Monday, November 23, 2009

Нийгмийн толь



"Доз" энтертайнмент студийн захирал жүжигчин найруулагч Ш.Доржсүрэн, жүжигчин А.Мөнгөнзул нартай ярилцлаа.

-Уран бүтээлч гэр бүл байхын сайхан болон бэрхшээлтэй тал нь юу вэ?
Ш.Д:-Ер нь бие биедээ нэмэртэй. Ялангуяа хоёулаа нэг зүйлийн төлөө тэмүүлнэ гэдэг сайхан. Нэг нь бичиж байхад, нөгөөдөх нь унших ч юм уу. Эсвэл гэртээ ирээд хоёулаа зөвлөлдөнө. Харин эхнэр нөхөр хоёр тайзан дээр зэрэг гараад байх нь эвгүй санагддаг. Үзэгчид юу гэж хэлэх бол гэж бодох үе бий. Гэхдээ миний хувьд одоо найруулагчаар ажиллах болсон.

А.М:-Хоёулаа уран бүтээлч гэдэг утгаараа бие биенийгээ ойлгодог. Зарим тохиолдолд өглөө том хүүтэйгээ гурвуулаа зэрэг гараад л орой цуг орно. Нэг хэцүү зүйл нь бусад эцэг эхийн нэгэн адил хүүхдүүддээ цаг зав гаргаж чаддаггүй. Хүүхдүүдийг маань эмээ өвөө нь өсгөж байна. Тийм болохоор аав, ээждээ баярладаг юм. Миний аавыг Амгаланбаатар ээжийг
Цэрэнханд гэдэг. Ээж аавынхаа тэр агуу их тусаар өдий зэрэгтэй явж байна даа.

-Таны найруулсан кинонд эхнэр тань тоглосон байдаг. Уран бүтээл дээр эхнэртээ хэрхэн ханддаг вэ?
Ш.Д:-Ер нь хатуу талдаа гэж хэлж болно. Яагаад гэвэл уран бүтээл дээр гэр бүлийн харьцаа гаргаад байвал ажил явдаггүй. Цуг ажиллана гэдэг бие биедээ тал засахаас шал ондоо асуудал. Бидний хувьд хаана яаж харьцах вэ гэдгээ ярьдаггүй. Бие биенийгээ бүрэн ойлгоод бүгдийг ухамсарлачихсан байгаа.

-Гэр бүлд маргаан гарах үе байдаг. Ихэвчлэн хэн нь буулт хийж байна?
А.М:-Эмэгтэй хүн гэдэг утгаараа би анх бууж өгдөггүй байлаа. Дандаа Дооёо намайг уучилдаг, аргаддаг байсан. Харин сүүлийн үед би бууж өгдөг болсон. Хүн амьдралаас бүхнийг суралцдаг шүү дээ. Нөхрийн маань буруу байсан ч миний хувьд аливаа зүйлд ухаалаг хандахыг хичээдэг. Ер нь эхлээд уучлалт гуйснаар эмэгтэй хүн хэзээ ч буруутдаггүй. Хулчгар, ноомой, эсвэл өөрөө буугаад өгчихсөн юм шиг харагддаггүй.

Амьдралыг зөөлрүүлдэг зүйл нь уучлал юм болов уу гэж боддог. Тэгээд ч миний хань чинь их зөөлөн дөө. Миний хүү яг тийм.

Ш.Д:-Нээрээ бодоод байхад ихэвчлэн эхнэр маань намайг уучилдаг юм байна. Өрхийн тэргүүн гэдэг утгаараа миний үгийг хүндлэхүйц хэмжээнд хүлээж авдаг. Гэхдээ эрэгтэй
хүнд нэг цочир түргэн зан байдаг. Түүнийг минь уучлал, ухаанаараа зөөллөдөг эхнэртэйдээ баярладаг шүү. Миний арын чимээгүй фронтод эхнэр маань сайн гэрийн эзэгтэй байж чаддаг. Хүний амьдралд эрэгтэй, хүн усан онгоцны хошуу байлаа гэхэд эмэгтэй хүн мотор сэнс нь л байдаг шүү дээ.

-Ер нь хэн нь илүү хартай вэ?
А.М:-Дооёо залуудаа хартай байсан. Түүнийг нуугаад яахав. Залуу байхад хэн ч тийм л зантай байдаг шүү дээ. Байгалийн жам юм уу даа. Одоо бид хоёр бие биенийгээ хардаад ч яах вэ дээ. Миний хувьд хоёр хүүхдийг нь гаргаад өгчихлөө. Үргэлжид цугтаа байна. Хардах ямар ч үндэслэл байхгүй. Тэгээд ч хардана гэдэг өөрийгөө л зовоохын нэмэр. Хардана гэдэг хайртайн шинж гэж зарим хүн ярьдаг. Түүнтэй санал нийлдэггүй. Хайрлана гэдэг бол хүнийг хайрлахын л шинж.

-Анх Дооёо ахыг хараад хэрхэн дүгнэж байсан бэ?
А.М:-Хоёр биенээ гэсэн хайр асаад эхлэхээр бүх зүйл нь сайхан санагддаг шүү дээ. Түүнтэй адил ханийн маань уурлах, инээх, гомдох нь надад сайхан байдаг. Дооёод ч гэсэн тэгж санагддаг байх. Анх түүнийг харахад их зөв, хүнлэг хүн шиг бодогдсон. Мөн том шүү дээ гаргаад их инээдэг залуу байлаа. Тэр үед хаанаас ч билээ том шүдтэй хүн сайхан сэтгэлтэй гээд уншчихсан. Түүндээ бат итгэчихсэн байсан шүү. Ямартай ч хань минь надад бусдаас илүү л харагдсан. Тийм болохоор би хайртай болсон байх. Яг юугаараа намайг татсан гэдгийг хэлж мэдэхгүй байна. Дооёод намайг татах нэг л нууцлаг юм байсан.

-Амьдралд хос багана байхын утга учир нь юу вэ?
Ш.Д:-Тооно хоёр баганатай байж л тогтдог. Гэхдээ бас урт богино байвал утгагүй биз дээ. Тийм учраас бие биенийхээ дутууг нөхөж алдаа оноогоо тэнцүүлж явах учиртай юм. Хүний амьдрал тэр чигтээ л сэтгэл байдаг. Нөгөө талаар эхнэр нөхөр болно гэдэг маань маш их хариуцлагын асуудал. Гэр бүл зохионо гэдэг айл гэр болж тоглоно гэсэн үг биш шүү дээ.

А.М:-Ер нь эрэгтэй, эмэгтэй хүн цуг байхгүйгээр амьдрал тогтохгүй. Бурхан гэдэг гайхалтай зүйл энэ зүй тогтлыг бий болгосон. Би бурхан байдаг гэдэгт итгэдэг. Гэхдээ хаана байдгийг мэдэхгүй. Магадгүй миний сэтгэл дотор оюун ухаанд ч юм уу, хаа нэгэн газар байдаг л байх. Эмэгтэй хүнгүйгээр гэр бүлийг төсөөлөхөд нэг л, хүйтэн цэвдэг байдаг. Харин эрэгтэй хүнгүй бол нэг л хоосон байх болов уу.

-Бие биенээсээ авсан хамгийн том бэлэг юу байсан бэ?
А.М:-Хань маань Германд найруулагчийн сургуульд хоёр жил сурч байхдаа нэг ном шахуу том захиа чихэр жимстэй явуулсан. Миний хувьд тэр захиа л хамгийн том бэлэг. Тэр дотор маш их юм бичсэн байдаг. Одоо ч би хадгалдаг. Тэр л надад хамгийн үнэтэй бэлэг санагддаг. Яагаад гэвэл том хүүгээ найман сартай байхад явсан юм. Би дотроо жаахан дургүй байсан. Тэгээд "Миний хань зүгээр ээ, би олон зүйл сурч мэдээд зөндөө олон бэлэг авчирна" гэж хэлээд явсан юм. Яг тэр үед надад тэр хэзээ ч эргэж ирэхгүй юм шиг бодогдож байсан шүү. Онгоцны буудал дээр гаргаж өгөхдөө хол явах гэж байхад нь уйлаад яахав гэж бодоод нулимс унагаагүй. Тэгээд гэртээ ирээд өмсч байсан цамцыг нь хараад зөндөө уйлсан. Дөнгөж нялх биетэй байхад нь нөхөр нь удаан хугацаагаар явахад үнэхээр хаяад явчихаж байгаа юм шиг санагддаг юм билээ. Ямар сайндаа байхгүй байхад нь хэлийг нь ойлгохгүй мөртлөө герман суваг үзээд суудаг байлаа. Тэгэхлээр нөхөртэйгөө ойрхон байгаа юм шиг санагдаж байсан. Гэхдээ нөхөр минь амьдралынхаа төлөө л явсан. Бид алдаагүй.

Ш.Д:-Олон жил амьдарсан хүмүүс хоорондоо их адилхан болдог юм байна. Ярьж байгаа яриа, үйл хөдлөл, үгсийн сан гээд төстэй байгаа биз. /Инээв/ Бид хоёр одоо бараг нэг хүн болсон. Миний хувьд эхнэрээсээ авсан хамгийн том бэлэг гэвэл хоёр үр минь юм шүү дээ.

-Нээрээ охин тань том болж байна уу?
А.М:-Тийм ээ. Охин маань одоо ой гурван cap хүрч байна. Хүүгээ төрөхөд Дооёо миний дэргэд байж чадаагүй харин сая охиноо төрөхөд миний хажууд гарыг минь атгаж байлаа шүү дээ. Тэгээд охиноо төрөхөд уйлтал эмч нар жүжигчид гэж ийм л сэтгэлийн хөдөлгөөнтэй улс байх юм гэж инээж байсан шүү.

Ш.Д:-Манай охин нэгдүгээр төрөхөд төрсөн л дөө. Хүний амьдралд хүн төрнө гэдэг сайхан шүү дээ. Эхнэрийнхээ гараас нь атгаад сууж байхад ямар нэгэн аз жаргалыг авчирахад урьд нь бэрхшээл байлгүй л яахав гэж бодож байсан.

-Анх хүүгээ төрөхөд их сандарсан биз?
Ш.Д:-Тэгэхэд хань маань Эрдэнэтэд төрсөн. Тоглолттой байсан болохоор яалт ч үгүй очих боломж байгаагүй. Хадам аав маань над руу яриад "дөрвөн килограмм, нэг зуун грамм жинтэй хүүтэй боллоо" гэхэд нь өөрийн эрхгүй нулимс унагасан. Тэгээд сая охиноо төрөхөд ямар ч байсан хажууд нь байна гэж хичээсэн. Хань маань над руу залгаад "За одоо төрөх нь байна шүү" гэхээр "За би явлаа, эхнэр төрөх гээд байна" гэж хэлээд л бөөн сүр болно. Тэгээд очихоор өвдөхөө байчихдаг. Долоо, найман удаа тэглээ сүүлдээ бүр эхнэр төрөх гээд байна гэдэг үг үнэ цэнэгүй болж хувирсан шүү. Хамгийн сүүлд очоод эхнэрээ өвдөхөд нь хамт байсан. Үнэхээр хэцүү юм билээ.

-Гэр бүлийн аз жаргалыг юунаас мэдэрдэг вэ?
Ш.Д:-Аз жаргал гэдэг алс хол байдаг зүйл биш. Хүү маань хичээлдээ онц сураад, охин сахилгагүйтээд явж байвал миний аз жаргал болохоос хауст амьдраад, хаммер унаад явна гэдэг аз жаргал биш. Ер нь миний хувьд хүнд сайхан гэсэн сэтгэгдэл төрүүлж байгаа бүхэн жаргал байдаг юм болов уу гэж боддог.

А.М:-Санал нэг байна. Бидний дэргэд л оршдог шүү дээ. Хүний амьдралд хэрэлдэж, муудах зүйл зөндөө л гардаг. Гэтэл хүн хажуудах ханиасаа өөр хүнийг харж чадахгүй болтлоо бие биендээ дасдаг юм байна. Бид хоёр ханилаад 14 жил болж байна. Энэ хугацаанд юу эсийг үзэх вэ дээ. Бурхан хүмүүсийг хосоор нь заяахдаа гараа хөтлөлцөөд энэ амьдралын төлөө зүтгэ гэж хэлдэг байх. Хэрвээ хэн нэг хүнтэй явахгүй бол амьдрал өөрөө доголон байдаг. Тиймээс хосоор амьдрана гэдэг энэ амьдралын хамгийн сайхан учрал тохиол юм болов уу.

-Та хоёрыг хоорондоо адилхан гэдэг юм билээ?
А.М:-Анх Соёл урлагийн их сургуульд шалгалт өгч байлаа. Тэгэхэд Дооёо Кино драмын ангийн гуравдугаар курсийн оюутан байсан. Дооёог "ах аа ахаа" гэж дууддаг. Хүмүүс бид хоёрыг хараад инээх нь хүртэл адилхан юм. Та хоёр ах дүү хоёр уу гэж ярьдаг байсан. Хоёулаа туранхай, онигор нүдтэй гэдэг утгаар нь тэгж боддог байсан байх.

-Хөгжилтэй зүйл зөндөө тохиолдоно биз?
А.М:-Би болзоонд явахдаа хамаг гоё хувцсаа өмсөнө шүү дээ. Дооёо ч гэсэн тэгдэг байсан байх. Нэг өдөр би тэр үед моод болж байсан торон малгай өмчихсөн очлоо. Тэгээд хоёулаа зугаалаад явж байсан чинь салхи гараад хогийн уут нисч ирээд малгайтай маань орооцолдчихдог байгаа. Ямар их ичсэн гэж санана. Тэгээд Дооёо намайг орцонд оруулж өгөөд явсан хойно нь ганцаараа өөрийгөө шоолж зөндөө инээсэн. Жинхэнэ шараа болсон доо. Тэр үед чинь бие биенээсээ санаа зовно, хамаагүй үг хэлж чадахгүй. Жинхэнэ хайр минь халуун байлаа шүү дээ.

-Сүүлийн үед "Доз" энтертайнментаар сонин юу байна?
Ш.Д:-15 минутын дэлгэцийн бүтээл хийж телевизийн киноны фестивальд явуулах гэж байгаа. Мөн шинэ жил гараад циркийн шоу тоглолт зохион байгуулах төлөвлөгөө бий.

No comments:

Post a Comment