Monday, November 23, 2009

Судалгаа шүүмж "Амьддаа бие биенээ хайрла"

“АМЬДАДАА БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛА”

ЁС СУРТАХУУНЫ ДЭЭД ҮНЭТ ЗҮЙЛС БУЮУ
“АМЬДАДАА БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛА”

Ёс суртахууны үнэт зүйлсийн тухай :

- Үнэт зүйлс судлал бол философийн шинжлэх ухааны харьцангуй залуу салбар ухаан мөн боловч ХХ-р зууны дунд үеэс нийгмийн ухааны олон салбарт бие даасан салбар судлал болон хөгжсөн түүхтэй гэдэг. Тэр дундаа ёс суртахууны үнэт зүйлсийн асуудлыг аксеологийн судлалд сүүлийн үед түлхүү судлах хандлага ажиглагдаж байна Эртний Афины ардчилалын үед гүн ухаантан Сократ” “Буян гэж юу вэ? “гэсэн аксиологийн асуудлыг гаргаж тавьсан нь үнэт зүйлс анх удаа этика ба ёс суртахууны шинжлэх ухааны төвшинд судлагдах үндсийг тавьсан гэж үздэг юм. Ёс суртахуун гэдэг ойлголт нь грек хэлний “ethos” буюу зан байдал гэсэн утгатай үг бөгөөд зан байдал ба үнэт зүйл гэсэн холбоо хамааралд хүний зан суртахууны дээд хэлбэр шударга зан, үнэнч байдал,зэрэг эерэг хандлагаар илэрдэг. Өмнөх нийгмийн тогтолцооны үед ёс суртахууны үнэт зүйлсийн тухай судлал байгаагүй боловч 1990-оноос хойш гарсан нийгмийн өөрчлөлттэй холбоотой цоо шинэ ойлголт үзэх үндэслэл байхгүй. Учир нь ямар ч нийгэм, цаг үе өөрийн үнэт зүйлсийн тогтолцоог бүрдүүлдэг зарчмаар эрхэмлэн дээдлэх зүйлс, ёс суртахууны хэм хэмжээний тухай ярьж, социалист аж төрөх ёс, марксист философийн онолын үүднээс тайлбарлаж ирсэн гэдгийг энд зориуд дурьдмаар байна.
Үнэт зүйлсийн тогтолцоог яруу найргаар тайлбарлах нь:
- Дээрх тодорхойлолтооос үндэслэн яруу найрагч О.Дашбалбарын /1955-1999/ “Амьдадаа бие биенээ хайрла,хүмүүс ээ” хэмээх сургаалын шүлгийг ёс суртахууны үнэт зүйлсийн эерэг ба сөрөг хандлагын үүднээс тайлбарлах оролдлогыг хийсэн болно. Энэ шүлэг яруу найрагчийн “Оддын аялгуу” /1984 он/ хэмээх анхны шүлгийн түүвэрт хэвлэгдсэн харин 1980 онд Москва хотод М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж байх үедээ зохиосон гэдэг. Яруу найрагчийн амьд ахуйдаа дурсан ярьснаар ”Москвад оюутан байх үедээ бурханы шашин, христосийн шашин хоёрыг зэрэгцүүлж их уншдаг байлаа. Нэгэн удаа “Библи” уншиж суухдаа энэ шүлгийг бичих санаа орж ирсэн тухайгаа” хуучилж байсныг санаж байна. Тиймээс энэ шүлгийг задлан шинжлэхдээ “уран сайхны задлан шинжилгээ ягшмал /догматик/ байх ёсгүй, өөрөөр хэлбэл цорын ганц зарчим, заалт томъёолол үнэлэмжийг хэт дээдлэх, аливаа явдлаас шийдвэртэй татгалзах хэрэгтэй”/А.Радугин “Соёл судлал” 1999.130/ гэснийг ерөнхийд баримтласан болно.
Үнэт зүйлсийн хэм хэмжээ ба эерэг, сөрөг хандлага:
-Үнэт зүйлсийн онолын ойлголтоор “алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла”гэсэн эерэг хандлага нь “харамын сэтгэл бол шуналын эхлэл” гэсэн бурханы шашны гол сургаалыг далд утгаар илэрхийлэх ба хамаг зовлон шуналаас үүсэлтэй буюу монголчуудын үнэт зүйлсийн уламжлалт үзлээр “шунал ихэдвэл шулам”, ”зоос ихэдвэл зовлон нэмэгдэнэ” зэрэг зүйр цэцэн үгээр илэрч байна. Яруу найрагч дараагийн мөрөнд өмнөх санаагаа улам дэлгэрүүлж:
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү бүү түлх /Оддын аялгуу 1984 он / гэсэн нь хүмүүсийн амьдралын ёс суртахууны хэм хэмжээ, зохист байдлыг сургамжилсан шинжтэй бөгөөд “сайн үг байнга хэлэх” хэмээсэн эерэг хандлага харин эсрэгцүүлвэл буюу сөрөг хандлагаар ”дэмий үг бүү чалчих” гэсэн хувь хүний үнэт зүйлстэй холбоотой санаа урган гарч байна. Энэ тухайд жишээ болгож монгол хэлт яруу найргийн сонгодог төлөөлөгч В.Гуларансийн “Зохиол бичих” хэмээх шүлгээр тайлбарлая.
Гурван ямхын хулсан бийрийг барьж эндүү ташаа бичих минь
Гутал оймсийг бартал гүйж,нэр алдар хөөхөөс дээр /МУЗД-1-р боть 1996 он/ хэмээсэн шүлгийг үнэт зүйлсийн онолд тулгуурлан тайлбарлахад “эерэг үнэлэмж нь “эндүү ташаа бичих нь нэр алдар хөөхөөс дээр” гэтэл сөрөг үнэлэмжээр “эндүү ташаа бичих нь нэр алдар хөөхөөс дор” юм. Үүний шалтгаан нь үндэстний нийтлэг буюу судлаачдын тодорхойлсноор “уламжлалт үнэт зүйлс”-ээр “ нэр алдар хөөх нь дор” байтал харин хэн нэгэн хувь хүнд “нэр алдар хөөх нь эндүү ташаа бичихээс дээр” гэсэн үнэт зүйл байж болно. Үүнийг үгүйсгэх ямар ч аргагүй. Учир нь хувь хүний ёс суртахууны үнэт зүйл дээр дурьдсанаар заавал эерэг үнэлэмж байх ёстой биш.
Тиймээс нийгэмд гарч буй ёс суртахууны гажуудлууд нь хувь хүний ёс суртахууны хэм хэмжээ зөрчигдснөөс үүдэлтэй байдаг тул яруу найрагч “Амьдадаа бие биенээ хайрла,хүмүүс ээ” гэсэн хүний амьдралын утга учрыг заасан дээд үнэт зүйлээ бататгаж :
Архинд орсон нэгнийгээ адлаж битгий муул
Аяа тэр чиний аав чинь байж мэднэ шүү  /Одын аялгуу 1984 он/ хэмээсэн нь хүний жижигхэн алдаа ёс суртахуун дотоод зөрчилд хүргэж болохыг өгүүлжээ. Энэ мөрийг уншаад эргэлзэж гайхсан хүнтэй таааралдаж байлаа .Тэр хүн нилээд олон жилийн өмнө надаас “энэ хүн ааваасаа багадаа төөрсөн юм уу?” гэж асууж байсан юм . / Яруу найргийг ингэж ойлгодог хүмүүс харамсалтай нь улам нэмэгдээд байгаад л харамсаад байгаа юм./ Энэ шүлэг монголчуудын амьдралын гүн ухааны уламжлалт ойлголтоор хүн ертөнцөөс одоод эргэн төрөх тухай юм,гэтэл тухайн /1980-аад оны эхэн үед / үед энэ үзлийг яруу найрагчийн илэрхийлснээр тайлбарлавал судлаачийн бичсэнээр “Хэрэв бид социализм ид хөгжин цэцэглэж байсан,1950-иад оны үед зах зээлийн эдийн засагт шилжих асуудлыг тавьсан бол энэ нь 1990-оных шиг түүхийн чухал үйл хэрэг биш,харин санаачлагч цөөн хүний хувийн эмгэнэлээр төгсөх байсан билээ. гэсэн шиг “айхтар ноцтой” байдалд хүрэхгүй юм аа гэхэд нийгмийн үзэл санаатай зөрчилдөж,ёс суртахууны үнэлэмжийн гажуудалд хүрэх байжээ.
Үнэт зүйлсийн гажуудал гэж юу вэ?
Ёс суртахууны үнэлэмжийн гажуудал гэдгийг дараагийн мөр шүлгээр тайлбарлая.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусдадаа нээж өг 
Ачийг чинь тэд бас бүү мартаг. / Оддын аялгуу 1984 он / гэсэн энэ үнэлэмжийн зөв хандлага ба эерэг үнэлэмжийг ганцхан “бүү”гэдэг үг нэмээд бусдадаа болон нээж гэдэг хоёр үгийн хооронд тавьчихвал тэгээд “ үнэлэмжийн гажуудал” буюу “аз жаргалын хаалгыг бусдадаа бүү нээж өг “гэсэн сөрөг үнэлэмж болох жишээтэй. Дараагийн мөрөнд “ачийг чинь бас гээд “бүү”-г хасчихвал мартаг” гэсэн мөн сөрөг үнэлэмж үүснэ.Чухам ганц нэг үгээр утга гуйвууулаад байгаагийн учир нь эерэг,сөрөг үнэлэмж ба буянаас нүгэл,сайнаас муу гэсэн үнэлэмжийн нэг хандлагаас нөгөө хандлагад шилжихэд тодорхой цаг хугацаа,орон зай ба “дундаж үнэлэмж”,”завсрын үнэлэмж”гэж огт байхгүй болохыг жишээгээр батлахаар оролдсон юм.

Үнэт зүйлстэй холбоотой хүний мөн чанарын өөрчлөлт :

- Хувь хүний үнэт зүйлсийн гажуудал нийгмийн хүчин зүйлсээс шууд шалтгаалж байдаг. Нийгэм-түүхийн тодорхой өөрчлөлтүүдээс шалтгаалан хувь хүний үнэлэмж үндсээрээ өөрчлөгдөнө. “Уламжлалт нийгэм хамт олны хүчинд тулгуурлаж, хамт олонч харилцааг эрхэмлэж, нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө байсан бол орчин үеийн хүний нийгэм хувь хүний эрх чөлөөг илүү чухалчлаж, миний, чиний гэсэн ойлголт түгээмэл хэрэглэгдэж, түүнийг дагасан эгоизмын хандлага ч ихэсч байна. гэжээ. Тэгвэл “Амьдадаа бие биенээ хайрла,хүмүүс ээ” шүлэгт :
Гадаа нартай ч гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно. /Оддын аялгуу 1984 он/ эсвэл

Өөр нэг өдөр чи гуньж,цаадах чинь дуулна.
Өлгий авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэгггүй,бие биенээ хайрла зэргээр амин хувиа хичээх, зөвхөн өөрийгөө бодох, би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн одоо цагийн хүмүүсийн довоо шарлуулсан ёс суртахууны хувьд өчүүхэн, үлэмж жижгэрсэн байдлыг жигшин зэвүүрхсэн шууд санаа байхгүй ч :
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад. /Оддын аялгуу 1984 он / гэсэн хүний ёс суртахууны дээд үнэт зүйл болсон “хүнлиг байх” зарчмыг номлосон байна. Яруу найрагчийн энэ шүлэгт бусдыг алдар цол, гавъяа шагнал, зэрэг дэвээр нь ялгаварлан харьцахыг эсэргүүцэж: “Бидний амьдрал ав адилхан”, ”бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно.”, ” алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор” гэх зэргээр хүмүүсийн харьцааны сөрөг илрүүдийг үгүйсгэж хүн бүхэн адил тэгш, харин эд хөрөнгө, эрх мэдэл бол хүмүүсийн хооронд орсон “хий үзэгдэл” юм гэсэн гүн ухааны санааг дэвшүүлэн гаргасан бөгөөд хүмүүсийн миний юм гэсэн бүхэн түүнийх өөрийнх нь биш хүнд оюун ухаанаас нь өөр “өмч” байдаггүй гэсэн гүн ухааны суурь үзлээ анх энэ бүтээлдээ гаргаж ирсэн юм. Мөн уг шүлгийн сүүлийн бадагт “би” төсөөлдөг, зүйрлэдэг, ойлгодог, боддог хэмээсэн “би”-гийн зүгээс өөрийн ёс суртахууны хэм хэмжээ, үнэлэмжээ тодорхойлж өгсөн байна. Жишээ нь:
Аз жаргалыг би бусдын сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном.
/Оддын аялгуу 1984 он 73-р тал/ хэмээсэн нь зохиогч бүх амьдралынхаа туршид баримтлах ёс суртахууны дээд үнэлэмжээ илэрхийлсэн, хэрэв энэ шүлгийг ганц өгүүлбэрээр тодорхойлох шаардлага гарвал :

“Амьдадаа бие биенээ хайрла, хүмүүс ээ” шүлэг нь яруу найрагч О.Дашбалбарын “хүнийг хайрлах”,”бурханыг үзэх”, “ёс суртахууныг эрхэмлэх”,”эх орон,газар шороогоо дээдлэх” ,”тусгаар тогтнолоо хамгаалах”,зэрэг амьдралынх нь “чин эрмэлзэл” болсон дээд үнэт зүйлс анх төлөвшиж байх үеийн шилдэг бүтээл “гэж үзэж болно. Үндсэндээ энэ шүлэг бол 1980-аад оны эхэн үеийн 25 настай залуухан О.Дашбалбарын ёс суртахууны үнэт зүйл төлөвшин тогтож эхэлсэн “эх орон” “бурхан шашнаа дээдлэх” дээд үнэлэмжүүд үл хувирах шинжтэйгээр бүрэлдэж 1990-ээд оны эхэн болон дунд үеийн ”Гэрэлт хайр” /1990/, “Бурханы мэлмий “ /1991/, “Цаг хугацааны гуниг буюу орон зай дахь дүрсүүд “ /1995/ зэрэг шүлгийн түүврүүдийн амин санаа болсон гэдгийг харуулж байна.

No comments:

Post a Comment