Monday, November 23, 2009

О.Дашбалбар

Агсам тавимаар хорвоо
Сэтгэлийн минь цог унтраагүй сэрүүн ахуй үедээ
Сэргэлэн болжмор шиг эмсэж, дур зоргоороо явлаа
Тэмцэлдэж явсан хүмүүсийн тэн хагас нь алга даа
Тэрсэлдэж үлдсэний гавьяа, ертөнцөд шунахаас хагацлаа
Уйтгар гунигтай хорвоод уруудаж доройтож явсан ч
Угийн хатуу тавилан минь өгсөж өөдөлж үзлээ
Дэлхийн бөмбөрцгийг өшиглөж агсам тавимаар санагдана
Дээр нь байгаа амьтдын нэг нь би өөрөө юм шүү дээ
1998.11.15

Цорын ганц давтагдашгүй өдөр
Цонхны цаана цэнхэрлэн өнгөрлөө
Өдрийг нэвт шөнийг харах
Өөрийн тэнхээг надад үлдээлээ
Байгалийн хишиг цагаан үүлэн
Багын андын захидал адил
Хэсэгхэн шиврэх зөөлөн бороо
Хэзээ ч сонсоогүй хайрын шивнээ
Үлэмж амгалан тэнгэрлэг өдөр
Үүрд одов уу, навчинд нуугдав уу?
Үлдээсэн дурсгал нь энэхэн шүлэг үү?
Үнэн хайр, гэрлийн урсгал уу?
Амьсгаа хурааж моддыг ажлаа
Амьтай юм шиг навчис нь сэрчигнэв
Орчлонд айлчлаад буцсан өдөрОн жилүүдийн дусалхан нулимс!
Дээврийн цаана шөнийн тэнгэр
Дэлхийгээс тусдаа өөрийгөө хадгална
Оддын увидас надад хүртээлгүй ч
Орон дээрээ би нууцыг нь төсөөлнө
1997.09-р сар

No comments:

Post a Comment