Monday, November 23, 2009

Галт зэвсэг


Монгол Улсын “Галт зэвсгийн тухай” хуульд галт зэвсгийг иргэд ан агнах, спорт-сургалт, цуглуулгын, хуулийн этгээд нь харуул хамгаалалт, спорт-сургалт, цуглуулга, үзмэр, урлагийн тоглолтын зориулалтаар өмчлөх эрх зүйн зохицуулалттай байдаг.
Галт зэвсэг эзэмшигч болон хамтран эзэмшигч нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол улсын иргэн байх бөгөөд цагдаагийн байгууллагад бүртгүүлж гэрчилгээ авснаар уг галт зэвсгийг өмчлөх эрхтэй болдог билээ.

Галт зэвсэг эзэмшигч нь жил бүр галт зэвсгээ оршин суугаа газрын цагдаагийн байгууллагын тооллогонд хамруулан бүртгүүлж, татвараа төлж, алдаж үрэгдүүлбэл 24 цагийн дотор цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээдэг.
Галт зэвсгийг зориулалтын бусаар өмчлөх, хэв загварыг өөрчлөх, үйлдвэрийн бус аргаар хийж бэлтгэх, ийм галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах бусдад дамжуулахыг хориглосон байдаг аж.
Иргэд галт зэвсгээ хэрхэн аюулгүй байдлыг ханган хадгалах, тээвэрлэх талаар мэдэхгүй байдлаасаа болж буруу хадгалдаг, тээвэрлэх журам зөрчих зэрэг зөрчлүүд гарсаар байна.
Иймд “Зэвсэг-2009” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 09-ний өдрөөс ирэх сарын 09-ний өдрүүдэд явагдаж байгаа билээ. Тус арга хэмжээний хүрээнд улсын хэмжээний галт зэвсгийн тооллого хийж байгаа тул галт зэвсэг өмчилж байгаа иргэн, хуулийн этгээдүүд харъяа аймаг, дүүргийн цагдаагийн газар, хэлтэс дээр өөрийн өмчлөлд байгаа галт зэвсгийг гэрчилгээний хамт авч очиж тооллого бүртгэлд оруулах үүрэгтэйг Цагдаагийн Ерөнхий газраас мэдэгдэж байна.
Галт зэвсгийн бүртгэлтэй холбоотой асуудлаар Нийслэлийн хэмжээнд Хэв журмын хэлтсийн 269235 утсаар, хөдөө орон нутагт харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын утсанд хандаж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой аж.
Өнөөдөр Монгол улсад 60 орчим нэр төрлийн галт зэвсэг хууль ёсны дагуу өмчлөгдөж байгаа юм байна.

No comments:

Post a Comment