Tuesday, November 24, 2009

Бизнесээ өргөжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг хаанаас авах вэ?

Бизнесээ өргөжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг хаанаас авах вэ?
Монголын олон улсын хөрөнгийн корпорациас зөвлөж байна.
Манай бизнес эрхлэгчдэд тулгардаг нэгэн том асуудал бол, хөрөнгө санхүүжилтийн дутагдал билээ. Харьцангуй нэр хүндтэй компаниуд нь банкнаас зээл авах, хувьцааны хөрөнгө оруулалт
хийх эсвэл худалдааны санхүүжилт хийх зэргээр хөрөнгө босгох боломжтой байдаг бол харин жижиг, шинэ компаниудад санхүүжилт хийх боломж маш хүнд байна.
Энэ нь, үйл ажиллагаагаа явуулаад удаагүй байгаа, санхүүгийн хувьд тогтворжоогүй компанид санхүүжилт хийх нь хөрөнгө оруулагч нарт ихээхэн эрсдэлтэй байдагтай холбоотой юм. Гэсэн хэдий ч хувьцааны хөрөнгө оруулалт хийх, банкны зээл авах болон авлага барьцаалан зээл авах зэрэг зарим аргууд байдаг.

Банкны зээл
Банкууд зээл олгохдоо хязгаарлагдмал байдаг. Учир нь банкууд зээлд олгох хөрөнгийг харилцагч, үйлчлүүлэгч нарынхаа хадгаламжаар бүрдүүлдэг тул энэ нь банкны хувьд маш том эрсдэл хүлээж байна гэсэн үг. Банкууд өөрийн нэрийн өмнөөс танд зээл өгч болно. Гэхдээ үүний өмнө таны бизнесийн санхүүгийн тайланд үнэлгээ хийж, өр зээл болон өөрийн хөрөнгийн харьцааг анхааралтай судалсныхаа үндсэн дээр өээл өгөх эсэхээ шийднэ. Өөрөөр хэлбэл, зээлийн эдийн засагч таны зээлсэн мөнгөө хүүгийн төлбөрийн хамт бүтнээр нь эргүүлэн төлөх чадвартай эсэхийг тань харна. Магадгүй банкууд таны барьцаа хөрөнгөөс илүүтэй, бизнестээ оруулсан хөрөнгийг чинь харж болно. Энэ нь та, бизнесийнхээ ирээдүйд орж ирэх ашгийг урьдчилан тооцоолоход хүндрэлтэй байгаа бол өрөө дарахад шаардлагатай хоёрдогч эх үүсвэртэй байх ёстой гэсэн үг. Ерөнхийдөө, банкууд бизнес эрхлэгчдэд зөвхөн бизнесээ өргөжүүлэхэд нь дутагдаж буй санхүүжилтийг олгодог болохоос, бизнесийг нь бүрэн санхүүжүүлэх хөрөнгө олгодоггүй гэдгийг санаарай. Тиймээс та бизнестээ шаардлагатай бүхий л хөрөнгийг банкны зээлээр хангана гэж найдаж болохгүй. “Өр зээл ба өөрийн хөрөнгийн харьцаа” хэмээх ойлголт нь маш чухал, бизнесийн байгууллагын нийт өр зээлийг нийт хуримтлагдсан ашиг болон хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн нийлбэрт харьцуулан харьцаагаар илэрхийлдэг. Ямар ч салбарын бизнес ийм харьцааг гаргадаг. Энэ харьцааны гол утга нь, та өөрийн хөрөнгийнхөө хэмжээнээс давсан их мөнгийг зээлэх боломжгүй гэсэн үг юм.

Авлага барьцаалан санхүүжилт хийх
Банкны зээл олгогч нь, тухайн бизнес санхүүгийн үүргээ гүйцэтгэж чадахгүй байж магадгүй гэж үзвэл, ирээдүйд авах авлагыг нь харгалзан зээл олгох арга юм. Том, жижиг, ямар ч бизнесүүд хөрөнгө болон мөнгөн урсгал нь үйл ажиллагааных нь хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй болвол ирээдүйн авлагаараа санхүүжилтхийх боломжтой. Энэ нь ихэвчлэн банкнаас авсан зээлээ найдвартай эргэн төлөх баталгаа багатай, эсвэл банкны зээлийн шугамнаас илүү хэмжээний хөрөнгө шаардлагатай байгаа бизнесүүдэд үйлчилдэг. Ерөнхийдөө, банкны зээл олгогчид үйлчилгээний гэхээсээ илүүтэй, үнэлж болох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрлэл эрхлэгчдийг илүүтэй дэмждэг. Хувьцааны хөрөнгө оруулалт Энэ бол хөрөнгө оруулагч нар болон хувьцаа эзэмшигчдээр хийгдэх бэлэн мөнгөний хөрөнгө оруулалт юм. Энэ хөрөнгө оруулалтын давуу тал нь, та авсан мөнгөө хөрөнгө оруулагч нарт буцаан олгох шаардлагагүй, авсан мөнгөндөө хүү төлөхгүй, санхүүжилт авахын тулд барьцаа хөрөнгөтэй байх хэрэггүй юм. Гэхдээ та, үүний хариуд хөрөнгө оруулагч нарт бизнесийнхээ тодорхой хувийг өгнө гэсэн үг. Санхүүжилтийг хэрхэн амжилттайгаар олох талаар. Санхүүжилтийг амжилттайгаар олж авах эсэх нь та бизнесийнхээ ирээдүйг сайн төлөвлөж, үүнийгээ санхүүгийн туслалцаа үзүүлэх хөрөнгө оруулагч нарт сайтар танилцуулах чадвараас маш их хамаарна. Олонх бизнесүүд менежментээ муу хийх, хичээл зүтгэл бага гаргах, эсвэл удирдлагын туршлагагүй байдлаас болж нуран унадаг. Бизнес унахаас сэргийлэх хамгийн чухал арга замын нэг бол бизнес төлөвлөгөө боловсруулах явдал юм.
Бизнес төлөвлөгөө гэдэг нь, тухайн үйл ажиллагааг эхлэхээс нь дуусах хүртэл удирдан явуулах бичиг баримт буюу компанийн зорилго, зорилтууд, түүнийг хэрэгжүүлэх нарийвчилсан алхмууд зэргийг дурдсан, хэрэгжих боломжтой бичиг баримт юм. Бизнес эрхлэгч уг бизнесээ хэрэгжүүлэх бэлтгэлтэй, итгэлтэй байх тусам бизнес төлөвлөгөө дэлгэрэнгүй, нарийвчилсан байдаг. Хэрэв та стратегийн хөрөнгө оруулагч нараас эсвэл олон улсын банкнаас тодорхой хэмжээний санхүүжилт авна гэж бодож байгаа бол зах зээлийн судалгаа, бизнесийнхээ стратеги болон бусад гүйцэтгэлтэй холбоотой асуудлууд дээрээ дүн шинжилгээ хийхийг бид зөвлөж байна. Бизнес эзэмшигчийн хувьд, энэхүү сайн боловсруулсан бизнес төлөвлөгөө нь, та шаардлагатай санхүүжилтээ олж авч, ажлаа эхлүүлэх шилдэг арга зам болно.
Монголын олон улсын хөрөнгийн корпораци.

No comments:

Post a Comment