Monday, November 23, 2009

Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал


Гадаад худалдаа. 2009 оны эхний 9 сарын байдлаар, тус улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2778.1 сая ам. доллар байна,
үүнээс экспорт 1293.8 сая ам.доллар, импорт 1484.3 сая ам.доллар болохоор байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 36.6 хувь, үүний дотор экспорт 33.9 хувь, импорт 38.8  хувиар тус тус буурчээ.
Экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33.9 хувиар буурсан нь эрдэс бүтээгдэхүүн 431.8 сая ам.доллараар, боловсруулаагүй алтны экспорт 175.7 сая ам.доллараар тус тус буурсантай холбоотой. Засгийн газраас алтны салбарыг дэмжих зорилгоор оны эхэнд тусгай зээл олгосон хэдий ч энэ алт олборлолт төдийлөн нэмэгдэхгүй байна.
2009 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр, нийт экспорт 1660.0  сая ам.доллар, нийт импорт 1885.1 сая ам.доллар болохоор байна. Нийт экспортын хэмжээ буурахад цайрын баяжмалын биет хэмжээ болон жоншны үнийн дүн огцом буурсан болон боловсруулаагүй алтны биет хэмжээ буурч байгаа явдал голлон нөлөөлөхөөр байна. Хэдийгээр зэсийн биет хэмжээ харьцангуй тогтвортой байгаа боловч баяжмалын үнийн дүн буурч, энэ нь экспортын хэмжээг багасгахад хүргэж байна.
Импортод нефтийн бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, авто болон агаарын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн өндөр хувийн жинтэй байгаа юм. Барилгын салбарын үйлдвэрлэл огцом буурсанаар барилгын материалын импорт ч багасхаар байна. Нөгөө талаас, зарим төрлийн барилгын материал тухайлбал хуванцар хоолой, хавтан зэргийг тодорхой хэмжээгээр дотооддоо үйлдвэрлэж эхэлж байна. 
2009 оноос эхлэн Монгол улс үр тариа, гурилын хэрэгцээнийхээ нилээд хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа учраас үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүний импорт буурч байна.

No comments:

Post a Comment