Monday, November 23, 2009

С.Оюун: Нас ахихаар онгод багасаад оюун ухаан нэмэгддэг

Тань руу нүүж явна" кино, "Өэлүн эх" дуурь, "Санана даа", "Хорвоод ганцхан ээждээ"зэрэг дууны шүлгийн эзэн, урлагийн гавъяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюунтай ярилцлаа.

-Та сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Хилийн цэргийн дээд сургуулийн зөвлөх, шинжлэх ухааны гавъяат ажилтан Г.Арвай генералийн тухай "Домог болсон генерал" нэртэй хөрөг найруулал бичиж байна. Түүнийг бичих гэж цэргийн амьдралыг их судаллаа. Мөн дууны үг их бичиж байна. Хамгийн сүүлд цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын дуучин Г.Хүрэлбаатарт "Уулсын хаан Мөнххайрхан" нэртэй дуу хийж өгсөн гээд л уран бүтээлийн хувьд зав зайгүй л ажиллаж байна даа.

-Таныг сүүлийн үед яруу найраг гэхээсээ илүү, тууж хөрөг найруулал зэрэг үргэлжилсэн үгийн зохиол руу орж байгаа гэж сонссон?
-Тийм тал бий. Залуу байхдаа онгодоороо шүлэг бичдэг байлаа. Харин одоо Д.Пүрэвдорж тэргүүтний хэлсэнчлэн хойшоо харж амьдардаг болж байх шиг байна. Учир нь хийсэн уран
бүтээлүүдээ эргэж харж, засч, янзлах ажил дээр өөрийгөө илүү зориулж байна. Ер нь одоо өөрийгөө дайчилж ажиллах цаг болсон гэж боддог. Уран бүтээлээ хаяж чадах биш дээ. Одоогоор үргэлжилсэн үгийн хэлбэр лүү орчихсон гэж хэлж болно. Саяхан Хулж нутгийнхаа тухай нэг тууж эхлүүлчихсэн байгаа. Одоогоор арай л бэлэн болоогүй байна.

-Эргээд харахад засч янзлах зүйл их байна уу?
-"Томоогүй нас минь явлаа тоотой шүлгээ бичихээ больё" гэж А.С.Пушкинхэлсэнбаидаг. Тэгэхлээр яруу найраг, онгод гэдэг залуу насанд байдаг. Нас явах тусам онгод багасаад илүү их ухаантай, буурьтай болдог юм байна. Би чинь залуудаа өдөрт нэг шүлэг бичдэг байлаа. Тэгээд өөрийнхөө бүтээлийг эргэж харахад зарим шүлгээ засах хэрэгтэй гэж бодож байна. Онгодтой бичсэн шүлгүүд маань ухааны талаас нь дутсан харагддаг. Өөрөөр хэлбэл, сэтгэлийн онгод нь дийлээд шүлгийн санаа нь гүехэн болсон хэрэг. Тийм учраас засч шинэчилсэн хэлбэрээр уншигчиддаа боть болгон хүргэе гэж бодож байгаа.

-Ер нь хэдэн боть болох бол оо?
-Тийм их болохгүй ээ. "Тань руу нүүж явна" кино, "Өүлэн эх" дуурь, тууж, шүлэг нийлээд гурав, дөрвөн л боть болох болов уу. Үүний төлөө тэмүүлж, шөнө унтаж, өглөө сэрэхдээ хүртэл бодож байна. Одоо ч чөлөөт уран бүтээлч болсон учраас сайхан байна. Өөрийн уран бүтээлдээ бүх цаг заваа зориулах болсон.

-Чөлөөт уран бүтээлч байхын бэрхшээлтэй тал нь юу байна?
-Чөлөөт уран бүтээлч болон ахмад сэтгүүлчид бичсэн зүйлээ хаана тавиулах вэ гэдэг их хүндрэлтэй байдаг. Үүнд санаа тавих хүн одоогоор алга байна. Энэ тал дээр Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл анхаарлаа хандуулахгүй байна уу даа гэж бодох юм. Түүнээс биш чөлөөт уран бүтээлчид бид бичих гэсэн зүйлээ бичиж байна. Нэг үеэ бодоход их сайхан болжээ. Хүн өөрийнхөө бичсэн шүлгээр номоо гаргая гэхэд чөлөөтэй болчихсон байна. Энэ чинь маш том эрх чөлөө.

-Сүүлийн үед манайд яруу найргийн маш олон урсгал орж ирж байна. Та үүн дээр ямар бодолтой байдаг вэ?
-Одоогоор яруу найраг маань уламжлалт болон чөлөөт гэсэн төрлөөр хөгжиж байна. Үүнийг жам ёсны зүйл гэж ойлгодог. Гэхдээ уламжлалыг хоцрогдсон гэж зарим хүн бодож байж магадгүй. Би лав үүнтэй санаа нийлэхгүй. Хэзээ нэгэн цагт уламжлалт яруу найраг хүмүүсийн сэтгэл зүрхэнд томоохон байр сууриа эзэлнэ гэдэгт би итгэдэг. Чөлөөт урсгалууд үнэхээр төгс төгөлдөр жанр болж чадах юм бол болж л байна. Гэхдээ гялалзах уу, унтрах уу гэдгийг цаг хугацаа л харуулах байх.

-Сүүлийн ҮЭД зарим яруу найрагч уншигчдынхаа боловсролыг голдог болжээ. Таны хувьд ?
-Ер нь бүх хүн яруу найрагчдын бичсэнийг ойлгох албагүй гэдэг шүү дээ. Гэхдээ яруу найрагчийн сэтгэсний хэмжээнд ойлгодог уншигч байхгүй гэж хэлж болохгүй. Мөн хүн ойлгохгүй зүйл биччихээд түүнийгээ хүн ойлгохгүй байна гэвэл бас буруу. Хүнд ойлгогдохгүй юмыг сонгодог гэж хэлж болохгүй. Бид Б.Галсансүхийн шүлгийг их сайхан гэдэг. Яагаад гэхлээр их онгодтой бичсэн байдаг. Тэгэхээр яруу найргийг хоёр
талаас нь ойлгох хэрэгтэй.

-Тэгвэл Монголын уншигчид алийг нь их сонсч байна вэ?
-Монголын уншигчид их сайн уншигч байдаг. "Болор цом"-ыг ирж үзэж байгаа үзэгчдийг хар л даа. Гэхдээ уншигчид маань яруу найргаа дагаад хөгжиж байна. Одоогоор уламжлал нь хүчтэй хэвээрээ байгаа гэж бодож байна.

-Яруу найрагч, шүлэгч, зохиолч гээд л олон нэр байх юм. Та яг аль нь вэ?
-Бидний үед шүлэгч гэдэг нь эхлээд шүлэг оролдож байгаа хүнийг хэлдэг. Тэгээд Зохиолчдын эвлэлд элсэхээр нь яруу найрагч гэдэг байлаа. Одоо бол нэг шүлэг бичсэн хүн өөрийгөө яруу найрагч гэж хэлж байна. Надад тийм байна, ийм байна гэсэн дүрэм журам байхгүй. Гэхдээ толгой холбоод биччихсэн шүлэг яруу найргийн өндөр төвшний илэрхийлэл хоёр өөр. Тэрнийг ард түмэн ялгах хэрэгтэй.

-Монголын утга зохиолд зүтгэсэн он жилүүдээ харахад алдаа оноо нь юу байна?
-Монголын утга зохиолд явсан зам маань дандаа гэгээн сайхан байсан. Н.Удвал, Б.Явуухулан зэрэг их сайхан уран бүтээлчдийн дунд орж ирсэн болохоор өөртөө бардам байдаг. Монголын зохиолчдын хороон дээр амьдралын маань нэгээхэн цаг хугацаа өнгөрсөн. Багш нарынхаа ухаан, эрдэм мэдлэг дунд явсан болохоор би өдий зэрэгтэй явна. Манай Зохиолчдын эвлэл нэг хэсэг эдийн засгийн хувьд барьц алдсан. Одоо бол бүх зүйл сайхан байна.

-Ер нь багш нараасаа магтаал их сонсч байв уу, шүүмжлүүлдэг байсан уу?
-Дандаа магтуулдаг байлаа. Миний охин сайн зохиолч болно гэдэг байсан. Шүүмжлэл сонсож байснаа санахгүй байна.

-Магтаал зарим талаараа хүнийг эвддэг гэдэг шүү дээ?
-Хүн өөрийгөө л авч явдаг шүү дээ. Миний хувьд хүн намайг шүүмжлэхэд уурладаггүй. Энэ хүн яагаад надад ингэж хэлэв гэж дандаа боддог байсан. Мөн аливаа зүйлийг их шударга хэлдэг байлаа. Эцэгэх, багш нар маань намайг энэ занд сургасан. Мөн залуу байхдаа омголон хурц байсан. Одоо тэгж чадахаа больжээ. Гэхдээ хүн нас насандаа л байх ёстой шүү дээ. Мөн би долоон ачтай. Тэднийхээ өмнө үлгэр жишээ эмээ байхыг хүсч байна. Тэд маань намайг харж хүн болж байна. Мөн хэдэн халтар шүлэгнээс өөр цуглуулсан хөрөнгө надад байхгүй. Бичсэн уран бүтээлийг нь харахад баян л юм. Тэр нь мөнгө биш юм.

-Мөнгө тийм чухал юм уу?
-Номоо гаргая гэсэн үедээ гаргачихдаг мөнгөтэй л байх ёстой. Гэхдээ уран бүтээлийн нэр нүүр байгаа болохоор сайхан л юм. Номоо бичээд очихоор гаргаад өгье гэсэн газар байна шүү дээ. Тийм учраас дансандаа мөнгөгүй байлаа ч хажуудаа мөнгөтэй гэж хэлж болох юм.

-Та цээжиндээ байдаг шүлгээсээ манай уншигчдад уншиж өгөхгүй юу?
-Залуу байхад онгодоороо зохиосон юм аа. /Инээв/
Айлын бэр яруу найрагч байна гэдэг
Амьдралын жамтай зөрчилдөж суухын нэр
Тархи зүрхээ яруу найрагт мэдүүлж орхивол
Талхгүй хонож, сандарч мэднэ гэсэн шүлэг байдаг. Миний хувьд хилээр олон жил явлаа. Онц хилчин гэдэг тэмдэг хүртэл авсан. Тийм болохоор залуус маань эх орноо бодож байг

No comments:

Post a Comment