Tuesday, November 24, 2009

Үнэт цаасны зах зээлийн нэр тайлбар.

Үнэт цаасны зах зээлийн нэр тайлбар.

”үнэт цаас” гэж Засгийн газар болон бусад эрх бүхий этгээдээс гаргасан өрийн бичиг /бонд/, компанийн бүх төрлийн хувьцаа, компанийн гаргасан, эсхүл гаргахаар санал болгож буй хувьцааг худалдах, худалдан авах эрхийн опцион, хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа,
түүнчлэн Үнэт цаасны хороо /цаашид “Хороо” гэх/-ноос энэ хуульд нийцүүлэн үнэт цаас гэж тодорхойлсон баримтыг хэлнэ.
”биет үнэт цаас” гэж тогтоосон журмын дагуу биет байдлаар хэвлэсэн үнэт цаасыг хэлдэг.
”биет бус үнэт цаас” гэж тусгайлан хэвлээгүй, бүрдүүлбэр нь тооцоолох машины санах байгууламжид байгаа үнэт цаасыг;
”үүсмэл үнэт цаас” гэж тодорхой үнэт цаастай холбоотой гаргасан, түүнээс үнэ, ханш нь хамаарч байдаг, хувьцаа худалдах, худалдан авах эрх олгосон опцион, энгийн хувьцаанаас бусад үнэт цаасыг тодорхой хугацааны дотор энгийн хувьцаанд хөрвүүлэх эрх олгодог бусад үнэт цаасыг;
“хувьцаа” гэж компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг;
”өрийн бичиг” гэж тодорхой хугацааны дараа үндсэн төлбөр болон хүүг мөнгөн, эсхүл тодорхой эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн хэлбэрээр эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн үнэт цаасыг;
”үнэт цаасны зах зээл” гэж үнэт цаас гаргах, бүртгүүлэх, худалдах, арилжих, хадгалах, түүгээр гэрчлэгдсэн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбогдсон харилцааг;
”үнэт цаасны анхдагч зах зээл” гэж үнэт цаас гаргагч үнэт цаасаа өөрөө буюу андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх компаниар дамжуулан худалдах, арилжихтай холбогдсон харилцааг;
”үнэт цаасны хоёрдогч зах зээл” гэж анхдагч зах зээлд гарсан үнэт цаасыг дахин худалдах, худалдан авах, арилжихтай холбогдсон харилцааг;
”брокерийн үйл ажиллагаа” гэж үнэт цаасны зах зээл дээр бусдын нэрийн өмнөөс үнэт цаасыг зуучлан худалдах, худалдан авах ажиллагааг;
”дилерийн үйл ажиллагаа” гэж үнэт цаасны зах зээл дээр ашиг олох зорилгоор үнэт цаасыг өөрийн хөрөнгөөр худалдан авах, худалдах, арилжих ажиллагааг;
”андеррайтерийн үйл ажиллагаа” гэж үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний дагуу гаргаж буй үнэт цаасны тухай танилцуулга бэлтгэх, шинээр болон нэмж гаргаж байгаа үнэт цаасыг бүгдийг буюу түүний тодорхой хэсгийг худалдан авах, худалдах, эсхүл үнэт цаас гаргагчийн нэрийн өмнөөс үнэт цаасыг нь нийтэд санал болгон арилжих ажиллагааг;
”Үнэт цаасыг нийтэд санал болгох” гэж үнэт цаас гаргагчаас үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан Хорооноос тогтоосон журмын дагуу үнэт цаасаа 50-иас дээш тооны этгээдэд санал болгож худалдахаа мэдэгдэхийг;. ”тендер санал гаргах” гэж тогтоосон журмын дагуу нээлттэй хувьцаат компанийн энгийн хувьцааны хяналтын багц буюу түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд худалдан авах саналаа нийтэд зарлахыг;
”дотоод мэдээлэл” гэж үнэт цаасны ханшид нөлөөлж болох, үнэт цаасны арилжаанд оролцоход давуу тал олгох, Хорооноос дотоод мэдээлэл гэж тогтоосон нийтэд тараагдаагүй мэдээллийг;
”үнэт цаасны зах зээлд ажиллах мэргэжилтнүүд” гэж үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагын үндсэн чиг үүргийг гүйцэтгэх ажил эрхэлдэг, Хорооноос үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрх авсан этгээдийг.
МХБ буюу Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага нь нийтэд санал болгон гаргасан үнэт цаасыг бүртгэх, арилжихтай холбогдсон үйл ажиллагаа эрхэлдэг компани бөгөөд Хөрөнгийн бирж, Дилерүүдийн арилжааны төвийн хэлбэрээр зохион байгуулагдана.
Үнэт цаасны төлбөр тооцооны байгууллага /цаашид “Төлбөр тооцооны байгууллага” гэх/ нь үнэт цаасны арилжааны үр дүнд үүссэн төлбөрийг тодорхойлж, тооцоо хийх үйлчилгээг гэрээний үндсэн дээр эрхлэн гүйцэтгэдэг компани байна.
Үнэт цаасны хадгаламжийн байгууллага /цаашид “Хадгаламжийн байгууллага” гэх/ нь үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрх болон уг эрх бусдад шилжсэнийг бүртгэх, үнэт цаас хадгалах үйлчилгээ үзүүлдэг компани байна.
Үнэт цаасны хамтын хөрөнгө оруулалтын байгууллага /цаашид “Хамтын хөрөнгө оруулалтын байгууллага” гэх/ нь үнэт цаасны зах зээлд даатгалын болон тэтгэврийн сангаас тусгай зориулалтаар төвлөрүүлсэн хөрөнгийн тодорхой хэсгээр, хөрөнгө оруулалтын сан /цаашид “Сан” гэх/ нь хувь нийлүүлэгчээс төвлөрүүлсэн хөрөнгөөр Хөрөнгө оруулалтын менежментийн компани, Төлбөр тооцооны болон Хадгаламжийн байгууллагатай хийсэн гэрээний үндсэн дээр үнэт цаас худалдан авах, худалдах үйл ажиллагаа эрхэлдэг компани байна
БДК. Брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх компани /цаашид “Брокер, дилерийн компани” гэх/-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 50.0 сая төгрөгөөс доошгүй байна. Брокер, дилерийн компани нь үнэт цаасны зах зээлд хэд хэдэн төрлийн үйл ажиллагааг хавсран эрхлэхээр тусгай зөвшөөрөл авсан бол хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь тухайн үйл ажиллагааг эрхлэх этгээдэд энэ хуулиар тогтоосон хөрөнгийн хэмжээгээр нэмэгдэнэ.
Андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх компани нь анхдагч зах зээлд гаргах үнэт цаасны бүрдүүлбэрийг гүйцэтгэж өгдөг, анхдагч зах зээлд худалдан авч борлуулах эрхтэй байгууллага. /цаашид “Андеррайтерийн компани” гэх/-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 200.0 сая төгрөг, үүнээс мөнгөн болон түргэн борлогдох эргэлтийн хөрөнгө нь 100.0 сая төгрөгөөс доошгүй байна.
Үнэт цаасны хөрөнгө оруулалтын менежментийн компани /цаашид “Хөрөнгө оруулалтын менежментийн компани” гэх/ нь таваас дээшгүй Хамтын хөрөнгө оруулалтын байгууллага болон Сантай гэрээ байгуулан хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээ үзүүлдэг компани байна.
Үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх компани /цаашид “Хөрөнгө оруулалтын компани” гэх/ нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийн дагуу үнэт цаас гаргагч болон үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагаас нийтийн хүртээл болгохоор заасан мэдээллийг цуглуулж, судалгаа, дүгнэлт хийх, хөрөнгө оруулагчид зөвлөлгөө өгөх үйл ажиллагаа эрхэлнэ.





Хяналтын улсын байцаагч Хорооны гишүүн болон Хорооноос эрх олгосон ажлын албаны ажилтан үнэт цаасны гүйлгээний хяналтын улсын байцаагчийн эрхтэй байна. Улсын байцаагч нь үнэмлэхтэй байх бөгөөд хувийн тэмдэг, торгуулийн хуудас хэрэглэнэ.
Компани гэж Хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгаарласан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлдэг.
Хувьцаат компани гэж хувь нийлүүэгчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь нийтэд чөлөөтөй арилжаалагддаг нээлттэй компани юм. Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нолтлох бөгөөд компанийн аливаа нэг эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй.
Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувь нийлүүлсэн хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь компанийн дүрмээр хязгаарлагддаг хаалттай компани юм.
Хувьцаа эзэмшигчдийн үндсэн эрх: ногдол ашиг авах, хувь нийлүүлэгчдийн хуралд олорцож хэлэлцэж байгаа асуудлаар болон зарим асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг эрх байна.

No comments:

Post a Comment