Monday, November 23, 2009

Ардчилал нь ард түмнээс сонгогдсон, ард түмний төлөө, ард түмний өөрсдийнх нь засаглал юм. А.Линкольн

Өнөөдөр Монгол орны нийтийг хамарсан халуун сэдвүүдийн нэг бол Хүний томуугийн H1N1 вирус болоод байна. Гадаадын хэд хэдэн орон, дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэгээс томуугийн вирусын эсрэг вакциныг ирүүлэхээр ярилцаж байгаа гэх боловч одоогоор Монголд орж ирсэн нь лав алга. (2009.11.14) Гэсэн хэдий ч Монгол улсын Засгийн газар энэ вакцинд зориулж нийтийн мөнгөнөөс зарцуулахаар шийдвэрлэжээ.
Оройтсон ч гэсэн сайн хэрэг.
Аливаа улс төрийн систем институцийн хувьд ардчиллагдах нь өрсөлдөөнт сонгууль, олон намын системтэй болсноор эхлэнэ. Гэсэн ч энэхүү институци нь улс төрийн системийг бүрэн ардчилалд дангаараа хүргэхгүй . . . Жирийн иргэд ардчилал, түүний институцийн талаар ямар ойлголт, бодолтой байгаа нь энэхүү механизм хэрхэн ажиллаж байгааг хэмжих тулгуур хэмжүүр болно гэдэг нь ардчиллын онолын суурь ойлголт болсоор байна.
1974 оноос Дэлхий нийтийг хамран явагдсан Ардчиллын гурав дахь давалгаанд Монгол орон 1990-ээд оны эхэн үеэс эхлүүлэн 1992 оны шинэ Үндсэн хуулиа баталсанаар багтан орсон билээ. Дэлхий нийтийн чиг хандлага хаашаа байна тэр зүгт явах нь зүй ёсны асуудал хэдий ч нэгэнт эхлүүлсэн ажлыг төгс хэмжээнд хүргэхийг чармайх нь өнөөдөр гахайн томуугаас дутахгүй асуудал болоод байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа судалгааны байгууллагуудаас явуулсан олон судалгаанаас харахад Ардчиллын чанарын асуудал ноцтой асуудал болоод байгаа нь харагддаг. Тодруулбал:
Парламент болон сонгуулиас үл хамаарах хүчтэй удирдагчтай байх
Улаанбаатарт Хөдөөд Нийт
Маш сайн 25.5 19.8 23.2
Нилээд сайн 27.8 26.1 27.1
Нилээд муу 14.0 13.8 13.9
Маш муу 9.9 15.9 12.3
(мэдэхгүй) 21.2 19.8 20.6
(хариулаагүй) 1.7 4.7 2.9
Улс төрийн Барометр №4 (37) Сант марал сан 2009 оны 10 сар
Дээрх судалгаанаас харахад Монголчуудын 50 илүү хувь нь хэн нэгэн хүчтэй удирдагчтай байхыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тэр нь сонгуулиас үл хамаарч төрийн эрхийг барих тэр сонголтыг хийсэн нь хамгаас ноцтой зүйл бөгөөд Монгол оронд Ардчиллын чанар ямар түвшинд байгааг илтгэн харуулах нэг хэмжүүр байж болох юм.
Ерөнхийдөө Монгол оронд шударга тал нь илүү байна уу, шударга бус тал нь давамгайлж байна уу?
Хөдөө Улаанбаатар Нийт
Шударга нь илүү байна 2.8 2.9 2.9
Шударга бус нь илүү 72.1 72.3 72.2
Тохиолдлоор (заримдаа шударга нь заримдаа шударга бус нь) 19.9 21.2 20.4
(мэдэхгүй) 4.5 2.4 3.7
(хариулаагүй) 0.7 1.2 0.9
Улс төрийн Барометр №4 (37) Сант марал сан 2009 оны 10 сар
Монголын нийгмийн ¾ орчим хувь нь шударга бус байдал нийгэмд газар авсан байна гэдэг сонголтыг хийжээ.
Энэ бүхнээс дүгнэхэд бидний дунд нийгмийн баялагийн шударга бус хуваарилалтад дассан, үүнтэй зэрэгцэн хэн нэгэн хүчтэй улс төрийн лидер гарч ирсэн тохиолдолд бүхнийг шийдэх эрх мэдлийг өгөхөд (гэхдээ сонгуульгүйгээр) бэлэн байна гэсэн дүр зураг харагдаж байна. Ерөнхийд нь дүгнэвэл Ардчиллаас хүнийсэх, магадгүй эргээд авторитар дэглэмд эргэн ороход тун ойрхон байгааг, Монгол дахь Ардчилал зөвхөн институтын ардчиллын хэмжээнд явааг, иргэдийн дунд ардчиллын суурь ойлголт сууж чадаагүй байгааг судалгаанууд харуулж байна.
Дэлхийн ихэнх улс орнуудад Ардчиллыг шинээр байгуулахдаа тухайн нийгмийн гол хэсэг иргэдэд улс төрийн боловсрол олгох явдлыг гол зорилгоо болгон хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн байдаг. Тэгвэл өнөөдөр Монголд энэ үүргийг зөвхөн төрийн бус байгууллагын үүрэг мэтээр ойлгож төв төр засагаас үүнд огтхон ч анхаарал хандуулахгүй байгаа нь сонирхолтой асуудал юмаа. Иргэдийн ардчиллын тухай ойлголтыг бий болгосноор өнөөдөр хийсвэр идеалийн төвшинд байгаа ардчилал хөрсөн дээр бууж оролцоотой, хяналттай, дархлаатай ардчилал бий болохоос гадна төрийн үүрэг байгууллагын талаархи үнэлэмжид өөрчлөлт орох нь зайлшгүй билээ.
Иймд иргэдэд Ардчиллын талаар суурь ойлголтыг төр засгийн бодлогын төвшинд тавьж нийтийн мөнгөөр энэ ажлыг эхлүүлэх нь ардчиллын нэн тэргүүнд хийгдэх ёстой “вакцин” юм.

No comments:

Post a Comment