Tuesday, November 24, 2009

ДОӨБ-ЫН ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН АСУУДЛААРХИ ГЭРЭЭ

ДОӨБ-ЫН ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН АСУУДЛААРХИ ГЭРЭЭ

Хэлэлцэгч талууд,

Утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчийн эрхийг хамгаалах асуудлыг аль болох үр ашигтай, нэгдмэл хэлбэрээр хөгжүүлэн дэмжихийг эрмэлзэж,


Эдийн засаг, нийгэм, соёл, технологийн хөгжилтэй уялдан гарч байгаа асуудлуудыг зохистой шийдвэрлэх зорилгоор олон улсын шинэ дүрэм журмыг нэвтрүүлэх болон одоо мөрдөгдөж байгаа тодорхой дүрэм журмын хэрэгжилтийг тодруулахын чухлыг хүлээн зөвшөөрч,

Утга зохиол, урлагийн бүтээлийг туурьвих, хэрэглэхэд мэдээлэл, холбооны технологийн хөгжил, дэвшлийн онцгой нөлөөг хүлээн зөвшөөрч,

Утга зохиол, урлагийн бүтээлийн туурвилыг өдөөгчийнх нь хувьд зохиогчийн эрхийн хамгаалалтын өндөр ач холбогдлыг онцгойлон үзэж,

Бернийн конвенцид тусгагдсанчилан зохиогчийн эрх ба өргөн олон нийтийн сонирхлын хоорондын тэнцвэрт байдлыг хадгалах, ялангуяа боловсрол, судалгаа, мэдээлэл олж авах хэрэгцээг хүлээн зөвшөөрч, дараах асуудлаар зөвшилцөв:

Нэгдүгээр зүйл

(1) Энэхүү Гэрээ нь Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн Конвенцийн 20 дугаар зүйлийн утгын хүрээнд, Конвенциор үүсэн бий болсон Холбоонд нэгдсэн орнууд болох Хэлэлцэгч талууд байгуулж байгаа тусгай хэлэлцээр юм. Энэхүү Гэрээ нь Бернийн Конвенциос өөр аливаа бусад гэрээтэй холбоогүй бөгөөд бусад гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлагыг хөндөхгүй.

(2) Энэхүү Гэрээний аль ч заалт Хэлэлцэгч талууд Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенцийн хүрээнд бие биенийхээ өмнө хүлээсэн үүргийг хөндөхгүй.

(3) Цаашид Бернийн Конвенц гэдэгт Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн Конвенцийн 1971 оны 7 дугаар сарын 24-ний Парисын актыг ойлгоно.

(4) Хэлэлцэгч талууд Бернийн Конвенцийн 1-ээс 21 хүртэлх зүйл, хавсралтыг мөрдлөг болгоно.

Хоёрдугаар зүйл

Зохиогчийн эрхийн хамгаалалт нь илэрхийлэлд хамаарах ба харин санаа, үйлдэл, үйл ажиллагааны арга болон тоон ойлголтод хамаарахгүй.

Гуравдугаар зүйл

Хэлэлцэгч талууд, энэхүү Гэрээгээр олгосон хамгаалалтын хүрээнд Бернийн конвенцийн 2-6 дугаар зүйлийн заалтуудыг хэрэгжүүлнэ.

Дөрөвдүгээр зүйл

Компьютерийн программыг Бернийн Конвенцийн 2 дугаар зүйлийн утгын хүрээнд утга зохиолын бүтээлийн адил хамгаална. Ийм хамгаалалт нь илэрхийллийн аль ч арга хэлбэрийг үл харгалзан компьютерийн программд хамаарна.

Тавдугаар зүйл

Агуулгын сонголт, зохиомжийн улмаас оюуны бүтээлийг бүрдүүлж буй мэдээлэл болон бусад аливаа хэлбэрийн материалын бүрдүүлэлтийг мөн адил хамгаална. Энэ хамгаалалт нь мэдээлэл болон материалд өөрт хамаарахгүй ба бүрдүүлэлтэд орсон аливаа мэдээ, материалын зохиогчийн эрхийг хөндөхгүй.

Зургадугаар зүйл

(1) Утга зохиол, уран сайхны бүтээлийн зохиогчид нь өөрийн бүтээлийн эх хувь болон хуулбарыг худалдах буюу эсвэл бусдад өмчлүүлэхээр шилжүүлэх замаар нийтэд танилцуулахыг зөвшөөрөх онцгой эрх эдэлнэ.

(2) /1/ дэх хэсэгт заасан эрх дуусгавар болох нь зохиогчийн зөвшөөрлөөр бүтээлийн эх хувь болон хуулбарыг анх удаа худалдах буюу бусдад өмчлүүлэхээр шилжүүлсний дараа тараахад хамаарахгүйгээр тогтоох нөхцлийг тодорхойлох Хэлэлцэгч талын эрх чөлөөг энэхүү Гэрээ хөндөхгүй.

Долоодугаар зүйл

(1) (i) Компьютерийн программ;
(ii) кино урлагийн бүтээл;
(iii) Хэлэлцэгч талын үндэсний хуулиар тодорхойлсны дагуу дуу авианы бичлэг бүхий бүтээлийн;
зохиогч нь өөрсдийн бүтээлийн эх хувь буюу хуулбарыг иргэдэд төлбөртэй хэрэглүүлэх зөвшөөрөл өгөх онцгой эрх эдэлнэ.

(2) (i) компьютерийн программын хувьд, программ нь өөрөө төлбөртэй
хэрэглүүлэх гол хэрэглэгдэхүүн биш тохиолдолд; ба
(ii) кино урлагийн бүтээлийн хувьд, төлбөртэй үйлчүүлэх нь хуулбарлах онцгой эрхийг эд хөрөнгийн нь хувьд хөндөж байгаа тийм бүтээлийг олноор хуулбарлахад хүргээгүй тохиолдолд;
(1) дэх хэсгийг хэрэглэхгүй.

(3) (1) дэх хэсгийн заалтыг үл харгалзан, 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар дуу авианы бичлэг бүхий өөрийн бүтээлийн хуулбарыг төлбөртэй хэрэглүүлсний хувьд зохиогчид нь зохих урамшуулал өгдөг тогтолцоотой Хэлэлцэгч тал тэрхүү тогтолцоог хадгалж болох ба ингэхдээ дуу авианы бичлэг бүхий бүтээлийг төлбөртэй хэрэглэх нь зохиогчийн хуулбарлах онцгой эрхийг эд хөрөнгийн хувьд нэмж хохироохгүй байвал зохино.

Наймдугаар зүйл

Бернийн Конвенцийн 11 дүгээр зүйлийн (1) хэсгийн (ii), 11 (bis) дүгээр зүйлийн (1) хэсгийн (I) ба (ii), 11 (ter) дүгээр зүйлийн (1) хэсгийн (ii) , 14 дүгээр зүйлийн (1) хэсэг ба 14 (bis) дүгээр зүйлийн (1) хэсэгт тусгасан эрхийг хөндөлгүйгээр утга зохиол, уран сайхны бүтээлийн зохиогчид өөрийн бүтээлээ шугаман болон шугаман бус холбоогоор нийтийн хүртээл болгох зөвшөөрөл өгөх онцгой эрх эдлэх ба ингэхдээ иргэд дээрх бүтээлтэй хүссэн цагтаа, хүссэн газартаа танилцаж болохоор байна.

Есдүгээр зүйл

Гэрэл зургийн бүтээлийн хувьд, Хэлэлцэгч талууд Бернийн Конвенцийн 7 дугаар зүйлийн (4) хэсгийн заалтыг хэрэгжүүлэхгүй.

Аравдугаар зүйл

(1) Хэлэлцэгч талууд, үндэсний хууль тогтоомжоороо, бүтээлийн хэвийн ашиглалттай зөрчилдөхгүй, мөн зохиогчийн хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр үл хөндөх онцгой тохиолдолд энэхүү Гэрээний дагуу олгосон утга зохиол, уран сайхны бүтээлийн зохиогчийн эрхэд хязгаарлалт хийж эрхээс хасч болно.

(2) Хэлэлцэгч талууд Бернийн конвенцийг хэрэгжүүлэхдээ бүтээлийг хэвийн ашиглахтай зөрчилдөхгүй, мөн зохиогчийн хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр үл хөндөх онцгой тохиолдолд өмнө олгосон эрхэд хязгаарлалт хийнэ.

Арваннэгдүгээр зүйл

Хэлэлцэгч талууд Бернийн Конвенцийн болон энэхүү Гэрээний дагуу зохиогч эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хэрэглэж байгаа, мөн бүтээлийнх нь хувьд, өөрийнх нь зөвшөөрөлгүй буюу хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагааг хязгаарлаж байгаа тийм техник үйл ажиллагааг төөрөгдөлд оруулахын эсрэг хуулийн зохих хамгаалалт болон хуулийн үр ашигтай арга хэмжээг авна.

Арванхоёрдугаар зүйл

(1) Хэлэлцэгч талууд энэхүү Гэрээгээр ба Бернийн Конвенциор хамгаалагдсан эрхийг зөрчих үндсийг тавьсан, зөрчихөд тусалсан, буюу нуусан дараах үйлдлийг мэдсээр байж, эсвэл иргэний арга хэмжээний хувьд мэдэх бодит үндэслэлтэйгээр хийсэн аливаа этгээдийн эсрэг авах зүй зохистой, үр ашигтай хуулийн арга хэмжээгээр хангана. Тухайлбал:
(i) зөвшөөрөлгүйгээр эрхийн удирдлагын цахилгаан мэдээллийг устгах, эсвэл өөрчлөх;
(ii) эрхийн удирдлагын цахилгаан мэдээллийг нь зөвшөөрөлгүй устгасан эсвэл өөрчилсөн гэдгийг мэдсэн хэрнээ бүтээлийг нь болон хуулбарыг нь тараасан, эсвэл тараахаар оруулж ирсэн, нийтэд нэвтрүүлсэн буюу дамжуулсан.

(2) Энэхүү зүйлд хэрэглэсэнчлэн, “эрхийн удирдлагын тухай мэдээлэл” гэдэгт бүтээл, бүтээлийн зохиогч, бүтээлийн аливаа эрхийг эзэмшигч, эсвэл бүтээлийн хэрэглэх хугацаа, нөхцлийг тодорхойлж байгаа, мөн тийм мэдээллийг илэрхийлж байгаа аливаа тоон болон кодон мэдээнүүд нь бүтээлийн хуулбарт тавигдсан, эсвэл бүтээлийг нийтийн хүртээл болгохтой холбоотойгоор гарч байгаа мэдээллүүдийг ойлгоно.

Арван гуравдугаар зүйл

Хэлэлцэгч талууд Бернийн Конвенцийн 18 дугаар зүйлийн заалтыг энэхүү Гэрээгээр олгосон бүх эрхэд хамааруулж хэрэгжүүлнэ.

Арван дөрөвдүгээр зүйл

(1) Хэлэлцэгч талууд өөрийн хуулийн тогтолцоотой уялдуулж энэхүү Гэрээг сахиулахад шаардлагатай арга хэмжээг авна.

(2) Хэлэлцэгч талууд энэхүү Гэрээгээр олгосон эрхийг зөрчиж байгаа аливаа үйлдлийн эсрэг үр ашигтай арга хэмжээ авах болон зөрчлөөс сэргийлэх болон цаашид зөрчихөөс сэргийлэх арга хэмжээ авах зорилгоор эрхийг сахиулах журмыг өөрсдийн хууль тогтоомжид тусгаж өгнө.

Арван тавдугаар зүйл

(1) (a) Хэлэлцэгч талууд Чуулгантай байна.
(b) Хэлэлцэгч тал бүрийг нэг төлөөлөгч төлөөлөх бөгөөд тэрээр орлогч, зөвлөх, шинжээч нартай байна.
(с) төлөөлөгч бүрийн зардлыг томилсон Хэлэлцэгч тал хариуцна. Чуулган НЇБ-ын Ерөнхий Чуулганаас тогтоосон журмын дагуу хөгжиж байгаа орон гэж тооцогддог, эсвэл зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа орон болох Хэлэлцэгч талын төлөөлөгчдийн оролцоог хялбаршуулах зорилгоор санхүүгийн туслалцаа үзүүлэхийг Дэлхийн оюуны өмчийн байгууллага (цаашид ДОӨБ гэнэ)-аас хүсч болно.

(2) (a) Чуулган энэхүү Гэрээг хадгалах, хөгжүүлэх болон энэхүү
Гэрээний хэрэгжилт, үйл явцтай холбоотой асуудлыг шийдвэрлэнэ.
(b) Чуулган, зарим нэгэн засгийн газар хоорондын байгууллага энэхүү Гэрээнд нэгдэн орох асуудлыг хэлэлцэхдээ 17 дугаар зүйлийн (2) хэсгээр түүнд даалгасан арга хэмжээг хэрэгжүүлнэ.
(с) Чуулган энэхүү Гэрээг дахин хянаж үзэх Дипломат бага хурал хуралдуулах шийдвэр гаргах ба Дипломат бага хуралд бэлтгэх шаардлагатай зааварчлагыг ДОӨБ-ын Ерөнхий захиралд өгнө.

(3)(a) Хэлэлцэгч тал бүр, өөрөөр хэлбэл Улс бүр санал өгөх нэг эрхтэй
байх ба зөвхөн өөрийнхөө өмнөөс санал өгнө.
(b) Засгийн газар хоорондын байгууллага болох Аливаа Хэлэлцэгч тал, өөрийн Гишүүн улсынхаа өмнөөс энэхүү Гэрээний тал болох өөрийн Гишүүн Улсын тоотой тэнцүү тоогоор санал өгч болно. Хэрэв тийм Гишүүн Улс санал өгөх эрхээ эдлэх тохиолдолд аль ч засгийн газар хоорондын байгууллага санал өгөхөд оролцох ёсгүй бөгөөд мөн эсрэгээр адилхан байна.

(4) Чуулган ДОӨБ-ын Ерөнхий захирал зарлан хуралдуулснаар хоёр жилд нэг удаа ээлжит хуралдаан хийлгэнэ.

(5) Чуулган өөрийн үйл ажиллагааны журмыг тогтоох ба үүнд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах, санал өгөх кворум, энэхүү Гэрээний заалтанд тусгагдах асуудлууд, олон асуудлаар шийдвэр гаргахад шаардлагатай олонхийн санал зэрэг багтана.

Арван зургаадугаар зүйл

ДОӨБ-ын Олон улсын товчоо нь энэхүү Гэрээтэй холбоотой захиргааны зорилтуудыг гүйцэтгэнэ.

Арван долоодугаар зүйл

(1) ДОӨБ-ын аливаа гишүүн Улс энэхүү Гэрээнд нэгдэн орж болно.

(2) Чуулган, энэхүү Гэрээгээр хамарсан асуудлуудын талаар бүрэн ойлгоцтой, гишүүн Улсуудаа өөрийн хууль тогтоомжоороо зохицуулдаг, дотоод дүрэм журмынхаа дагуу Гэрээнд нэгдэн орох эрх бүхий засгийн газар хоорондын байгууллагыг гишүүнээр авах асуудлыг шийдвэрлэнэ.

(3) Энэхүү Гэрээг баталсан Дипломат бага хурлаар өмнөх хэсэгтэй холбогдуулж тайлбар хийсэн Европын нийгэмлэг уг Гэрээнд нэгдэн орж болно.

Арван наймдугаар зүйл

Энэхүү Гэрээнд тусгайлан өөрөөр заагаагүй бол Хэлэлцэгч тал бүр энэхүү Гэрээгээр олгосон эрхийг эдлэх ба үүргийг хүлээнэ.

Арван есдүгээр зүйл

Энэхүү Гэрээ ДОӨБ-ын аливаа гишүүн Улс болон Европын холбоо 1997 оны 12 дугаар сарын 31 хүртэл гарын үсэг зурахад нээлттэй.

Хорьдугаар зүйл

Энэхүү Гэрээг батламжилсан буюу нэгдэн орсон тухай 30 баримт бичгийг ДОӨБ-ын Ерөнхий захирал хүлээн авч хадгалснаас хойш гурван сарын дараа Гэрээ хүчин төгөлдөр болно.

Хорин нэгдүгээр зүйл

Энэхүү Гэрээгээр
(i) 20 дугаар зүйлд дурдсан 30 Улс энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхэлж;
(ii) бусад аливаа Улс ДОӨБ-ын Ерөнхий захиралд баримт бичгээ хадгалуулахаар өгснөөс хойш гурван сарын хугацаа дуусмагц;
(iii) Европын нийгэмлэг, энэхүү Гэрээ 20 дугаар зүйлийн дагуу хүчин төгөлдөр болсны дараа батламжилсан буюу нэгдэн орсон баримт бичгээ хадгалуулснаас хойш гурван сарын хугацаа өнгөрсөн, эсвэл баримт бичгээ энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө хадгалуулсан бол Гэрээг хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын дараа;
(iv) энэхүү Гэрээнд нэгдэн орох эрх бүхий өөр бусад олон улсын засгийн газар хоорондын байгууллага нэгдэн орсон баримт бичгээ хадгалуулснаас хойш гурван сарын хугацаа дууссаны дараа тус тус үүрэг хүлээнэ.

Хорин хоёрдугаар зүйл

Энэхүү Гэрээнд ямар ч тайлбар хийхгүй.

Хорин гуравдугаар зүйл

Аливаа Хэлэлцэгч тал энэхүү Гэрээг цуцлах тухай мэдэгдлээ ДОӨБ-ын Ерөнхий захиралд өгснөөр цуцална. ДОӨБ-ын Ерөнхий захирал дээрх мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш нэг жилийн дараа Гэрээг цуцалсанд тооцно.

Хорин дөрөвдүгээр зүйл

(1) Энэхүү Гэрээг англи, араб, хятад, франц, орос ба испани хэлээр тус бүр нэг хувь эх бичвэр үйлдэж гарын үсэг зурна. Эдгээр хэл дээрх бичвэрүүд бүгд адил хүчинтэй байна.

(2) Өмнөх хэсэгт дурдсанаас бусад хэлээр нийтлэгдсэн албан ёсны эх бичвэрийг сонирхогч байгууллагатай зөвлөлдсөний дараа сонирхогч талын хүсэлтээр ДОӨБ-ын Ерөнхий захирал тогтооно. Энэхүү хэсгийн зорилгод “сонирхогч тал” гэдэгт албан ёсны хэл нь, эсвэл албан ёсны хэлнүүдийн нэг нь яригдаж байгаа ДОӨБ-ын гишүүн Улс, мөн энэхүү Гэрээнд нэгдэн орох эрх бүхий, аль нэг албан ёсны хэл нь яригдаж байгаа Европын нийгэмлэг болон бусад олон улсын засгийн газар хоорондын байгууллагыг ойлгоно.

Хоринтавдугаар зүйл

ДОӨБ-ын Ерөнхий захирал энэхүү Гэрээний хадгалагч байна.

Төгсөв.

No comments:

Post a Comment