэсэн үг. Манай залуучууд зорилгоо өмнөө тавиад тууштай явахгүй байна уу даа гэж боддог. Хамгийн түрүүнд мөнгө бодоод байгаа юм болов уу. Мөнгө гол зүйл биш. Өөр өөрсдийнхөө чадах зүйлийг сайн хийж, сурвал тэр чинь том хөрөнгө шүү дээ.

No comments:

Post a Comment