Monday, November 23, 2009

Оюуны бүтээлээ өөрийн өмч болгоцгооё

МҮХАҮТ-ын Патент, Барааны Тэмдэг, Газар Зүйн Заалтын Хэлтсийн дарга Э.Цэндмаа ярьж байна.

-Хэлтсийнхээ үйл ажиллагааны талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?
-1970 онд МҮХАҮТ нь Оюуны өмчийн газраас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр сонгогдсон анхны байгууллага. Итгэмжлэгдсэн төлөөлөгч болохын хувьд бид оюуны өмчийн салбарт хамаарах асуудлаар танхимын гишүүн байгууллагуудад үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажилладаг бөгөөд оюуны өмчийн талаарх мэдээ мэдээллийг хүргэх, энэ салбарын ойлголтыг бизнес эрхлэгчдэд түгээх гүүр болдог.

Бид аж үйлдвэрийн оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах, хууль зүйн зөвлөгөө өгөх, гишүүн болон гишүүн бус байгууллагуудад оюуны өмчийн чиглэлийн сургалт семинар зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг тогтмол явуулдаг. Мөн тусгай зөвшөөрлийн дагуу зохиогчийн эрхийн хүрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах эрхтэй.

Танхим бизнес эрхлэгчдийн төлөөллийн байгууллага болохын хувьд Оюуны өмчийн газартай нягт хамтран ажилладаг. Манай байгууллагын дэргэд олон салбарчилсан зөвлөл үүд байдгийг гишүүн байгууллагууд мэдэж байгаа байх. Энэ чиглэлийн ажлын хүрээнд Франчайзын зөвлөл манай хэлтсийн үйл ажиллагааны үндсэн чиглэлд хамрагддаг. Тэгэхээр франчайзын талаар мэдээлэл болон зөвлөгөө авах, гишүүн байгууллагууд өөрийн сонирхсон болон явуулж байгаа үйл ажиллагааны чиглэлүүдээр хамтран ажиллах бүрэн боломжтой.

-Зарим хүмүүс патент болон барааны тэмдэг хоёрын ялгааг ойлгодоггүй юм билээ. Та энэ хоёрын зааг ял гааг хэлж өгөхгүй юу?
-"Патентын тухай" хуульд заасны дагуу "Патент" гэж тухайн нэг шийдэл нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлж, зохиогм нь тодорхой хугацаанд түүнийг өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, төрийн эрх бүхий байгууллагаас олгож байгаа баримт бичгийг хэлдэг. Харин барааны тэмдэг гэдэг бол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусдын бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартайг илэрхийлдэг.

Тухайн аж ахуйн нэгж өөрийн гэсэн өвөрмөц онцлогийг илэрхийлсэн тэмдгээ барааны тэмдгээр бүртгүүлж, барааны тэмдгийн гэрчилгээг баталгаажуулалт болгож Оюуны өмчийн газраас авдаг. Тэгэхээр шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварт патент гэж олгодог. Харин ашигтай загвар болон барааны тэмдэгт гэрчилгээ олгодог гэж ялгаж ойлгох хэрэгтэй.

-Иргэд болон аж ахуйн нэгжүүд бараа үйлчилгээндээ патент болон барааны тэмдэг авснаар ямар ач холбогдолтой байдаг бол?
-Хамгийн энгийнээр хэлбэл барааны тэмдэг нь тухайн компанийг таних болон түүний бараа бүтээгдэхүүнийг өрсөлдөгчийнхөөс нь ялгах боломжийг олгодог. Ихэнх бизнес эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ өрсөлдөгчийнхөөсөө ялгахад барааны тэмдгийг ашиглахыг мэддэг хирнээ барааны тэмдгээ бүртгэлээр хамгаалуулахын чухлыг сайтар ойлгодоггүй.

Барааны тэмдгээ хуулийн дагуу хамгаалуулсан бүртгэл нь тухайн компанийн ашиглаж байгаа барааны тэмдэгтэй ижил төстэй буюу төөрөгдөлд оруулахуйц төсөөтэй тэмдгийг бусад этгээд хэрэглэхээс хамгаалах онцгой эрх олгодог. Хэрэв хамгаалуулалт хийлгээгүй бол тухайн компанийн олны танил болсон лого тэмдгийг хуурамч бараа бүтээгдэхүүнд ашиглах, хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулах зэрэг сөрөг үр дагавар бий болно. Нөгөө талаар өөрийн барааны тэмдгээ бүртгүүлээд гэрчилгээгээ авч онцгой эрхээ баталгаажуулснаар тухайн компанийн барааны тэмдгийг өөр бусад аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүндээ хууль бусаар ашиглаж байгааг мэдсэн тохиолдолд хууль ёсны дагуу эрхээ хамгаалуулах боломж нь нээлттэй болно гэсэн үг. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвараа бүртгүүлж, патентаа авснаар тухайн бүтээлийн хувьд зохиогч нь онцгой эрхээ баталгаажуулж, хуулиар тогтоосон хугацаанд тухайн бүтээлийг өмчлөх онцгой бүх эрхээ баталгаажуулж байгаа хэрэг юм.

-Танайх зөвхөн Танхимын гишүүн байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг үү?
-Юуны өмнө нэг зүйлийг хэлэхэд манай хэлтсийн хувьд 100 орчим гадаадын хуулийн пүүсүүдтэй хамтран ажилладаг. Хуул ийн пүүс гэдэг нь манай хэлтэс шиг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндсэн чиг үүрэгтэй байгууллагууд юм. Тэдгээр хуулийн пүүсүүдийн үйлчлүүлэгч болон компаниудад Монгол Улсад аж үйлдвэрийн эрхийн хамгаалалт хийлгэхэд нь манай хэлтэс итгэмжлэгч болж зуучлан ажилладаг.

Сүүлийн жилүүдэд гадны байгууллагууд Монгол Улсад эрхийн хамгаалалтаа хийлгэх нь нэмэгдэж байна. Түүнчлэн манай дотоодын аж ахуйн нэгж байгууллагууд аж үйлдвэрийн эрхийн хамгаалалт хийлгэх нь мөн нэмэгдэж байгаа нь хамгаалалт хийлгэхийн сайн үр дагаврын талаар тодорхой ойлголттой, болсныг харуулж байна. Бид Танхимын гишүүн байгууллагуудад хөнгөлөлттэй үйлчлэхээс гадна гишүүн бус байгууллага болон хувь хүмүүст оюуны тэмдэг, газар зүйн заалтын хэлтсийн дарга Э.Цэндмаа ажилладаг. Хувь хүмүүс ирж зөвлөгөө авах нь ч их бий.

-Олон нийтийн дунд патентын талаарх мэдлэг дутмаг байгаа нь ажиглагддаг. Энэ асуудлаар танайхан ямар арга хэмжээ авч байдгийг сонирхож болох уу?
-Ерөнхийдөө оюуны өмчийн талаарх мэдлэг мэдээлэл дутмаг байгаа нь үнэн. Аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн хуулийн зөвлөхтэй байдаг болохоор энэ чиглэлээр тодорхой мэдээлэл судлах боломжтой. Иргэд, хувиараа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн хувьд мэдээлэл дутмаг, ямар нэг зохиосон, хийсэн зүйлдээ патент авна гэсэн ерөнхий ойлголттой байдаг нь ажиглагддаг. Бидний зүгээс гишүүн байгууллагуудад Танхимаас эрхлэн гаргадаг сонин, сэтгүүлээр дамжуулан мэдээлэл хүргэж ажилладаг. Түүнчлэн Оюуны Өмчийн Газартай хамтран оюуны өмчийн сургалт семинар тогтмол зохион байгуулдаг.

-Газар зүйн заалт гэсэн томъёолол танай хэлтсийн нэрэнд байна. Энэ талаар тодруулахгүй?
-Газар зүйн заалт гэдэг ойлголт нь олон улсын жишигт нэр хүнд, чанар гэсэн ерөнхий ойлголтыг төрүүлж байдаг. Монгол Улсын Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуульд “Газар зүйн заалт" гэж тухайн барааны чанар, нэр хүнд, онцлог бусад шинж чанар нь түүний газар зүйн гарал үүсэлтэй салшгүй холбоотойг илэрхийлсэн, тус барааг үйлдвэрлэсэн улс, бүс, газар нутгийн газар зүйн нэрийг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. 2007 онд МҮХАҮТ Asia Invest төслийн хүрээнд газар зүйн заалтын тогтвортой хөгжлийг дэмжих төсөл хэрэгжүүлсэн. Энэхүү төслийн хүрээнд Газар зүйн заалтын Үндэсний төвийг Танхимын дэргэд байгуулсан юм. Зөвхөн нэг удаа төсөл хэрэгжүүлээд дуусах биш цаашид Монгол улсад газар зүйн заалтын талаар мэдээллийг олон нийтэд хүргэх, газар зүйн заалтад бүртгүүлсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, олон улсад бүтээгдэхүүнүүдийг таниулах үндсэн зорилготой энэхүү төвийг ажиллуулж эхлээд байна.

Танхим нь дэлхийн газар зүйн заалтын сүлжээ байгууллага болох OriGln-д 2007 онд гишүүнээр элссэн. Энэхүү төв нь үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд манай хэлтэст хамаардаг. Тэр үүднээсээ хэлтсийн нэрэнд газар зүйн заалт гэсэн нэр орсон байгаа. Газар зүйн заалтын талаарх ойлголтыг олон нийтэд хүргэхэд эхний ээлжинд бид орон нутаг дахь Танхимын Салбар танхимуудтай хамтарч ажилладаг. Үүний эхлэл ажил болгож 2009 онд Газар зүйн заалтын гарын авлага номын эрхлэн гаргалаа.

-Танай хэлтсийн гадаад харилцаа өнөөдөр ямар түвшинд байна вэ?
-Манай хэлтэс Дэлхийн Оюуны Байгууллага. Өмнөд Солонгосын Оюуны Өмчийн Байгууллага, БНХАУ-ын Худалдааг дэмжих байгууллагын Патент барааны тэмдгийн газар, Шаихайн Оюуны өмчийн газар зэрэг байгууллагуудтай хамтран ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд оюуны өмчийн сургалт, семинар зохион байгуулах ажлууд хийгддэг. Дэлхийн Оюуны Өмчийн байгууллага, Өмнөд Солонгосын Оюуны өмчийн байгууллагуудтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд IP Panaroma оюуны өмчийн дэлгэрэнгүй аргачлал зааварчилгаа бүхий гарын авлага, CD орчуулж гаргахаар бэлтгэж байна. 2010 онд энэ чиглэлд тодорхой үр дүн гарна гэдэгт найдна.

-Ирэх онд хийхээр төлөвлөсөн ажил байгаа байх. Энэ талаар асуух байна?
-2010 онд Танхимын 50 жил болоод Оюун өмчийн газраас итгэмжлэгдсэн төлөөлөгч байгууллагаар томилогдсоны 40 жилийн ой болно. Эдгээр ойн хүрээнд бид гишүүн, гишүүн бус байгууллага, иргэдэд шинэлэг үйлчилгээ бий болгох, гадаад дотоодын харилцагч байгууллагуудын тоог нэмэгдүүлэх, хэлтсийн үйл ажиллагааны чиглэлийг өргөжүүлэхэд тодорхой үр дүнтэй ажил хийхээр төлөвлөж байна.

Мөн түүнчлэн аж ахуй нэгжүүдийг өөрийн оюуны өмчийн асуудал хариуцсан ажилтантай болгох зорилгын үүднээс төрөл бүрийн сургалт зохион байгуулах, бизнес эрхлэгчдийн оюуны өмчийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхэд Оюуны өмчийн газартай хамтран тодорхой ажил зохион байгуулахаар бодож байна. Гишүүн байгууллагуудад хандаж манай хэлтсээс улирал тутмын оюуны өмчийн талаарх электрон сонин гарахаар болсон гэдгийг хэлэх байна. Та бүхэн энэ электрон сониноос оюуны өмчийн талаарх шинэ сонин содон мэдээллийг хүлээн авах боломжтой. "Таны бизнест бид тусалъя" уриан дор Та бүхний өмнө манай хаалга үргэлж нээлттэй байгаа гэж энэ дашрамд хэлье. Оюуны бүтээлээ өөрийн өмч болгож хамгаалуулахад бидэнтэй хамтарч ажиллаарай гэж танай сонины уншигчдад хэлмээр байна.

Ц.Оюун
Дээшээ

No comments:

Post a Comment