Monday, November 23, 2009

О.Дашбалбар

Би огт гунихгүй
Зорилгогүй тоглоомонд өртөж, золгүй амьдралаа мартаж
Зол жаргалыг үзэн ядавч зоргоороо амьдрах би дуртай
Ертөнц даяараа намайг мартсан ч би огт гунихгүй
Ертөнц даяараа намайг магтсан ч би огт мишээхгүй
Энэ ертөнцөд ердийн энгийн адуу шиг, шувуу шиг амьдарч
Эргэж ирэхээр нисэн одож, буцан ирэхдээ хүн шиг л амьдарна
Амьдралын зорилго инээдийг минь хүргэнэ, юу юм бэ…
Амьд яваа минь бурханы тоглоом, үйлийн сүлжээс!
Далдуу модтой, номтой, хүүхэнтэй, дарстай тоглож
Дашбалбартайгаа ч тоглож явсаар би дөч гарлаа
Намайг Дашбалбар гэж нэрлэсэн юм, энэ миний өмсгөл
Надаас нэр-хувцсыг минь хуу татвал би хэн юм бэ?
1998.11.22

Элегия

Намар болгон модод шарлаж, навчис унана
Надад дэндүү танил уй гуниг сэргэнэ
Харах тусам тэнгэр улам дотно ээнэгшиж
Хан бүргэд тэртээ дээр дуртгал мэт эргэлдэнэ
Биеэр минь шаргалхан гуниг нэвт харваж
Би навчис адил уйтгарлан, хорвоод цөхөрнөм
Сэм сэмхэн уулс бударч, сэрүүн намар хүдэнтэнэ
Сэтгэлийн минь гүн рүү намар өөрөө шургажээ
Бүхий л хорвоо эрвээхэй шиг эмзэг санагдана
Бүр тэгэхдээ намрын бээрэгхэн эрвээхэй шиг хөөрхийлөлтэй
Би харь газарт цөлөгдсөн мэт энэ дэлхий дээр хаягдаж
Биеийг минь бус сэтгэлийг минь ирж авах эзнээ хүлээнэм
1993-1998 он

No comments:

Post a Comment