Monday, November 23, 2009

мөрөөдөл биелэх цаг болно байртай боллоо

Монгол Улс 2.5 сая хүн амтай. Энэ статистик тоог мэдэхгүй хүн хэн байх вэ. Харин 2.5 сая хүний хэд нь төрд ажилтай вэ гэдэгт шууд хариулах хүн цөөн байх. Энэ асуултад хариулт авахаар хоёр жилийн өмнө явуулсан Монгол Улсын төрийн албан хаагчийн тоо бүртгэлийг сөхөж харлаа. Энэхүү тооллогоор төр өөрийн харьяа байгууллага, албан хаагч, хашиж буй албан тушаал, боловсролын түвшин, зэрэг дэв гээд тоолбол зохих юм болгоноо тоолжээ. Миний сонирхсон асуултын хариу нь, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 3852 төрийн байгууллагад 122016 төрийн албан хаагч ажилладаг гэж гарсан байна. Энэ тоог мэдээж санамсаргүй сонирхоогүй. Төр хөнгөлөлттэй нөхцөлөөр 4000 албан хаагчиддаа орон сууцжуулах тухай асуудал ид яригдаж байгаа энэ үед арай бодит гэсэн тоог олж үзэхээр энэ бүртгэлийг эргэж харсан нь энэ.

Олон тоо баримт дундаас орон сууцны нөхцөл гэсэн үзүүлэлт анхаарал татлаа. 100 гаруй мянган албан хаагчдаас ердөө 27491 хүн буюу 23.7 хувь нь орон сууцанд амьдардаг аж. Нийтийн зориулалттай байгууллагын орон сууцанд 5227 буюу 4.5 хувь, хашаа байшинд 38078 буюу 32.8 хувь, гэрт 34282 буюу 29.5 хувь нь амьдардаг гэсэн бол огт орон сууцгүй гэх ангилалд 11046 хүн буюу 9.5 хувь нь багтжээ. Өөрийн гэсэн орон сууцгүй гэдэг нь байр түрээсэлдэг, аав ээжийндээ болон ах дүү, хамаатан садныдаа амьдардаг хүмүүс. Ингэж бодохоор төрийн албан хаагч гэдэг бүгдээрээ тендер будлиантуулж, шанд нь сая саяар мөнгө төгрөг халааслаж, амархан аргаар баяжиж хөлжихийн “үлгэр дууриал”-ыг нийгэмд төлөвшүүлж явдаг улс биш бололтой.

Өнөөдөр монгол хүний хүсэл бол сансарт нисэх, гайхамшигтай нээлт хийх, шинэ рекорд тогтоож дэлхийг алмайруулах биш зөвхөн төвлөрсөн халаалт бүхий орон сууцанд амьдрах. Орон гэргүй нь хашаа байшинтай, хашаа байшинтай нь орон сууцтай, орон сууцтай нь хүний бүхий л хэрэгцээг хангасан хаустай болоход бүхий л хөлс хүч, хөдөлмөр зүтгэл, санаа бодол нь чиглээд байгаа гэхэд нэг их буруудахгүй. Ийм л мөрөөдөлтэй ард түмний дунд санаанд оромгүй хямд үнэтэй байрны тухай яриа дэгдээд багагүй хугацаа өнгөрөв. Тэр дундаа төрд ажилладаг гэх гуншинтай хүн бүрийн анхаарал үүнд чиглээд удлаа. Гэтэл саяхан төр 4000 албан хаагч, иргэнээ хямд үнэтэй орон сууцаар хангахаар болж, 321 тоот тогтоолоо гаргав. Насаараа төрд ажилласан ахмадуудаас авахуулаад саяхан ажилд орсон залуус хүртэл энэ шийдвэрт жигтэйхэн баярласан. Гэхдээ баярлахад эртдэх аж.

Нэг м.кв нь 650.000 төгрөгөөр үнэлэгдэх байр гэж байхгүй, төр шоудсон гэж барилгынхан нэг хэсэг зүтгэв дээ. Харин үүний хариуд, барилгынхан сүүлийн хэдэн жил хүмүүсийг шулж сураад түүн шигээ байх гэлээ гэсэн шүүмжлэлд өртсөн. Юутай ч хадны засвар хавчуулагдсан халиуны зулзага гэгчээр тоонот гэрээ тохилог орон сууцаар солих гэсэн өнөө хэдэн хүн л радио телевиз, сонин хэвлэлээр хийх албаны хүмүүсийн мэдэгдлээс атга чимх мэдээлэл авсаар. Энэ олон мэдээ мэдээллийг нэгтгээд байхаар байртай болох гэсэн олон хүний хүсэл мөрөөдөл мөхөж байх шиг. Олон хүн анх ойлгохдоо байрны нийт м.кв-ын үнэ 650.000 төгрөгөөр тогтох нь.

Банкнаас 10-15 жилийн хугацаатай зээл аваад болох нь гэж ойлгосон. Сүүлдээ энэ ойлголт хазайж, 1м.кв-аа барилгынхан 650.000 төгрөгөөр үнэлнэ. Зөрүү үнийг худалдан авагч бэлнээр өгөх бололтой юм яригдаад явчихав. Олон хүний хувьд байдал бишдэж, байртай болох нь лөөлөө болоод байна. Та бод доо. Гэр бүлийн хоёр дүүргийн эмнэлэгт эмчээр ажилладаг. Бага насны хоёр хүүхэдтэй. Ажил төрөл, сургууль цэцэрлэг, үзвэр үйлчилгээ аль алинд нь ойр юм гээд төвд байрлалтай байранд нэг өрөө захиалъя гэе. 34 м.кв талбай бүхий нэг өрөө байрны нийт өртөг дунджаар 35.700.000 төгрөг /м.кв-ыг нь 1050 ам.доллар/. Улсын хямдруулсан үнэ /650.000 төгрөг/-ээр нийт талбайгаа тооцоход 22.100.00 төгрөг болж байгаа бөгөөд энэ хоёрын зөрүү 13.600.000 төгрөгийг залуу гэр бүл хадгаламжаасаа гаргана. Манайхны яриад буй хувилбар одоогоор энэ.

Гэтэл сард дунджаар 600.000 төгрөгийн орлоготой энэ гэр бүлд шууд тоолоод өгөх 13 сая төгрөг гэж байх болов уу.

Хүний алдаж болохгүй гурван зүйлийн нэг нь боломж гэдэг. Төрөөс гаргасан энэ шийдвэр эхэндээ боломж гэж ойлгогдсон. Эцэстээ тохуурхал болж хувирах гээд байх шиг. Юутай ч дээрх тогтоолын хэрэгжилтийг зохицуулах журам өнөө маргаашгүй батлагдана. Харин тэр цагт байртай болно гэсэн миний, таны, монгол хүний чинхүү хүсэл мөрөөдөл биелэгдэх эсвэл үл биелэгдэх эсэх нь тодорхой болох нь ээ.

Б.Туул
Дээшээ

No comments:

Post a Comment