Tuesday, November 24, 2009

Гишүүдэд тараах мөнгөө малчдаа аварцгаая

Гишүүдэд тараах мөнгөөр малчдаа аврах боломжтой
УИХ-ын гишүүдэд тойрогтоо хөрөнгө оруулалт хий хэмээн тус бүрт нь 500 сая төгрөг тарааж өгөх гэж байна. Уг мөнгийг нэгтгэвэл 38 тэрбум төгрөг болно. Үйлдвэрлэл хөгжөөгүй, ядуу буурай манай орны хувьд их мөнгө юм. Гишүүд уг мөнгөөр тойргийнхоо өнгө үзэмжид анхаарахаас гадна иргэдэд хэрэгтэй ямар нэг зүйл хийхээр төлөвлөсөн нь ойлгомжтой.

Зарим нь усан оргилуур хүртэл барихаар бодож байгаа бололтой. Гэхдээ усан оргилуурыг зуны хэдэн cap л харж баясах болно. Түүний оронд иргэдэд нэн түрүүнд хэрэгтэй байгаа зүйлд зарцуулсан нь дээр хэмээн үзэх хүн ч байна. Тухайлбал, жижиг үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулбал сайн хэмээн ярьж байгаа. Нэгэнт л 500 сая төгрөг улстөрчид бус ард түмний халааснаас гарч байгаа тул зарцуулалтад нь санал бодлоо илэрхийлэх нь зайлшгүй юм.

Энд нэг зүйлийг онцлоход, мөнгийг хэсэгчлэн тарааснаар үр дүн нь тэр хэмжээгээр тарамддаг. Ийм жишээ олон бий. Тухайлбал, манай улс хямралаас өмнөх хэдэн жилд уул уурхайн салбараас ихээхэн хэмжээний орлого олсон. Ингээд ядуу иргэдийг дэмжих зорилгоор халамж болгон тараагаад байсан боловч одоо өөдөлж дэвшсэн нь ховор байна.

Ядуурал яг л хэвэндээ байна. Харин хямралын хүнд үед хуримтлуулсан хөрөнгөгүй зүдэрч байгаа. Тэгвэл мөнгийг нэгтгэж бодитой зүйлд зарцуулбал үр ашиг нь олон нийтийг хамарч чаддаг. Ядаж л ганц том үйлдвэр барьчихвал олон хүн ажилтай болно. Түүгээр дамжаад иргэд хөдөлмөрийн амтыг ч мэдрэх юм. Гэдэс өлсгөлөн, ажилгүй нөхөр усан оргилуур ширтэж сууснаас хөдөлмөр эрхэлж, цалингаа аваад гэртээ талх тариатай буцаж явбал сайхан. Иргэд нь төрийн хишиг харалгүй, ажил хийж цалингаараа амьдралаа залгуулдаг болсон цагт нийслэл, дүүргээ улстөрчдийн оролцоогүйгээр "гоёод" эхлэх вий.

Иймээс 38 тэрбум төгрөгөөр ямар ажил хийж болох талаар зарим саналыг хүргэе. Мөн 500 сая төгрөгийг тал талд цацалгүйгээр, бодитой зүйлд хөрөнгө оруулалт хийхч санал байсан.

Ерөнхийдөө манай улсыг олсныхоо хэрээр үр ашиггүй зүйлд зарцуулаад байдаг тухай шүүмжилдэг. Энэ талаар ч төр засгийн удирдлагууд санал нэгддэг гэхэд болно. Харамсалтай нь хичнээн санаж, сэдлээ ч хэрэгжүүлэхгүй бол байдал өөрчлөгдөхгүй.

Үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл хэрэгтэй байна
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд зориулж энэ онд 30 тэрбум төгрөг зээлсэн. Арилжааны банкууд нэг хэсэг зээл гаргахдаа хөшүүн хандах болсон үед хөнгөлөлттэй зээлийн ач тус их байв. Тэгвэл ирэх жил манай улсын эдийн засаг өсөх хандлагатай байгаа.

Үүнийг дагаад жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаа ч идэвхжих юм. Энэ үед гишүүдийн тойрогтоо зарцуулах мөнгийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох юм бол тус дэм болох нь ойлгомжтой. Хамгийн гол нь уг мөнгө замхраад алга болчихгүй. Тодорхой хугацааны дараа хүү нь бодогдоод эргээд ороод ирэх юм. Өөрөөр хэлбэл, мөнгийг хүнд хэцүү үед жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ашигласны дараа нь дахиад бусад зүйлд зарцуулж болно.

Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг ухаант ардын үг бий. Нөгөөтэйгүүр, энэ оноос эхлэн гурван жилийн хугацаанд жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ-аас чөлөөлсөн. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэл эрхлэгчид тоног төхөөрөмж авахын хүслэн болж байна. Харамсалтай нь ихэнх үйлдвэрлэгчид санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байгаа юм.

Max боловсруулах үйлдвэртэй болъё
Манай улс 50 сая гаруй малтай. Гэтэл малчдын амьжиргаа хамгийн тааруу байна. Ингээд төр нь ноолуурын татварыг тэглэж, малчдад элдэв дэмжлэг үзүүлээд сууж байна. Үүнд асар их хөрөнгө урсч байгаа. Уг нь малаа хөрш улсуудад борлуулах хангалттай зах зээл бий. Хоёр улс ч монгол малын мах чанартай гээд авах сонирхолтой байдаг. Гэвч боловсруулаагүй гэхлээр манай малын махыг түлхэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, мах боловсруулах үйлдвэр малчид төдийгүй, улс орны хөгжилд амин чухал шаардлагатай байна. Хэрэв манай улс ирэх онд орчин үеийн техник технологи суурилуулсан 25 мянган толгой мал боловсруулах үйлдвэртэй болбол жилд таван сая малыг эргэлтэд оруулах боломж бүрдэнэ. Ингэснээр жилд 500 сая ам.долларын ашиг олох боломжтой.

Ийм хэмжээний үйлдвэр барихад 38 тэрбум төгрөг хангалттай хүрэлцэх юм. Үлдвэл малын эрүүл ахуйн шаардлагыг хангахад ч зарцуулж болно. Манай улсын мал сүүлийн жилүүдэд хурдацтай өсч байна. Сүүлдээ бэлчээрийн даац хэтэрч, цөлжилт бий болоход тулаад байгаа.

Малчид өсгөж үржүүлсэн малаа хямд үнээр борлуулж, эсвэл өвөл нь хэдэн зуугаар нь зуданд алддаг. Малаа өсгөөд, эцэст нь ямар ч үр ашиггүйгээр зуданд алдаж байснаас эргэлтэд оруулбал хэрэгтэй байхсан. Нөгөөтэйгүүр, малаа хөлөөр нь гаргах арга хамгийн буруу гэдэг.

Энэ онд манай улс 6000 орчим үржлийн адууг урд хөрш рүү гаргасан. ОХУ-д 680 мянган толгой мал экспортлох санал тавьсан. Одоогийн байдлаар 600 орчим толгой мал гарчихаад байна.

Орон сууцны шугамыг шинэчилье
Арванхоёрдугаар cap хаяанд ирсэн ч халаалт нь доголдож байгаа айл олон байна. "Улаанбаатар дулааны сүлжээ" компани манайхаас шалтгаалах хүндрэл байхгүй хэмээн мэдэгдсэн. Тэгвэл гол бэрхшээл нь хаана байна вэ. Орон сууцны айлуудын дотоод шугам сүлжээ муудсан тул төв шугамаас хичнээн сайн халаалт ирлээ ч эцсийн хэрэглэгчид хүрэхгүй байна. Олон жилийн туршид ашиглагдсан шугам сүлжээнүүд зэвэнд идэгдэж, бөглөрчээ.

Тухайн байрны шугам сүлжээг цогцоор нь солих шаардлагатай. Иймээс оршин суугч бүрээс мөнгө хураах хэрэгтэй болж байгаа юм. Харамсалтай нь нэг дор олон сая төгрөг гаргаад өгчих айл ховор. Иймээс төрийн гар харахаас өөр аргагүй болж байна. Нөгөөтэйгүүр, төр иргэдэд орон сууц хувьчлахдаа байрны шугам сүлжээг нь сольж, засвар үйлчилгээг хийх талаар хуульд тусгасан байдаг аж. Гэвч төр энэ үүргээ биелүүлээгүй юм. Иймд хуучин байрны шугам сүлжээг төр сольж өгөх үндэстэй хэмээн Сууц өмчлөгчдийн дээд зөвлөл үзэж байна. Тус байгууллагад буй мэдээллээр 49 байрны шугам сүлжээг нэн даруй засах шаардлагатай байгаа аж. Үүнд нэг тэрбум төгрөг хэрэгтэй. Энэ бол хоёр гишүүний тойрогтоо усан оргилуур зэрэгхэн барих мөнгө юм.

Г.Батзориг

No comments:

Post a Comment