Monday, November 23, 2009

ШИНЭ СИБИРИЙН АРЛУУДЫН ДУНД

Маргааш өглөө нь гэгээ орохын үед жуулчид маань дахин аян замдаа гарлаа. Арлын өмнөд эргээр баруун тийш таван километр хэртэй явахад түрүүчийнхтэй адил мөсөн ганга үргэлжлэн харагдсаар байв. Дараа нь тэнгис рүү шургаж ороод арлын дөрвөн оргилын нэг болох Кигилях оргил ийнхүү тэнгис дунд хачирхалтай байрласан нь урьд түүнийг хүрээлэн байсан урт нарийхан хүзүүвчээс бусад арлын хэсгүүд усанд идэгдэн алга болсных ажээ. Замаа гучаад километээр товчлохын тулд энэ хүзүүвчийн эхээр давах хэрэгтэй байлаа.

Кигиляхын бүлэг уулс нь салхинд элэгдэж янз бүрийн хачин сонин хэлбэртэй болсон өндөр өндөр боржин багана шиг хад ихтэй болохоороо ийм нэр авчээ. Анчдад энэ боржин баганууд чулуужсан хүн шиг санагдаж, тэгээд ч энэ уулыг Кигилях гэж нэрлэн \эндхийн омгийн хэлээр бол “киги” – хүн, “кигилях” – хүнийх гэсэн үг\ сүсэглэн хүндэлдэг ажээ.
Жишээ нь Бунге уулын чулуулгийг нарийвчлан судлахад хэрэгтэй дээж авахаар хадан цохионоос алхаар эмтэлж авахад анчид энэ бол шүтээнийг хөндөж ёс алдаж байгаа хэрэг, энэ чинв зүгээр өнгөрөхгүй, лус савдгийн хорлол болно гэцгээжээ. Түүгээр ч үл барам Кигилях уулын оргилд гарч болохгүй, хэрвээ гарвал алдас болж, тийнхүү зүрхэлсэн хүн өтгөн манан буданд ороогдон нэг ангал руу нисэж үхнэ гэдэг ба©жээ. Тэр нутагт үүл манан үнэхээр хоромхон зуур хуралдах агаад сүсэгтэн хүмүүсийн хэлдэг үг дорхноо үнэ болж болзошгүй аж. Энэ уулын оргилд гарч чадаагүй Бунгег дагаж явсан газарчид нь энд зэс, мөнгөн зоос өргөжээ.
Жуулчид хүзүүвчийг туулах замдаа нэлээн их ядарч зүдрэв. Эхлээд эрэг хөндлөн огтолсон эгц гуу жалга өөд чаргаа чирч гаргаад дов толгодтой ташлан дээгүүр хэдэн километр явсны дараа нөгөө тал руу нь бас л эгц доошоо уруудах хэрэгтэй болов.
Давааны орой дээр гарсан хойноо якут хөтчүүд Кигилях уул өөд харан аян зам өлзийтэй, олз омогтой байх болтугай гэж шивнэн залбирцгаав. Энд тэндээ цасанд дарагдсан бараан боржин багануудтай энэ уул асар том балгас мэт торойн харагдах агаад даваанаас арван хоёр орчим километрийн холд сүүмийн шоволзох тул хөтөч нар мөнгө зоос өргөж чадсагүй, харин тэр зүг рүү нь тамхинаасаа чимх чимхээр цацан өргөлөө. Бүдүүлэг овгийнхон дотроо нэлээн ухамсартай, юм үзэж нүд тайлсан Горохов өөрөө тэрхүү ёсыг үйлдээгүй ч гэсэн Никифоровыг “Ээ хөөрхий, энэ сүсэгтэнгүүд хэчнээн их тамхиа хий цацав даа!” гэж хэлэхэд өөдөөс нь муухай харав.
Даваанаас буугаад орой нь хойшоо харсан, зуугаад зуугаад километр талтай буруу гурвалжин хэлбэртэй гэж газрын зураг дээр тэмдэглэсэн арлын баруун хойт эргийг нь даган мөсөөр зүүн хойт зүгийг чиглэн явцгаав. Мөсөн овоорго ихэнхдээ эрэг жалга дагасан байдаг болохоор дундуур нь тэгш газраар мөсөн дээгүүр явж, хааяа нэг зам хөндөлдсөн овооргыг давахаас өөр саадгүй овоо хурдан хөнгөн урагшилж байв. Хөтчүүд тэнгэр өөд байн байн харан нохдоо яаруулна. Хасагийн гацаанаас гарахад тэнгэр нартай тогтуун сайхан байснаа муухайрч эхлэв. Энэ өдөр нар хөнгөн цагаан үүлсийг нэвтэлж ядан бүдэгхэн ёлтойж, баруун хойноос үе үе хүчтэй салхи үлээнэ. Хонохдоо бууц суурьгүй газар цасан шуурганд дайрагдахгүйн тулд хурдлах хэрэгтэй байлаа. Эрэг хавиас мод залтас олдоно гэж найдаад түлээ түлш ч авч гараагүй аж. Хүзүүүвчээс хойш хориод километр газар мөн л мөсөн гуу жалга байв. Мөсөн гууны нэгтээ дээр нэгэн цагт Частное хэмээх нэлээн том нуураас бүх ус нь урсаж тэнгис рүү орсон үл ажиглагдам суваг байгааг Горохов бусаддаа зааж харуулав. Энэ нуур нь арал дээр зусдаг зэрлэг галууны гуужих үедээ орох дуртай газар байлаа. Энэ үед ч анчид ирж гуужих үедээ дэвэх өдөө унагаасан, нисэж үл чадах хөөрхий шувуудыг олон зуугаар нь бороохойгоор цохин алж олзолдог байжээ. Нуур урсан ширгэж алга болмогц галуу өөр газар олж, анчид ч ан авын үед хоолоор хангадаг байсан газаргүй болжээ.
Их Өвөлжөөний голоос цааш эрэг хавтгайрч өндөрсөн арлын төвд оршдог Хавтгай гэдэг уул алсад харагдах болов. Энэ голын адгаас хойт зүгт орших, алсад сүүмэлзэн харагдах Ляховын бага арлын урд хошуу чиглэн эргээсээ аажуухан холдох ёстой байлаа. Гэтэл хөтчүүд тэнгэрийн баруун хаяа руу хараад эргээ даган цааш явах нь дээр гээд нохдоо улам ч шавдуулав. Горохов хөтөч нартай хэдэн үг солиод,
- Тэнгэр муухайрахаас өмнө Ванькийн хадан хошуу хүрэх гэж эд маань яарч байна гэж тайлбарлаад,
- Хадан хоёуунд цасан шуурганаас нуугдан хоргодоход амар, бас тэнд мод зомгол ихтэй юм байна гэж нэмж хэлэв.
Үдээс хойш Төөрмөл голын адгийг өнгөрч явах үед баруунаас үлээх салхи ихсэж, мөсөн овооргын дээгүүрх сул цас явган шуурганд хийсэн урт сүүлт могой шиг мушгиралдан хуйлран эргэлдэв. Энэ цасан манан дундаас нар харагдахтай үгүйтэй бүүдийнэ.
Хүйтэрч эхлэв. Тэгш замаар ноход бараг л хар хурдаараа давхиж, цанатай хүмүүс гүйцэж ядан дагана. Тэд зөвхөн цасан овоорго дайралдахад хөлөө амрааж амсхийх боловч чаргаа татаж чирэн гараараа ажиллаж байлаа.
Ингэсээр салхи намдасхийж, алсад жаахан гэгээ татаж Ванькийн хошууны хар бараа үзэгдэхтэй болов. Триская голын адгаар гарч, тэнгис рүү лав трүж орсон хадан хошууг тойров. Тэнгэрийн баруун хаяа аймаар хорголжин хөх өнгөтэй болж, үе үе салхины хүч нэмэгдэхэд хөл дээрээ тогтоход хэцүү байлаа. Цас нүүр нүдгүй шавшин нүдэж, ноход толгойгоо байдгаар нь тонгойлгон хауу тийш харан гүйнэ.
Ийнхүү хадан хошууг зүдэрч байж тойроод нөмөрт нь ирэхэд салхины эрч багасаж, жуулчид сай нэг амьсгаагаа жаал дарсхийв. Толгой дээгүүр хэдэхн метрийн өндөрт цасан манан татсан сүүн цагаан тэнгэр эргэлдэх бөгөөд энэ цасан урсгалаас хааяа ганц нэгхэн ширхэг цас тасран унах аж.
Хэдийгээр шөнө болоогүй ч цааш явна гэж бодохын аргагүй байлаа. Хадан хошууг тойрохтой зэрэг цасан шуурга битүү цагаан хана мэт пүүгэж хэрвээ цааш явах гэвэл ийм юман дунд орж үхэх төлөвтэй. Хадан хошуунаас зүүн зүгт үргэлжилсэн лав түрж орсон тохой бас л цагаан манан дунд далд оржээ. Хадан хошуу зөвхөн дэргэдэх зурвасхан газраа л нөмөрлөх аж. Энд толгой хорогдчихмоор орон байр байсангүй. Зундаа гуу жалганаас бөөн бөөнөөр гулсан бууж ирсэн овгор овгор шороон дунд тэгш газар эрж олоод жалганы хормойд майхнаа барихаас өөр аргагүй болов. Харин хөтчүүд жалганд тогтсон зузаан цасан хунгарыг сүхээр цавчин нүх гаргаж эхэллээ. Горохов нөхдөдөө хөтөч нарын энэ аргаар цасанд нүх ухаж орогносон нь дээр гэж зөвлөв. Салхи чигээ өрчлөн хойшоогоо үлээх юм бол хадан хошуу нөмөр нөөлөг болж чадахгүй, харин цасан дахь нүх хорогдох сайн байр олно. Цасан шуурга нэг юм уу, ямаж мэдэх вэ, хоёр ч хоног үргэлжилж магадгүй юм.
Том томоороо элтэрч унах нягт цасан дунд нүхэн хонгил ухахад нэг их цас орсонгүй. Ухаж гаргасан бөөн бөөн хэсгийг орох үүднийхээ тэнд ханалуулан өрөв. Энэ нь хэрвээ салхи чигээ өөрчилбөл хамгаалалт болох юм. Тэгээд эргийн мөсөн овоорго, хунгар дундаас түлшинд хэрэглэх мод залтас ухаж авцгаав. Ингэж ян тан бэлдсэнийхээ дараа чарганаас ачаагаа буулган, хоёр нүхэн хонгилд давчуухан ч гэсэн хэрэндээ тохьтойхон байрлацгаав. Ноход мөсөн овоорго, чарган тэргэний араар эвхрэлдэн хэвтэцгээж хоол өгөхийг хүлээнэ. Нүхэн хонгилынхоо гадаа үхэр ханын нөмөрт гал түлэв. Нүхэн хонгил дотроо гал түлбэл ханын цас хайлж хүмүүсийг нойтон дуслаар жиндээх болно.
Цасан шуурга шөнөжин шуурч маргааш нь үд дундын үед намдав.
Салхи намдаж тэнгэр багахан цэлмэхтэй зэрэг жуулчид аян замаа үргэлжлүүлэхээр бэлдлээ. Ванькийн хадан хошуунаас арваад километрт ®рших Ляховын бага арлын үзүүр лүү баруун хойт зүгийг барин явав. Энэ арал Ляховын том арлаас хамаагүй бага бөгөөд умраас өмнө зүгт дөч тавиад километр хэртэй сунасан, онцгой өндөр оргилгүй, тун хавтгай намхан, жаахан овон товонтой өндөрлөг газар билээ. Жуулчид энэ арлыг баруун талаар нь тойрон хойт үзүүрт нь хүрэлгүй буудаллацгаажээ. Хэрэв тэнгэр муухайрах юм бол энд мөсөн овооргоос өөр нөмөр нөөлөг болох юм юу алга байлаа. Азаар тэнгэр намдуухан байв. Маргааш нь Ляховын бага, Тогоот хоёр арлын хоорондох далаад километр өргөн хөндийг туулах хамгийн хүнд зам тосож байлаа. Энэ замын хүнд хэцүү нь гэвэл энд зүүнээс баруун тийш тэнгисийн урсгалтай, тэр урсгал нь намар орой болтол хөлдөхгүй байж, байж дараа нь нэг юм битүүрэн хадаалах авч цасан шуурганы үед хагарч ангайдаг аюултай ажээ Иймээс мөсөн тал байн байн нүүж, үүнийх нь улмаас мөсөн овоорго их үүсдэг байна.
Тэнгис дээр хонохоос өөр аргагүй байдалд орж магадгүй гээд түлш базааж аваад баруун зүгт Тогоот арлын хамгийн урд үзүүрийн Баавгайн хадан хясааг чиглэн хөдөллөө. Тогоот арал тэнгэрийн хаяанд нэг том овгор хавтгай юм харагдах нь хөмөрч тавьсан ширмэн тогоог санагдуулна. Ийм ч учраас Тогоот нар авчээ. Тэр арлын хамгийн өндөр цэг болсон Молакатын гэж төдийлөн өндөр биш уулын орой энэ тогооноос дээш сүүмийж үзэгдэнэ.
Эхний хориод километр газар мөсөн овоорго цөөн, жижигхэн байж зам саадгүй хурдан хөнгөн ахив. Дараа нь намрын усны өрх, урсгалын зурваст нэг нь нөгөөгөөсөө том мөсөн овоорго дайралдаж эхлэв. Мөсөн уулын овоорго, тэр ч байтугай ганц нэгээрээ байгаа бөөн бөөн мөсөн цул ч хориод метрийн өндөр аж.. Иймд мөсийг сүхээрээ хаг хаг цохиж замаа тэгшилж, гөрмөл сураар чаргаа чирч, хүч тамираа барсан нохдодоо тусалсаар тун удаан урагшилж явлаа. Зарим том том овоорготой хагас цаг, заримдаа бүр бүтэн цаг ноцолдож байж нэг юм замтай болно.
Иймээс нар жаргахын үед дөнгөж замынхаа талыг гэхдээ хэцүү хэсгийг ардаа хийгээд цөм хүчээ баран нэгэн том мөсөн овооргын нөмөрт хонох болов. Хэдэн том бөөн мөсний нөмөрт хоёр майхнаа барьж жаал жуул юм идчихээд ядарч зүдэрсэндээ нам унтацгаав.
Шөнө дундын үед толгой дээр майхан нь чад шад хийн цуурч байгаа юм шиг чанга чанга дуугарахад Горохов сэрчихэв.
- Дахиад шуурч эхэллээ дээ! гэж үглээд өшиглүүр хөнжил дотроо эргэж хэвтэх гэтэл гэнэт майхан нь юу юугүй оёдлоороо зад татах нь гэмээр овс овсхийн хөөрөгдөв. “Энэ ч болохоо байх нь ээ!” гэж бодоод Горохов өшиглүүр хөнжлөөсөө сугаран гарч майхны амны уяаг арайхийн тайлаад толгойгоо цухуйлган харав. Нүүрийг нь хүйтэн хайрч, цас нүд ам руу нь чихэв. Майхан нь дэвж дэвж нисэх гэж байгаа юм шиг далбаганан чичирч байлаа.
“Одоо яая гэхэв, эднийгээ сэрээж майхнаа бэхлэхгүй бол сүйд болох нь шиг байна!
Юу ч болж мэднэ” гэж Горохов бодов.
Тэгээд унтаж байсан нөхдөө сэрээн тавуул майхнаасаа мөлхөж гараад төмөр гадаснуудыг мөсөнд улам лав хадаж майхнаа бэхлээд ачаа бараатай чарганууддаа чирч авчран гурван талаас нь хашинж майхныхаа дээгүүр татлагаар даруулан чарганаас уяж тэн татлаа. Хамаг хүчээ шавхан байж энэ бүгдийг хийхэд салхи унагах шахан исгэрч, амьсгал боон, цас нүүр нүдгүй шавж, пад харанхуйн дунд гурван алхмын цаана байгаа бие биеэ харах аргагүй байлаа. Мөсөн овооргын завсар зайлхайгаар сийгэж, ульж байгаа ч юм шиг уйлж байгаа ч юм шиг шуугих их шуурганы чимээн дундаас арваад алхмын цаана байгаа хөтөч нарын майхны тэндээс сүхний дуу хадна. Хөтөч нар босож майхнаа бэхэлж байгаа нь тэр юм.
Мэдэх чадах бүхнээ хийчихээд дахин унтахаар хэвтэцгээсэн боловч ханцуй, зах руу цас дүүрч, салхинд бүүр бээрчихсэн болохоор удтал бие дулаацаж өгөхгүй байлаа. Үүр цайхын үед Горюнов эхэлж сэрээд чагнавал шуурга намдаагүй аж. Гэхдээ майхан нь дэвж дэвэхээ бараг больсон байв. Харин гаднаасаа цасанд дарагдсан хормой нь асар том амьтны гүзээ шиг дотогш түрэн цүлхийж, одоо л цуу үсрэх нь үү гэмээр болжээ. Арга буюу дахин гадагш гарч цас цэвэрлэхээс аргагүй боллоо. Горюнов нөхдөө сэрээсэнгүй, хүрз авч гараад энэ ажлыг ганцаар хийж эхэллээ. Бүдэг цайвар гэгээнд ойрхи мөсөн овооргууд цайвалзаж, салхи үл мэдэг намдсан бололтой, гэхдээ л сэвсгэр зөөлөн цас улам их лавсана.
Хөтөч нарын майхны тэндээс хүн хашгирч, ёолох битүү дуу сонсогдоход Горюнов тэр зүг харав. Түрүүхэн сааралтан харагдаж байх шиг байсан хөтөч нарын сайхан одоо бүр алга болжээ. Горюнов тоогүй юм болжээ гэдгийг зөнгөөрөө мэдэрч, цас хонхойлон хэвтсэн нохойнуудад тээглэн бүдрэн тэдний майхны зүг гүйв. Хүүршиж хуучирсан майхан нь хүнд цасыг даалгүй оёдлоороо зад үсрэн унтаж байсан хөтөч нарыг даржээ. Өшиглүүр хөнжил дотроо хэвтээгээрээ цасанд дарагдсан хөтөч нар хөдөлж ч чадахгүй, ядахдаа амьсгаа авч чадахгүй боож үхэхийн даваан дээр ёолцгоож байлаа.
Горюнов майхан руугаа эргэн гүйж нөхдөө сэргээд өөрөө нэг хүрз шүүрч аван хөтөч нарыг цасан булшнаас гарагх гэж ухаж гарав. Төдөлгүй Горохов Ордин хоёр гүйн ирж цасанд дарагдсан майхны хормойг олж сөхөж татан хүмүүсийг гаргахад туслалцав. Нэг хөтөч бүр ухаан алдсаныг арайхийн сэхээжээ.
Ийнхүү мунгинасаар байтал цагаан гэгээ орж, цасан шуурга намдав. Цас лавсах нь багасаж, салхи үе үехэн үлээн зүүн зүгээс нар үл ялих цухуйхчаан аядав. Нохдоо цасан доороос ухаж гаргаад цай ундаа уугаад цааш хөдлөв. Шинэхэн орсон цасанд жигд дарагдсан газар цөм тэгш харагдан, дээгүүр нь явахад нохой чарга гэнэ гэнэхэн цөмөрч орон нэлээн саад болж байлаа. Нохдод зам гаргаж өгөхөөр цанатай хоёр хүн түрүүлж явах хэрэгтэй болов.
Өмнөхөн нь Тогоот арал торойн бараагнан, зурвас зурвас өндөрлөг, хар хар хад толботон харагдах эгц эргийн гуу жалга хүртэл ялгаран үзэгдэх боллоо. Энэ арлаас жаахан зайтай, тэнгэрийн баруун хаяанд арай намхандуу Фаддеевын арал торолзоно.
Хэд хэдэн аварга мөсөн овооргыг давж гараад нар жаргах үед Баавгайн хадан хясаанд хүрч, тэндээсээ дахин таван километр явж байж зүүн өмнөд эрэг дээрх бууц газар очлоо. Энэ эрэг нь Ляховын арлын эрэг шиг мөсөн хана биш, нэг бол мөснөөс дээш ханаран боссон, эсвэл хунгарт дараЈдсан болохоос тэнгис рүү навтайж буусан уулын хатуу чулуулгаас бүтжээ.

No comments:

Post a Comment