Monday, November 23, 2009

Худалдаачнаас банкир болсон эрхэм

Сүүлийн үед олны анхаарлыг их татаж байгаа сэдэв бол "банкууд" билээ. Зөвхөн өнгөрсөн сард гэхэд л хоёр банк нэгдэж бас хоёр банк дампуурлаа зарлав. Арилжааны банкуудын үйл ажиллагааг хянах ёстой газар нь яах аргагүй Монголбанк мөн юм. Уг банкны удирдлага зөв менежмент, зөв бодлоготой явсан бол "сагсуурч" байсан арилжааны банкууд ингэтлээ шалдаа буухгүй л байх байсан гэж эдийн засагчид үзэх юм билээ. Хувь хүн өвчин тусчихгүй юмсан хэмээн урьдчилан сэргийлдэг байтал улс орны амин газар болсон Монголбанк урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадсангүй.

Д.Моломжамцаас хойш энэ банкны үе үеийн ерөнхийлөгчид тус банкны нэр хүндийг навс унагаж эхэлсэн. Өнөөдөр ерөнхийлөгчөөр нь ажиллаж байгаа Л.Пүрэвдорж ч итгэл даасангүй. Л.Пүрэвдорж гэж хэн бэ?

Лханаасүрэнгийн Пүрэвдорж. Энэ оны нэгдүгээр сарын 9-нөөс Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байгаа. Өмнөх парламентад Ховдоос сонгогдон УИХ-ын гишүүн болж байсан. Нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй. 1993 онд Олон улсын валютын сангийн Вена дахь институтад мэргэжил дээшлүүлснийг нь эс тооцвол банкны мэргэжилтэн биш.

Худалдааны эдийн засагч мэргэжлээр төгссөн учир Худалдаа, бэлтгэлийн яаманд нэгдүгээр орлогч сайд хүртэлх бүх албыг хашсан гэхэд болно. Мөн Сангийн яамны тэргүүн дэд сайд, Улсын татварын ерөнхий газрын дарга, Төрийн өмчийн хорооны дарга гээд манай улсын онцгой чухал байгууллагуудыг удирдаж байсан тул уг нь туршлагатай гэмээр. Гэхдээ удирдах ажил олон жил хашсан туршлага нь банкны салбарт харагдсангүй. Тиймээс банкны салбар бол дээрх байгууллагуудын дэргэд тэс өөр бодлого, зарчмаар ажиллах ёстой газар гэдгийг батлаад байгаа бус уу. Улс ардын аж ахуйн удирдлага, зохион байгуулалтаар мэргэшсэн энэ эрхэм үүнийг хамгийн ихээр мэдэрч байгаа. Гэвч хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа бололтой.

Түүнчлэн энэ эрхэм Байгаль орчны сайд асан У.Барсболдтой маш ойрын хамаатан гэдгийг нутгийнхан нь илчилсэн удаатай. Түүнийгээ өөрийнхөө үйлдлээрээ нотолсон гэхэд болно. У.Барсболдын эцэг Л.Уламбаяр, Л.Пүрэвдорж нар эх өөртэй, эцэг нэгтэй ах дүүс. Сутай хайрханы ард орших Хөшөөтийн уурхай Хонгконгийн бирж дээр худалдаж байгаа талаар мэдээ цацагдахад өөрөөсөө гадна У.Барсболдын нэрийг авч гарах гэж мөн ч их зүтгэсэн эрхэм юм. Тэр бүү хэл, садан төрлийн холбоогүй гэж нэлээд зүтгэсэн. Парламентын дөрвөн жилийн хугацаанд "Элсний 13"-д нэгдсэнийг нь эс тооцвол чимээгүйхэн байдаг байсан Л.Пүрэвдорж ингэж нэг хөдөлгөөнд орж байсан түүхтэй.

Худалдааны эдийн засагч мэргэжилтэй энэ эрхэм сүүлийн үед банкийг худалдааны байгууллага гэж андуурсан уу сонин зүйлс ярих боллоо. Л.Пүрэвдорж цаашид манай улсын банкуудыг нэптэхийн төлөө ажиллана гэх болов.

Банк бол манай улсын нэрийн хуудас. Банкууд нэгдэх нь нэг талаасаа сайн үзэгдэл. Гэхдээ хүчирхэг олон банктай болох тухай ярих ёстой байтал бүгдийг нь нэгтгэнэ гэж ярьж байгаа нь яавч буруу гэж зарим эдийн засагчид үзэж байна. Зах дээр байгаа наймаачдыг нэгтгээд нэг лангуу дээр юмаа зар гэсэнтэй ялгаагүй мэт. Энэ эрхэмд үндэсний үзэл гэж байдаггүй бололтой. Гадаадын банкууд орж ирвэл улс орон хөгжих тухай ч үг цухуйлгалаа. Валютыг эх орондоо хуримтлуулах ёстой байтал гадагш урсгаж, гадаадын банкируудыг "хөлжүүлэх" тухай бодлого хээв нэг ярьж байх ч гэж дээ.

Банк бол худалдааны байгууллага биш гэдгийг ойлгох цаг болжээ, эрхэм ээ.

Б.Уянга

No comments:

Post a Comment