Monday, November 23, 2009

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН САН" - ГИЙН ХӨРӨНГИЙН 2007 ОНЫ ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАН

Тус сангийн хөрөнгийн 2007 оны зарцуулатын тайлан
“Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан”-гийн үйл ажиллагааг 2007 онд эхлүүлж, тус сангийн 2007 оны хөрөнгийн зарцуулалтын тайланг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсний үндсэн дээр танилцуулж байна. Хамтран ажиллах хэн бүхэнд энэхүү сан нээлттэй гэдгийг юуны түрүүнд уламжилъя.
Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 258 дугаар тогтоолоор “Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан /ХОХС/-гийн хөрөнгийг захиран зарцуулах журам”-ыг, Ерөнхий Сайдын 2007 оны 18 дугаар захирамжаар тус сангийн удирдах Зөвлөлийг байгуулснаар тус сангийн үйл ажиллагаа эхэлсэн.
            ХОХС-гийн удирдах Зөвлөл хуралдаж Сангийн үйл ажиллагаатай холбоотой дараахь томоохон асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнд:
-    Арилжааны банкуудаас сонгон шалгаруулж тус сангаас олгох зээлийг дамжуулан зээлдүүлэх хэлбэрээр зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр дамжуулах;
-      Нэг зээлдэгчид 300 сая төгрөгөөс дээшгүй зээл олгох;
-      Жилийн хүүгийн түвшинг 10 хувиас хэтрүүлэхгүй байх;
-      2 жил хүртэлх хугацаатай зээл олгох;
-      Хөдөө, орон нутагт, нийт хөрөнгийн 30 хувиас багагүйг зарцуулах;
-  Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим нь Голланд Улстай хамтран шинээр байгуулагдаж буй “Ногоон зээлийн баталгааны сан”-гийн үйл ажиллагааг дэмжиж 1.0 тэрбум төгрөгийг тус санд дамжуулан зээлдүүлсэн гэх мэт томоохон асуудлуудыг шийдвэрлэж ажиллав.

Дээрх зээлийн үндсэн нөхцлүүд нь зээлийн хөрөнгийн буцаан төлөлтийн эрсдлийг тэглэх, зээлийн хүүгийн сарын түвшинг 0,83% байхаар тооцсон нь санхүүгийн систем дэх арилжааны зээлийн хүүгийн түвшинг бууруулах, хугацааг уртасгахад зохих хэмжээний нөлөө үзүүлж ажиллалаа.
УИХ-аас тус санд 2007 онд 9.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталснаас 7.6 тэрбум төгрөгийг зохих журмын дагуу Монгол банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангасан Голомт болон Анод банкаар дамжуулан зээлдүүлж, мөн Засгийн газрын 2006 оны 266-р тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор шинээр байгуулагдаж буй "Эрдэнэс-МГЛ" ТӨХХК-ийн дүрмийн сангийн бүрдүүлэлтэд 100 сая төгрөгийг санхүүжүүлэн, үлдэх 1.3 тэрбум төгрөгийг төрийн бус байгууллагууд болох Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоогоор дамжуулан, нийт 53 аж ахуйн нэгж, иргэдэд зээлдүүлэв.



ХОХС-аас зээл авахыг хүссэн аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтүүд холбогдох салбарын сайд болон байгууллагаар дамжин нилээдгүй хэмжээгээр ирснийг дор бүр нь хамтран ажиллаж байгаа арилжааны банкуудад шилжүүлэн судлуулах замаар асуудлыг шийдвэрлэн ажиллалаа.



No comments:

Post a Comment