Monday, November 23, 2009

Авилга


Үндэслэлгүйгээр халагдсан мөрдөн байцаагчид ажилдаа ороогүй
байна

Авлигатай тэмцэх газар(АТГ)-ын дарга хоёр мөрдөн байцаагчаа халж, сахилгын хариуцлага тооцсон ч шүүхийн шийдвэрээр тэд буруугүй болох нь тогтоогдсон тухай өмнө мэдээлж байсан билээ. Арга хэмжээ авахуулсан мөрдөн байцаагчдыг Г.Ууганбаяр, Т.Баяртөгс гэдэг. Тэд өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр зэрэг ажлаасаа халагджээ. Чухам ямар учраас даргыгаа хуулиас гадуур тушаал үйлдүүлэхэд хүргэснийг сурвалжилсан юм
.
Г.Ууганбаяр нь 2007 оноос хойш АТГ-т мөрдөн байцаагчаар ажилласан байна. Тэрбээр 2008 онд М.Ганбаатар нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулж байжээ. Ингээд Мөрдөн байцаалтынхаа ажиллагаанд яллах дүгнэлт үйлдүүлэхээр мөн оныхоо долдугаар сард Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Харин Хан-Уул дүүргийн шүүх уг хэргийг аравдугаар сард нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан аж. Ингээд уг хэрэгтээ дахин мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, яллагдагч Ц.Жаргалсайхан, Б.Хадбаатар нарыг 12 дугаар сарын 3-ны өдөр байцааж хэргийн яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийсэллийн прокурорын газарт хүргүүлсэн байна. Хяналтын прокурор уг хэргийг хянаад хэргийн бүрдэл хангагдсан гэж үзээд прокурорын яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Хэргийг шилжүүлсний дараа дээрх яллагдагч нарыг байцаасан тэмдэглэл нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн гэж хоёр дахь прокурорын шаардлагыг АТГ-т ирүүлсэн байна.
Хэрэв прокурор Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн гэж үзсэн бол хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, яллагдагч нарыг дахин байцаалгах арга хэмжээ авхуулах байсан мэт. Энэ тухай “Прокурорын байгууллагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1”-д тодорхой заасан байдаг. Харин прокурор хэргийн бүрдэл хангагдсан гэж үзээд шүүхэд шилжүүлсний дараа хоёр дахь прокурорын шаардлага бичсэн нь хууль зөрчсөн явдал болжээ. Гэтэл энэхүү шаардлагыг үндэслэн АТГ-ын дарга 2009 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаагч Г.Ууганбаярыг “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалт зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр “Төрийн албанд нэг жилийн хугцааанд эргэн орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл ногдуулсан байна. Шийтгэл амссан мөрдөн байцаагч даргынхаа энэхүү тушаалыг ор үндэслэлгүй хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Учир нь тэрбээр 2008 оны эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлаараа 90 гаруй хувийн дүн үзүүлсэн аж. Энэ мэтчилэн урамшуулал ч хүртэж байсан гэнэ. Гэтэл АТГ-ын дарга сахилгын шийтгэл ногдуулахдаа “АТГ-ын албан хаагчийн дүрэм”-ийн зүйл заалтыг зөрчсөн нь шүүхээр тогтоогджээ. Иймд анхан шатны шүүхээс АТГ-ын даргын 2009 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 13 тоот тушаалыг хүчингүй болгож, Г.Ууганбаярыг эрхэлж байсан албан тушаалд нь буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох таван сая гаруй төгрөгийг буцааж олгохыг шийдвэрлэсэн байна.
Харин Б.Баяртөгсийн хувьд Д.Туяа нарт холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байжээ. Түүнийг “Албан үүргээ биелүүлээгүй” гэх зэрэг шалтгаанаар АТГ-ын дарга Ч.Сангирагчаа ажлаас нь халж, сахилгын хариуцлага ногдуулсан байна. Харин Б.Баяртөгс байцаагч “Миний бие хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байцаалт явуулсан байхад ямар ч үндэслэлгүй ажлаас халсан гэж шүүхэд ханджээ. Ингээд анхан шатны шүүхээр мөн л түүнийг буруугүй, ямар ч үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан болохыг нь тогтоож, Г.Ууганбаярынхтай адил шийдвэр гаргасан байна. Харин АТГ-аас Улсын дээд шүүхэд давж заалдсан боловч заргаа авч чадаагүй байна.
Зарим эх сурвалжуудын мэдээлснээр дээрх хоёр мөрдөн байцаагч үндэслэлгүйгээр арга хэмжээ авахуулсан нь даргынхаа тушаалыг зөрснөөс болсон гэж байгаа. Тодруулбал, хэн нэгэн авлигачийн хэргийг шалгаж болохгүй гэсэн даалгаврыг биелүүлээгүй гэх. Харин тэд өргөсөн тангарагтаа үнэнч царайлж, даргынхаа үүргийг үл тоомсорложээ. Ихээхэн хэмжээний “но”-той эрхмийн нууцыг задруулах гэсэн мөрдөн байцаагчдаа арга хэмжээ аваад байвал АТГ жинхэнэ утгаараа авлигатай тэмцэж чадахгүй байгаа нь аргагүй биз ээ.
М.Мөнхцэцэг


No comments:

Post a Comment