Tuesday, November 24, 2009

орон нутгийнхан зээлийн хүүг ялгавартай тогтоохыг хүсэв

Ирэх жилийн төсөвт 4.5 тэрбум төгрөг баталж зээлийн баталгааны санд байршуулна-

Улсын хэмжээнд "Үйлдвэржилтийг дэмжих жил"-ийн хүрээнд 25,8 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөжээ. Одоогоор 1495 иргэн, аж ахуйн нэгжид 24 тэрбум 165 сая гаруй төгрөгийн зээл олгоод байна. Үүнээс 15 тэрбум 364 сая төгрөгийн зээлийг орон нутагт, найман тэрбум 801 гаруй сая төгрөгийн зээлийг нийслэлд өгчээ.

Мөн 390 гаруй үйлдвэр 4420 гаруй ажлын байр шинээр бий болжээ. Жижиг дунд үйлдвэрийг дэмжихээр Засгийн газраас баталсан 30 тэрбум төгрөгийн 11.5 нь аймаг, долоо нь нийслэлд хуваарилагдсан. Мөн 12 тэрбум төгрөгийг төв хэсэгт байрлах томоохон үйлдвэрүүдийг дэмжихээр хуваарилсан юм. Хуваарилагдсан хөрөнгөний зарцуулалт ямар байгаа, орон нутгийнхны саналыг сонсохоор Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг нийслэл, аймгуудын Засаг дарга холбогдох мэргэжилтнүүдтэй "видео"-гоор холбогдсон юм.

Тухайлбал, Архангай аймаг жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх 70 төсөлд 845 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Аймгийн хэмжээнд есөн үйлдвэр байгуулагдаж 180 гаруй ажлын байрыг шинээр бий болсон байна. Хайрхан, Эрдэнэбулган суманд сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний цех байгуулагдсан аж. Харин Баянхонгор аймаг 784.3 сая төгрөгийн зээлийг 35 иргэн, аж ахуйн нэгжид олгосон байна. 20 гаруй үйлдвэр байгуулагдаж 200 гаруй ажлын байр шинээр бий болсон аж. Тус аймаг ирэх жилээс арьс шир зэрэг боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна. Увс аймаг 730.5 сая төгрөгийн хуримтлал бий
болгож 699 сая төгрөгийн зээл олгожээ.

Засгийн газраас жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөрөнгөө хагас жил өнгөрсөний дараа шийдэгдэж хуваарилсан талаар уулзалтын үеэр сөхөгдөж байв. Хөрөнгө удааширснаас болж орон нутагт улирлын чанартай олон төсөл хойшлогдоход хүрчээ. Тиймээс ирэх жилийн санхүүжилтийг I улиралд багтаан шилжүүлэхийг аминчлан гуйж байсан Засаг дарга нар олон байв. Мөн орон нутагт зээл авах хүсэлтэй иргэн цөөнгүй байгааг дуулгав.

Мөн Засаг дарга нар зээл олгох банкийг хоёр болгох, мал ихтэй аймгууд тэжээлийн үйлдвэр байгуулах, зоорь, хүлэмжийн аж ахуй, барилгын материалын үйлдвэр зэрэгт хөнгөлөлттэй зээл олгох боломжийн талаар сонирхож байгааг дамжууллаа. Үүнээс гадна иргэд, аж ахуйн нэгжүүд жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг лизингээр авах хүсэлтэй байгаа аж. Засгийн газраас энэ оны долдугаар сард жижиг дунд үйлдвэрийн Гааль болон НӨАТ-аас гурван жилийн хугацаатай чөлөөлөх шийдвэр гаргасан.

Тиймээс ирэх жилээс иргэн, аж ахуйн нэгжид лизингээр тоног төхөөрөмж олгож эхлэхээр төлөвлөж байгаа аж. Орон нутагт зарим дамжуулан зээлдүүлэгч буюу банкууд хатуу шаардлага тавьж зээл авахад хүндрэлтэй байгаа талаар гомдоллоод амжлаа. Өндөр шаардлагаас болж ихэнх төсөл буцаж, зөвхөн олон жил тухайн салбарт ажиллаж байгаа туршлагатай аж ахуйн нэгжийг дэмжиж зээл олгож байгаа аж. Энэ үеэр яригдсан чухал санал нь зээлийн хүүг ялгаатай тогтоох тухай байсан. Тодруулбал, зээлээ аваад тоног төхөөрөмж зэргээ базаах, бэлтгэл үед бага хүү төлөх, үйлдвэрлэлээ эхлүүлэн ажиллахад арай өндөр хүүтэй байхаар зохицуулах саналыг Говь-Алтай аймгаас тавьсан юм. Дээрх саналын хариуд зээл авснаас хойш 3-6 сарын дараа төлж эхэлдэг болгох зохицуулалт хийж байгаа талаар Тэргүүн шадар сайд хэлсэн.

Шалгарсан төслөө бариад банкнаас зээл авах гэхэд зээлийн баталгаа шаарддаг байна. Үүнийг арилгах зорилгоор ирэх жилийн улсын төсөвт 4.5 тэрбум төгрөгийг Зээлийн баталгааны санд байрлуулах болсон аж. Ингэснээр бүх хүн барьцаа хөрөнгөгүй зээл авна гэсэн үг биш гэнэ. Өмнө нь жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд хамгийн ихдээ улсын хэмжээнд нэг тэрбум төгрөг төсөвлөж байжээ. Тиймээс аймгийн Засаг дарга нар санхүүжилтыг гололгүй үр дүнтэй ажиллахыг энэ үеэр Тэргүүн шадар сайд хэлэв.

Б.Мягмансанж

No comments:

Post a Comment