Friday, November 20, 2009

шүлэг

***** Ганцаардал *****


Хайрын шархандаа халуурч

Халуун итгэл сэмрэн алдарч байхад

Харцны гэгээ татарч

Хоосон нүд дуугаа хурааж гунихад


Зүрхний битүү шаналандаа

Ухаан балар алхсаар

Зөн далласан

Хэмжээсгүйн гүнд ирсэн.


Зовлонт таван мэдэрхүй

Амир бүүвэйнд нь зүүрмэглэж

Зохист тайтгарлын тэвэрт

Аяндаа дасах болсон.


Тас харанхуйг ширтэн

Таавар таалцан суугаад

Харанхуйд хараа орсон


Таг чимээгүйг чагнан

Аниргүйд живсээр

Таалалт хэмнэлд автсан


Тайлагдашгүй нууцаар сэрэгдсэн

Төсөөллийн шидэнд ховсдуулж

Утгын амтанд орсон


Дөрвөн мөч таван мэдэрхүйгээс сугаран

Харь сэрлийг хүртсэн.


Би, хагацлын үлдээсэн ганцаардалд

Дахин төрсөн хоёр нутагтан.

Биёлэшгүй төгсийг эс олоод

Биёээ мартсан даяанч.


Харанхуйн гэрэлт шувуудаа

Догдлолт мөчиртөө бүчүүлж

Хачин яруу ганганаанд нь

Эрхшээгдэж үр олоод


Оюун-сэрэхүйгээ шимүүлэн

Сэтгэлдээ ураглан тээсэн

Охь исгэлэн жимсээ л харин

Орчлонд унагах мод оо.


No comments:

Post a Comment